Хятадын дижитал юань хэрэглээнд гарах дөхсөөр

Зах зээл

Хятадын онлайн төлбөрийн үйлдвэрлэлд ноёрхогч дижитал санхүүгийн эзэнт гүрэн байгуулсан Жэк Ма, Пони Ма нарт нэгэн хүчирхэг өрсөлдөгч заналхийлэх болсон нь БНХАУ-ын төв банк юм. Юанийн цахим хувилбар удахгүй гаргах төлөвлөгөөтэй хятадын Ардын банк нь үндэсний дижитал валют бүхий дэлхийн анхны гол төв банк болж болзошгүй. Энэхүү төлөвлөгөө хэрэгжих аваас 27 их наяд ам.доллараар хэмжигддэг хятадын онлайн төлбөрийн зах зээлд Ant Financial-ын Alipay, Ten cent holdings Ltd-гийн WeChat Pay-г тулаанд дуудсан хэрэг болно. Ухаалаг утсанд суурилсан цахим төлбөр хятадад хаа сайгүй нийтлэг. Автобусанд суухаас авхуулаад дөхөм дэлгүүрээр үйлчлүүлэх, хүнсний захаас ногоо авах хүртэлх төлбөр тооцооны 94 хувийг хоёрхон компани гартаа атгадаг. Ши жиньпиний удирдлага доорх хятад улсын амин чухал үйлдвэрлэлд хувийн салбар ноёлох нь ховор үзэгдэл бөгөөд цаашид технологийн аваргуудад хүнд цаг үе тулгарч тун болзошгүй. Төв банкны дэмжлэгтэй дижитал түрийвч хэрэглээнд нэвтрэх нь Ant, Tencent хоёрын бизнесийн цохилох зүрх болсон төлбөрийн үйлчилгээнд ноцтой хохирол учруулах аюултай. “Хувийн компаниуд улс орны санхүүгийн тогтолцооны үндэс төлбөрийн салбарт ноёрхохыг зүгээр хараад сууж болохгүй учраас төв банк алдагдсан эрх мэдлээ эргүүлэн авах гэж буй хэрэг” хэмээн Шанхайд төвтэй санхүүгийн судалгааны Wisburg фирмийг үндэслэгч Жу Чэнь тайлбарлав. Хятадын Ардын банк тус улсын төлбөрийн бизнесийн гуравны нэгийг гартаа оруулж чадна хэмээн үздэг тэрбээр “WeChat, Alipay томоохон цохилтод өртөх аюултай”-г анхаарууллаа. Дижитал юань одоогийн бизнест хэр аюул учруулах, хятадын хэрэглэгч нар шинэ төлбөрийн хэрэгслийг хүлээн авах уу, аль эсвэл албан шаардлагаар нэвтрүүлэх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй. Дижитал юаньтай холбогдуулан дээрх хоёр хувийн компанийн удирдлага нийтэд ил тод тайлбар хэлээгүй ч Ant Financial зохицуулах байгууллагатай уг асуудлаар хамтран ажиллаж байна. Эрх баригч албаны хүмүүсийн ярианаас үзвэл хятадын Ардын банк ч дижитал юань гаргах нарийвчилсан тов, төлөвлөгөөгөө танилцуулаагүй байгаа. Хэрэглэгч, бизнесийнхэн ухаалаг утсандаа дижитал түрийвч татан суулгаж, ATM-ээр үйлчлүүлдэгтэй нэгэн адилаар арилжааны банканд нээлгэсэн данснаасаа токен авч байх юм. Авсан токеноо бэлэн мөнгөний адилаар төлбөр тооцоонд ашиглаж явна. Энэ тогтолцоо нь банкны данснаас дебет, кредит картын хэлбэрээр гүйлгээ боловсруулдаг одоогийн мобайл төлбөрийн функцээс нэлээн ялгаатай. Гэхдээ төрийн токен хэрэглээ болж чадах тохиолдолд хятадын зохицуулах байгууллагууд улс орныхоо мөнгөний нийлүүлэлтийг одоогийнхоос илүү хянах боломж бүрдэнэ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний мобайл төлбөр нь БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 16 хувь болдог. Тэгвэл кредит картын төлбөр нийтлэг АНУ, Их Британид уг үзүүлэлт нэг хувь ч хүрдэггүй. БНХАУ хэрэг дээрээ бэлэн мөнгө хэрэглэдэггүй улс болж хувирсаар байгаатай уялдан эрх баригчид улс орны санхүүгийн слесарийн үүрэг гүйцэтгэгч компаниудыг анхаарч эхэллээ. “Технологийн эдгээр аварга компани биднийг өрсөлдөөнд уриалан дуудахын зэрэгцээ санхүүгийн эрсдэлд түлхэж байна” хэмээн БНХАУ-ын төв банкны тэргүүн И-Ган энэ оны эхээр хэвлэлийн хурал дээр тайлбарлаж байв. “Энэ өрсөлдөөнд ялагч бүгдийг хүртэн монопол болж байгаа болохоор эрсдэл мөн” гэж тэрбээр хэлсэн юм. Зарим улс тодорхой зорилготойгоор дижитал нэвтрүүлэх гэж байгаа бол үлдсэн хэсэг нь харзнах бодлого баримталж байна. Хятадын зохицуулах байгууллагууд төлбөр тооцоог стратегийн амин чухал ач холбогдолтойд тооцож байгаа л бол зах зээлийн ядаж гуравны нэгийг хяналтдаа авч таарна хэмээн жу өгүүлж байлаа. Нийт хэрэглэгчийг хамарсан төлбөрийн функцтэй байхын чухлыг ойлгосон Tencent, Alipay хоёр зах зээлд ялагч болохын төлөө уг салбарт олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулах сонирхолтой. Нийтээр хэрэглэж заншсан одоогийн хүчирхэг тогтолцоог өөрчлөх нь амар ажил биш. Хятад хэрэглэгч банкны картаа аппликэйшнтэй холбож өдөр тутмын төлбөр тооцоо хийхэд ашигласаар олон жил болсон. Alipay, WeChat Pay нь БНХАУ-д тус бүрдээ 900 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй. Мөнгө угаах явдалтай тэмцэх хүрээнд бэлэн мөнгийг дижитал токеноор орлуулах нь ажил хэргийн харьцангуй хялбар тал. Хүнд тал нь болох төлбөр тооцооны зах зээлээс өөрийн гэсэн хувиа эргүүлэн авахын тулд худалдаачид дижитал токентой шууд харьцах өөрийн гэсэн сүлжээ үүсгэх хэрэг гарна. Үүний тулд асар их ажил хийх шаардлагатайг River Pay компанийг үндэслэгч Райан Жэн тайлбарласан юм. River-Pay нь Alipay, WeChat Pay-г худалдаачидтай холбож өгөхөд туслах ажил эрхэлдэг.






САНАЛ БОЛГОХ