“Rio Tinto” зарим бизнесээ худалдаж магадгүй

Мөнгө ба бизнес

“Rio Tinto” групп ирэх гурван жилийн хугацаанд дөрвөн тэрбум орчим ам.доллараар үнэлэгдэх зарим салбар бизнесээ худалдаж магадгүй гэж “UBS” банкны шинжээчид таамаглалаа. Төмрийн хүдрийн зах зээлд тэргүүлэгчдийн нэг тус компани санхүүгийн чадавхиа сайжруулах үүднээс зарим хөрөнгөө худалдахаар төлөвлөж байгаа гэх мэдээлэл өмнө нь гарч байсан удаатай.

“UBS”-ийн таамгаар “Rio Tinto”-д худалдах боломжтой 16 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий бизнесүүд байгаа юм. Үүнээс эхний ээлжинд Австрали дахь нүүрс, хөнгөнцагаан боловсруулах болон очир эрдэнийн бизнесүүдийг хөрөнгө оруулагчдад санал болгож магадгүй гэж шинжээчид таамаглажээ. Энэ оны хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа “Rio Tinto” удахгүй танилцуулах товтой байгаа бөгөөд үүнд Австралийн Пилбара дахь хүдрийн бизнесийнх нь гүйцэтгэл анхаарал татаж байгаа юм.

Тус компанийн ашиг орлогод жин дардаг хүдрийн бизнес, тэр дундаа Пилбара дахь салбарын олборлолт тайлант хугацаанд 83.2 сая тоннд хүрсэн гэж “UBS”- ийн шинжээчид таамагласан байна.


САНАЛ БОЛГОХ