МХБ: 2017 онд анх удаа хувьцааны арилжаа бондын арилжааг давлаа

Мэдээ

2017 оны 12 дугаар сард Монголын Хөрөнгийн биржид 22.1 сая ширхэг үнэт цаас 64.5 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Ингэснээр үнэт цаасны тоо ширхгээр өмнөх сараас 11.9 дахин, үнийн дүнгээр 3.3 дахин өсөөд байгаа юм. Мөн нийт үнийн дүнгийн 79.2 хувийг хувьцааны арилжаа бүрдүүлсэн нь 2017 онд анх удаа бондын арилжааг давсан үзүүлэлт боллоо. Үүнд хэд хэдэн компанийн багцын арилжаа явагдаж, Засгийн газрын бондын анхдагч зах зээлийн арилжаа зогссон нь гол нөлөө үзүүлжээ. Нийт 20 удаагийн арилжаанд 97 компанийн хувьцаа арилжсанаас 32 компанийн хувьцаа өсөж, 52 компанийн хувьцааны ханш унаснаар “Топ 20” болон “MSE All” индексүүд буурсан байна. “Топ 20” индексийн хувьд сарын эхэнд 24 мянга 500 нэгжид хүрээд байсан бол эргэн унаснаар таван сар дараалсан өсөлт зогсож, 20 мянга 700 нэгжид хаагджээ. Энэхүү уналтад гол нөлөө үзүүлсэн компаниудын хувьцааны өөрчлөлтөөс дурдвал “Говь” компанийн хувьцааны ханш 28.8 хувиар, “Монгол шуудан” компанийнх 10.6 хувиар, “Адуунчулуун” болон АПУ компаниудын хувьцааны ханш есөн хувиар унасан байна.

Харин “Жинст Увс” болон “Хүннү менежмент” компаниудын хувьцааны ханш 165-270 хувиар өсөж, өсөлтөөрөө тэргүүлээд байгаа юм. Түүнчлэн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх сараас 2.3 хувиар өсөж, 2.44 их наяд төгрөгт хүрснээр 2017 оны хамгийн дээд цэгтээ хүрээд байна. Үүнд АПУ компанийн зах зээлийн үнэлгээ 176.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлээд байгаа юм. Мөн тус компанийн 5.5 сая ширхэг хувьцааг 4.4 тэрбум төгрөгөөр арилжсанаар тоо ширхэг болон үнийн дүнгээр 12 дугаар сард тэргүүлжээ.



САНАЛ БОЛГОХ