51 тонн айргаар нийслэлчүүдийн “цангааг тайлав”
Айргийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна Бямба гарагийн амралтын өдрөөр тусгаар тогтнолын талбайд дөхөж очих төдийд л хөхүүртэй айргийн үнэр хамар цоргиж, “Айргийн амт нь чимчигнэсэн алтан намрын өнгө юм аа”....гэх дуу аманд орж ирэв. Айргийн сайхнаараа гайхагддаг булган аймгийнхан брэнд бүтээгдэхүүний баярыг хийж буй нь тэр аж. Айргийн баярыг булган аймгийн ЗДТГ, БОАЖЯ-тай хамтран зохион байгуулж буй бөгөөд орон нутгийн малчид айргаа газар дээр нь амтлуулж, борлуулж буйд иргэд ихээхэн талархалтай хандаж байв. “Өргөтгөсөн худалдаанаас айраг авч буй иргэд “Булганы айраг гээд янз бүрийн л зүйл зардаг. Жил бүр ийм арга хэмжээ болж байвал иргэдэд хэрэгтэй юм. Гэхдээ үнийн хувьд бага зэрэг хямдруулбал зүгээр” гэх зэргээр саналаа хэлж байлаа. Айраг литр нь 6000-7000 төгрөгийн үнэтэй байв. Айргийн баяр хийнэ гэдэг нь орон нутгийнхан айргаа зарах, хотынхон худалдаж авах, уухын нэр биш. Нутаг усны ах дүүстэйгээ уулзах, жижиг дунд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа сурталчлах, үндэсний өв соёлоо түгээх, нийтэд дэлгэрүүлэх, хольцгүй, цэвэр органик айргийг хөхүүрээс нь авах боломжийг олгосноороо тус арга хэмжээ онцлогтой болж байлаа. Сайхан, Могод, Баян-Агт, Хангал, Дашинчилэн, Тэшиг, Хишиг-Өндөр, Орхон гэхчлэн олон сумын төлөөлөл оролцож айргаа борлуулснаас гадна иргэд тус сумдын барьсан гэрээр зочилж үнэгүй айраг амтлах боломжтой байв. Сайхан сумын Нэгдүгээр багийн малчин М.Төмөрхуяг айргийн баярт оролцохоор нэг тонн айрагтай ирсэн бөгөөд “Одоогоор 600 литрийг зараад байна. Манай Сайхан мөн Могодын айраг Булгандаа хамгийн алдартай нь. Малчдад төдийгүй иргэдэд хэрэгтэй сайхан арга хэмжээ болж байна. Жил бүр зохион байгуулж, нутгийнхаа брэнд бүтээгдэхүүнийг сурталчлаасай” хэмээн ярив. Айргийн баярт малчдаас гадна үндэсний үйлдвэрлэгчид оролцож, бүтээгдэхүүнээ сурталчилж байсныг онцлох нь зүйтэй. 500 грамм болон хоёр литрийн савлагаатай “Хөх-Үүр” брэндийн айраг тус арга хэмжээний үеэр борлуулагдсан бөгөөд жилийн дөрвөн улирлын турш худалдан авах боломжтой аж. “Айраг өөрөө уушгины өвчлөл болон хүний биеийн дархлааг дэмжих чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн учраас бид бүтээгдэхүүнээ жилийн дөрвөн улирлын турш нийслэлийнхээ иргэдэд хүргэхээр ажиллаж байна. Амт чанар болон хадгалалтын стандарт хангасан бүтээгдэхүүнээ Монголынхоо зах зээлд цаашилбал дэлхийн зах зээлд гаргах зорилготой” хэмээн тус брэндийн үүсгэн байгуулагчид ярьж байлаа. Өв соёл, уламжлалт ахуйгаасаа төсөөрсөн нийслэлийн иргэд Дэмбээ болон шагайн наадгайгаар наадаж, айраг цагаа амтлахаас гадна урлагийн тоглолт үзэж сонирхох, дуудлага худалдаа тоглоом наадгай, тэмцээнд оролцох гэхчлэн үзэж харах зүйл ихтэй, зохион байгуулалттай арга хэмжээ болж байлаа. “Айраг хэн сайн уух вэ”, “Айрганд хуруудъя”, “Дэмбээ” зэрэг тэмцээнүүд хурсан олныг багагүй хөгжөөж байв. Айраг хэн сайн уух вэ тэмцээнд Булган аймгийн Могод сумын уугуул Б.Даржаа түрүүлж хоёр литрийн хултай айргийг 33 секундэд уусан юм. Соёлын өвийн үзэсгэлэнд есөн үхрийн арьс элдэж хийсэн битүү гөрмөл сур, цэвэр мөнгөн хутгуур, мөнгөн ваар, иж бүрэн тоногтой мөнгөн эмээл, хөхүүр гэх мэтчилэн үндэсний уламжлалт бүтээлүүд дэлгэж, иргэд дуудлага худалдаагаар үнэ хаялцаж байв. “Манай булган аймаг хэзээнээс айргаараа алдартай. БОАЖЯ-тай хамтраад айргаа алдаршуулах, хэрэглээг нь өргөжүүлэх, өв соёлоо түгээх зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Иргэд Булганы айргийг хямд үнээр худалдаж авах, нөөцлөх боломжтой. Мөн 5000 төгрөг төлөөд 30 минутын турш хязгааргүй айраг уух боломж бий. Айргийн соёлтой холбоотой эд эдлэл, соёлын өвүүдийн үзэсгэлэн худалдаа болохоос гадна найрлах дэг ёс, Дэмбээдэх гэх мэт уламжлалт зан заншлаа сурталчлах арга хэмжээ болж байна. Бид цаашилбал дөрвөн сумын уулзварт орших Өрмийн цагаан нуурт айргийн томоохон баярыг жил бүр зохион байгуулах төлөвлөгөөтэй байна” хэмээн Булган аймгийн Засаг дарга З.Батзориг тус арга хэмжээний ач холбогдол, цаашдын төлөвлөгөөнийхөө талаар онцоллоо. Айргийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр зорьж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд БОАЖЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлээс энэ талаар тодруулга авлаа. -Айргийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу? -Айраг гэх энэ идээ монголчуудын түүхэн уламж лалыг шингээсэн, бие организмд үзүүлэх ач тус нь өндөр бүтээгдэхүүн. Тийм ч учраас энэ арга хэмжээг булган аймагтай хамтран зохион байгуулж байна. Айргийг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажил олон жилийн өмнөөс яригдаж байгаа. ЮНЕСКО-гийн Өвийн бүртгэлийн холбогдох албанд айргийн түүхэн замнал, шинж чанарын талаар мэдээ мэдээлэл, кино зэргийг илгээсэн. Миний бие Ё.Баатарбилэг сайдын хамт арваннэгдүгээр сарын 15-нд Колумбд болох ЮНЕСКО-гийн хуралд явах гэж байна. Энэ үеэр айргийг соёлын өвд бүртгэх болов уу гэж таамаглаж байгаа. Жил бүр тодорхой бүс нутагт айраг ууж, баярладаг, хийх арга барил, ахуй соёлтой нь танилцдаг томоохон фестиваль хийдэг болох зорилт дэвшүүлэн, яамнаас энэ чиглэлээр бодлого баримтлан ажиллаж байна. Дэлхий дээр шар айргаараа алдартай Герман, Польш зэрэг орнууд шар айрагны фестиваль тогтмол зохион байгуулж, жил бүр зургаан сая гаруй хүн очдог. Бид ч бас айргаа соёлын өвд бүртгүүлж, цэвэр байгалийн гаралтай, экологид хор хохиролгүй, хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн гэдэг утгаар нь алдаршуулж, энэ арга хэмжээг бодлогоор дэмжээд явж байна. -Булганы айраг бусад газрынхаас амт чанарын хувьд илүү байгаа нь ямар учиртай вэ. Тусгай арга технологи, жор гэж бий юу? -Нутаг орны байгаль орчны тогтоц, өвс ургамлын амт чанар гэж байна. Бас айраг хийж байгаа айл өрхийн арга ажиллагаанд учир бий. Аав, ээж маань айраг хийх арга барилаараа “тосон торлог” Цэгмидийнхэн гэж нутаг усандаа алдартай байлаа. Арван мянга бүлнэ гэдэг чинь суга ханзрахын дайны ажил. Хүүхэд байхад тэр ажлаас л зугтаадаг байлаа.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй