Төрийн харалган шийдвэр иргэдийг зутрааж гүйцлээ

Сурвалжилга


Ганц паспорт авахын тулд өчнөөн цагаар дугаарлан зогсож байгаа нь эмгэнэл

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын (ОӨУБЕГ) Гадаад паспортын хэлтсийн ачаалал он гарснаас хойш буурсангүй. Өглөөнөөс орой хүртэл их хэмжээний ачаалалтай, хүнд байна гэх мэдээллийн мөрөөр тус төвийг зорилоо. Өглөө ажил эхлэхээс өмнө 06.30 цагт биднийг ирэхэд 50 гаруй хүн үүдэнд нь дугаарлан зогсож байв. “Эртхэн ирж зогсохгүй бол бүтэхгүй юм билээ” гэж 50 орчим насны нэгэн эмэгтэй ярив. Түүний урд талд зогсож буй хоёр залуугаас хаанаас, хэдэн цагт ирснийг нь сонирхоход, Сэлэнгэ, Дархан- Уул аймгаас ирсэн гэв. Үүр цайхтай зэрэгцэн 04.00 цагт ирснээр хамгийн эхэнд орох боломж олдсон гэдгээ учирлалаа. Тэд Улаанбаатарт амьдардаг ах дүү нараасаа өглөө эрт ирж дугаарлах шаардлагатай байдгийг сонссон аж. Улсын байгууллагын ажил 08.00 цагт эхэлдэг. Гэтэл ОӨУБЕГ-ын Гадаад паспортын хэлтсийн ажилчид 08.00 цагаас хойш ар араасаа цуварсаар айсуй.

08.30 цаг болоход үүдэнд зогссон гурван цагдаа дугаарласан хүмүүсийг арав, хориор нь таслан оруулж, мал хашиж байгаа аятай уяа татав. Ингээд гурван цаг гаруй дугаарлан зогссоны эцэст арайхийн орох хаалганд дөхөж ирэв. Энэ хугацаанд гадна цугласан хүний тоо бараг 400-д дөхлөө. Гэтэл эдгээр хүмүүс дотогш ороод дахиад л урт дараалалд зогсох нь тэр. Түүгээр ч барахгүй паспортын хураамж төлөхөөр дахин банкны урт дараалалд зогсох шаардлагатай. Эндээс харвал гадаад паспорт авахад бүтэн өдөр ч хүрэлцэхгүй бололтой. Бид 1990-ээд оны хүнд хэцүү үед картын бараанд л ингэж дугаарладаг байж билээ. Харин техник технологи өндөр хөгжсөн, ихэнх үйлчилгээ цахимжсан ийм цаг үед ганц паспорт авахын тулд өчнөөн цаг дугаарлаж байгаа нь эмгэнэл гэлтэй.

08.00 цаг гэхэд гадна цугласан хүний тоо 400-д дөхжээ
Олны дунд “алалцаж” зогсох үед хүмүүс хоорондоо солигдох, эсвэл нэмж ирээд урдуур дайрах гээд бөөн хэрүүл үүсгэх нь энгийн үзэгдэл. Өчнөөн цаг шахалдахын хажуугаар бусдын хэрүүл маргаан сонсох сайхан санагдахгүй нь мэдээж. Бид хэзээ соёлжиж, дарга, сайд нар нь иргэдээ зутраасан асуудлаа хэзээ шийдвэрлэж сурах юм бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Уг нь өнөөдөр хувийн хэвшлийн байгууллага болон банкууд тасалбар олгодог төхөөрөмж суурилуулж, түүгээр нь иргэд олон нийт эмх цэгцтэй үйлчлүүлээд дадчихсан. Гэтэл эднийх 30 жилийн өмнө ямар байсан, яг тэр байдлаараа үйлчилж, иргэдийг залхааж, бухимдуулсан хэвээр. Үүр шөнийн цагаар иргэдийг гадаа дугаарлуулахын оронд цахим хуудсаар дамжуулан үйлчлүүлэгчдээ бүртгэж, дугаар олгох боломжтой баймаарсан уг нь. Олныг зутраасан бүдүүлэг үйлчилгээгээ хэзээ халах, асуудлыг хэрхэн шийдэхээр төлөвлөж байгааг тодруулахаар ОӨУБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгтэй уулзахыг хүссэн боловч яриа өгөх нь байтугай аашилж загнаад халгаасангүй. Харин Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Дашням “Гадаад паспорт захиалах иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байна. Ийм байхад ачааллыг нь бууруулах үүднээс байрыг нь томруулж, ажилчдынх нь орон тоог нэмэх хэрэгтэй. Иргэний бүртгэл мэдээллийн төвийн энэ байр 80-аад хүний багтаамжтай боловч өдөрт дунджаар 800 хүн үйлчлүүлж байна. Байгууллагын ажилчид бүхий л боломжоороо ажиллаж байгаа. Манай бүртгэлийн нэг ажилтан өдөрт доод тал нь 80-90 хүн бүртгэдэг. Хүн хүч дутагдалтай байна. Иргэд эртнээс цаг хугацаагаа бодолцож байгаад бусад үйлчилгээний нэгдсэн цэгт гадаад паспортаа энгийнээр захиалах боломжтой. Гэтэл заавал цагийг нь тулгаж аливаа зүйлд хандах юм. Энэ нь эргээд өөрсдөд нь, бидэнд ч маш их ачаалал болж байна” гэв.

Түүний ярианаас үзвэл үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл “алалцаж” байж сая нэг гадаад паспорт авч буй нь иргэд ажлаа төлөвлөж чаддаггүйтэй холбоотой болж таарах нь. Энэ нь ч үнэн. Гэхдээ энэ байдлын цорын ганц буруутан нь иргэдийн салан задгай байдал гэвэл өрөөсгөл. Тус төв үеийн үед ачаалал ихтэй байсан. Харин хариуцсан дарга нар нь асуудлаа шийдэх гарц хайхын оронд иргэдэд буруугаа чихээд сууж байгаа нь харамсалтай санагдаж байв. ОӨУБЕГ хэмээх энэ том байгууллага иргэдийн төлсөн төлбөрийг юунд зарцуулж, тус газрыг хэрхэн хөгжүүлэв. Харамсалтай нь, тус байгуулгад хийгдсэн дорвитой шинэчлэл алга. Харин ажлаа цалгардуулах, улам түвэгтэй болгох аргыг л эрэлхийлдэг гэлтэй. Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй гэдэг шиг ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү суудлаасаа бууж байгаа нь ч энэ байдалтай нь холбоотой байх. Тус байгууллагын эрх мэдэлтнүүдийн гаргаж буй гадаад паспортын сунгалт хийхгүй заавал шинээр авах ёстой гэсэн шийдвэр ачааллыг улам нэмэгдүүлж, иргэдэд асар их чирэгдэл учруулж байгааг зохицуулах цаг хэдийнэ болсон. “Ухаангүй ноён”-ы удирдаж байсан газрыг сэвхийтэл босгох сүйхээтэй, чадалтай эрхмийг иргэд хүлээж байна.



ЗГМ: НЭГ АСУУЛТ


-Та өглөө хэдэн цагт ирсэн бэ. Гадаад паспорт авах нь чирэгдэл учруулж байна уу?

Иргэн Ш.Баттөр:
Би өглөө 07.30 цагт ирсэн. Улсын байгууллагаар үйлчлүүлэх асуудалтай болжээ. Нэг газар нь дугаарлаж зогссоор ороход тэр банкинд тэдэн төгрөг тушаа гээд явуулчихна. Эсвэл тийм бичиг баримт авчир гээд буцаана. Нэг бичиг баримт хөөцөлдөх гэж хэдэн өдрийг барах юм. Явж явж ирээд бичиг баримтаа өгөх гэхээр цайны цаг гээд уурлаад босоод явчихна. Эсвэл дотуур ажилтай гэх мэт шалтаг тоочоод алга болчихно. Их л хүнд сурталтай газар юм. Өглөө эрт дугаарлуулдаггүй, хурдан шуурхай үйлчилгээтэй болчихвол хэн хүнгүй л хэрэгтэй байна. Иргэн Ч.Баянхүү: Завхан аймгаас хүүхэдтэйгээ хамт ирсэн. Өглөө 06.00 цагт ирлээ. Хоёр дахь өдрөө дугаарлаж байна. Өмнөх өдөр найман цаг өнгөрөөд ирсэн чинь орж чадалгүй буцсан. Харин өнөөдөр зориуд эрт ирж байж бичиг баримтаа хурдан өгөөд гарч байна. Хүүхэдтэйгээ ирэхгүй бол хөгшин хүний барах зүйл биш байна. Хөл өвдөөд, даараад хэрэг алга. Дотор нь ороод зогсъё гэхээр оруулахгүй, хэцүү газар байна.

Иргэн А.Ариунболд:
Гадаад паспорт захиалахаар үүрийн 04.00 цагт ирсэн. Машинтай ирсэн тулдаа л тэвчлээ. Гадаа сэрүүхэнд тав, зургаан цаг зогсоно гэдэг үнэхээр чанга санагдаж байна. Хоёулаа ирсэн болохоор нэг нэгээрээ ээлжлээд л зогслоо. Ганцаараа ирсэн бол суух ч газаргүй, цоожтой хаалга онгойхыг хүлээнэ гэдэг асуудалтай л юм. Бид ч яахав залуу хүмүүс дугаарлаж зогсоод байж болно. Харин хөгшин настай, хүүхэдтэй хүмүүст бүр л хэцүү байгаа. Иймээс үйлчилгээндээ анхаарах хэрэгтэй байх.

САНАЛ БОЛГОХ