Саарал жагсаалт, ханшийн уналтыг өрөөлөөс бус өөрсдөөсөө асуу, гишүүд ээ!
Сурвалжилга
Мөнгө угаах гэмт хэргийн талаарх УИХ-ын гишүүдийн мэдлэг, мэдээлэл сул байна Нүд нь орой дээрээ гарсан FAtF-ийн төлөөлөгчид сэтгэл дундуурхан Монголоос буцсан нь ердөө саяхан Хамгийн өндөр ёс зүй шаардаж байдаг төрийн нөлөө бүхий эрх мэдэлтэй УИХ-ын гишүүний нэрс хэд хэдээрээ энд яригдсан нь FATF-ийн хажуугаар өнгөрөөгүй нь лавтай Дэлхий нийтээр цахим хэрэглээ хавтгайрч, хаана мөнгө угаахтай холбоотой сэжиг бүхий мэдээлэл гарсныг олон улсын байгууллагууд хүртэл анаж байдаг болжээ Шударга ёсыг тунхаглаж буй Засгийн газар УИХ-ын гишүүдэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас дур мэдэн хууль бусаар зээл олгосон нь, түүнчлэн сангийн мөнгийг шударга бусаар олж авсан гишүүд өнөөдөр УИХ-д саарал жагсаалт ярьж байгаа нь ёс зүйд чухам нийцэх үү... УИХ-ын дарга долоо хоногийн өмнө өөрийн мэдлийн хоёр байгууллагын удирдлагад хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Энэ нь төв банк, санхүүгийн зохицуулах хороо байлаа. Албан өрөөндөө заримыг нь дуудан уулзаж, саарал жагсаалт руу орсны гол буруутан гэж өнөө хоёроо цоллох нь холгүй гараа зангидсан хэвээр ширээ тулан жигтэйхэн дөвчигнөв. Байх л зангараг энэ биз. Нөгөө талдаа өөрийн сүр хүчээ үзүүлэх бас олон нийтэд “би байгаа шүү...” гэж парламентын спикер үүгээр мэдэгдээд авлаа. Сонгууль ирэх онд тохиох учраас түүний хувьд энэ нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа тодрох, товойх нэг боломж юм. Хэдий тийм боловч нийгэм жинхэнэ буруутныг одоо л асуудал мандсан дээр олж зарлаасай, тэдэнд ямар нэгэн ёс зүйн хариуцлага, шийтгэл хүлээлгэх ёстой хэмээн үзэж байлаа. Гэвч өнөөдрийг хүртэл ийм зүйл огт болсонгүй. Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын төлөөлөл манай улсад удаа дараа ирж ажилласан. Тэдний зүгээс хууль тогтоох УИХ-ын гишүүдийн зарим нь мөнгө угаах гэмт хэргийн талаар хангалттай ойлголттой биш, энэ тухай мэдлэг, мэдээлэл туйлын хомс байгааг өөрсдийн бэлтгэсэн тайландаа жич дурдсан байдаг. Ийм атлаа мөнгө угаах гэмт хэргийн хор уршиг, түүний сөрөг үр дагаврыг үл тоох, зөвхөн өөрсдийн олон улсын картаа гадаадад ашиглаж болохгүй байна гэж гомдол мэдүүлэх хэмжээнд “томрох” нь дээрх байгууллагын ханд жигтэй сонин байжээ. Нүд нь орой дээрээ гарсан FATF-ийн төлөөлөгчид сэтгэл дундуурхан Монголоос буцсан нь ердөө саяхны үйл явдал. Хамгийн ноцтой нь, УИХ-ын гишүүд мөнгө угаасан байж болзошгүй гэсэн таамаг нийгэм даяар жил дамнан давалгаалж, хууль, шүүхийн байгууллагынхан хэд хэдэн гишүүнийг албадан шалгаж эхэлсэн. Хамгийн өндөр ёс зүй шаарддаг төрийн нөлөө бүхий эрх мэдэлтэй УИХ-ын гишүүний нэрс хэд хэдээрээ энд яригдсан нь FATF-ийн хажуугаар зүгээр ч нэг өнгөрөөгүй нь лавтай. Монголд өрнөж буй улс төр, бизнесийн дуулиан, шуугиан болгон тэдний хараанд өртөж байдаг. Та бидний өргөн ашиглаж буй цахим платформ болох Facebook хамгийн том мэдээлэл дамжуулагч, мэдээлэл авч болох хэрэгслийн нэг гэвэл итгэх үү. Үүнийг ч тэд өөрсдийн ажилд өргөн ашиглаж ирсэн тухайгаа хурлын үеэр мэдэгджээ. Дэлхий нийтээр цахим хэрэглээ хавтгайрч, хаана мөнгө угаахтай холбоотой сэжиг бүхий мэдээлэл гарсныг олон улсын байгууллагууд ажигладаг болжээ. Гишүүд яагаад мөнгө угаасан байж болзошгүй вэ. Үүний шалтгаан нь, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл. Нийгэм үүнийг мартаагүй, нийтээрээ энэ “булхай”-г мэдсэн нь хуучраагүй. Уг зээлийн сан хамаарах салбарын яамны сайд асны хэрэг одоо шүүхэд шилжээд байгаа. Ажлын байр олноор бий болгох, улмаар ажилгүйдлийг бууруулах, баялаг бүтээх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, үйлдвэрлэхээр зорьж байгаа иргэд, аж ахуйн нэгжид хүрэх учиртай мөнгө эрх мэдлийн төвд, мэдээлэлд хамгийн ойр байгаа УИХ-ын нэр бүхий гишүүдийн халаас руу орсон нь саяхны явдал. Тэд ямар нэгэн шалгуургүй уг зээлийг авч чадсан нь олон хүний итгэлийг өнөөдрийн Засгийн газар, УИХ, эрх баригч нам алдахад хүрсэн. Шударга ёс хамгийн их ярьдаг, ард түмний итгэл найдвар болсон “арай үгүй байлгүй дээ” гэмээр гишүүд хүртэл энэ дунд цохиж явсан нь урам хугалсан. Эцсийн дүндээ, нийтийн боломжийг нэг хэсэг бүлэг эрх мэдэлтэн өмнөөс нь булаасанд олон нийт ихээхэн дургүйцэж, зээл авсан гишүүд ард түмний хорхойтой араанд зуулгасан. Дахин улс төрийн тавцанд тэд гарч ирж чадахгүй болтлоо бараг өөрсдийн нэр хүндээ зээлтэй хамт барсан билээ. Өөрөөр хэлбэл, сонгогчдынхоо боломжийг дундаас нь шүүрсэн гишүүдийн цөөнгүй нь санхүүгийн салбарт, тодруулбал, хамгийн өндөр хүүтэй, хугацаа богино, иргэдийг өрийн дарамтад унагаж буй банк бусын бизнес эрхэлж, банк бус санхүүгийн байгууллагын нууц “ноёнтон” гэгдэж явна. Нэг гишүүн ойролцоогоор, 950 сая хүртэлх төгрөгийн зээл авсан нь хожим ил цагаан болсон билээ. Монгол улс саарал жагсаалт руу ороход ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас эрх мэдлээ ашиглан зээл авсан гишүүд буруутай юм биш үү, тэд маш бага хүүтэй, зээлийн зориулалт нь тэс ондоо мөнгөө өөрсдийн банк бус санхүүгийн байгууллагаар эсвэл өөр бизнесээр дамжуулан угаасан байх өндөр магадлалтай гэсэн хардлага нийгмийн цахим сүлжээгээр хөвөрч байна. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш огцом чангарч байгааг, ханш ингэж өсөхөд хэн бас нөлөөлөв гэж зарим гишүүн мөнгөний бодлогын хэлэлцүүлгийн үеэр асууж харагдсан. Олон шалтгаан бий. Тэдгээрийн нэг нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан УИХ-ын нэр ус нь тодорхой гишүүдийн өнөө их мөнгө захад доргилт үзүүлэв үү гэсэн хардлага бас байна. Энэ асуулт мөн л хариулт нэхэж байна. Шударга ёсыг тунхаглаж буй Засгийн газар УИХ-ын гишүүдэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас дур мэдэн хууль бусаар зээл олгосон нь, түүнчлэн сангийн мөнгийг шударга бусаар олж авсан гишүүд өнөөдөр УИХ-д саарал жагсаалт ярьж байгаа нь ёс зүйд нийцэх үү. Ийм улстөрчидтэй орон саарал жагсаалтад орох нь магадгүй наад захын хэрэг байх. УИХ-ын гишүүд ЖДҮ-тэй холбогдохтой зэрэгцээд энэ онд банк бус санхүүгийн байгууллагын салбарт урьд хожид байгаагүй тэлэлт бий болж, ашиг нь хэд дахин үржсэн билээ. Үүнд бодлогын эерэг нөлөө тусгалаа олсон нь бий. Гэхдээ хардлага төрүүлэх сангийн мөнгө банк бусаар дамжин мөнгө хүүлэлтийн хэрэгсэл болсон уу гэсэн асуулт хариулт нэхнэ. Санхүүгийн зохицуулах хорооны албан мэдээллээр, банк бусын нийт хөрөнгө энэ он гарснаас хойш 40 гаруй хувиар өссөн. Тухайлбал, 2016 оны хоёр дугаар улиралтай харьцуулахад ББСБ-ын хөрөнгийн хэмжээ 2.3 дахин нэмэгдэж, 1.5 их наяд төгрөгт хүрсэн билээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй