Саарлаас салах уу, эсвэл харлах уу
Нийтлэл
Монгол улс FATF-ийн саарал жагсаалтын хяналтын хэсэгт орлоо. Үүний сайн тал нь FATF-ийн зөвлөмжийг ягштал биелүүлж чадвал маш ахархан хугацаанд жагсаалтаас гарах боломжтой. Муу тал нь тусгайлан өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй бол бас л ахархан хугацаанд хар жагсаалт руу гулсах эрсдэлтэй, ийм л юм. Саарал жагсаалтын талаар ярихгүй ч хүнгүй боллоо, гэхдээ ойлголтын зөрүү маш их байна. Мөнгө угаах гэмт хэрэг дээр нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй байгаа учраас ял шийтгэлээ хүртэл оноож чадахгүй удаж байна. Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулсан гэх боловч тэр нь FATF-ийн шаардлагыг хангахгүй байна! FATF-ийн ард их долоо (G7), нарийндаа бол дэлхийн улс төрийн бодлогын багана зогсоод байгааг тултал ухаж ойлгохгүй байна. Зарим нь бүр “сүртэй ч юм биш” гэх нь холгүй байна. Дэлхийн тэргүүлэх гүрнүүд Монгол улсыг заналт дайснаа гэж үзэж байна. Учир нь мөнгө угаалгатай зориудаар тэмцэхгүй байгаа нь их долоогийн нэгдмэл эрх ашигт заналхийлэл учруулж, тэдний дургүйцэл зэвүүцлийг хүргэж байна. Хоёр хөрш маань ч тааламжгүй байгаa. Иж бүрэн түншлэлийн гэрээтэй орнууд хүртэл нүүр буруулаад эхэллээ! Монгол улс дэлхийн хамгийн “адгийн шаар” орон болж, адлагдан хоцров. Дэлхийн тэргүүлэх орнууд “мөнгө угаалга бол эх орноос урвасан хэрэг” гэсэн үзэл баримтлал дээр нэгдсэн, үүнийгээ дэлхийн хамгийн том дээд хэмжээний чуулга уулзалтаар тунхагласан. Тэгвэл саарал жагсаалтад орох үндэслэлийн хамгийн ноцтой нь болох оффшор бүсэд данс эзэмшиж, тэндээс ашиг хүртэгчид буюу бенефициаруудын эсрэг дэлхий нийтээр жигшин, тэмцэх үйл явцын талаар дахин сануулъя. Оффшорчид бол урвагчид Оффшор бүсэд данс эзэмшигчид бол дансандаа “тэг” мөнгөтэй байсан ч ялгаагүй, үндсэндээ эх орноосоо урвагчид мөн. Лондоны дээд хэмжээний уулзалтаас ийм дүгнэлт хийсэн юм. Уулзалт хийх санаачилгыг их британийн ерөнхий сайд асан Дэвид Камерон гаргасан. Энэ нь “Панамын баримт бичиг” хэмээн нэрлээд буй Mossack Fonseca хуулийн фирмийн оффшор бүсийн нууц баримт ил болж, түүнээс гарах улс төрийн үр дагавартай холбоотой байхыг үгүйсгэх аргагүй. Оффшор бүсэд компанитай, хувь оролцоотой төрийн албан хаагчдыг татвараас зайлхийсэн төдийхөн хэмжээнд харж, ярих нь туйлийн хариуцлагагүй бөгөөд алдаатай үзэл баримтлал юм байна. Ихэнх орнууд тэднийг гэмт хэрэгтэн хэмээн шууд баривчилж, зарим улсад бүр эрүү үүсгэн цаазлан хороох ял тулгаж байна. Эх орноосоо урвагчид гэж үзэх нь хэтрүүлэг биш, радикал үзэл бодол ч биш, далд эдийн засгийн ноцтой аюул, заналхийллээс үүдсэн эцсийн гаргалгаа, буурьтай дүгнэлт ажээ. Ийм дүгнэлт мэдээж маргаан дагуулна. Тиймээс юуны өмнө оффшор гэж юу вэ гэдгийг мэргэжлийн үүднээс тайлбарлах хэрэгтэй. Хэлбэрийн хувьд аль болохоор улс төржүүлэхгүй, агуулгыг тодорхой хүн, хэсэг бүлэгт чиглүүлэн хандуулахгүй, гагцхүү нүцгэн үнэнийг хэлэхийг хичээлээ. Гэхдээ, эх орноосоо урвагчид гэдэг “цол” бизнесмэнүүд руу биш, төрийн албан хаагчид, тангараг өргөсөн улстөрчид рүү чиглэгдэж байгаа болохоор ямар нэг утгаар улс төртэй гарцаагүй холбогдох л учиртай юм шиг байна. Эхлээд, дээд хэмжээний уулзалт дээр тэргүүлэх гүрнүүдийн төрийн чухал албаны хүмүүсийн хэлсэн үгнээс товч сийрүүлэн мэдээлье. Бас сэдэвтэй холбогдолтой мэргэжлийн ганц нэг индекстерм (түлхүүр үг)д чадах ядахаараа тайлбар өгөхийг зорив. Лондоны дээд хэмжээний уулзалтад лидерүүд юу хэлэв Дэлхийн 40 гаруй орны төрийн тэргүүн, тэдний бие төлөөлөгчдийн дээд хэмжээний уулзалт 2016 оны тавдугаар сард Лондон хотноо болж авлигын асуудлыг буурьтай авч хэлэлцсэн юм. Урьд нь авлигын асуудлаар хийж байсан форумуудаас ялгаатай нь гэвэл энэ саммитын тунхаглалыг хэрэгжүүлэх ажилд шууд ханцуй шамлан орцгоож, нэлээд орны төлөөлөгчид оффшор дансны ашиг хүртэгчдийг (бенефициар) нээлттэй зарлаж, санхүүгийн үйл ажиллагааг тунгалаг (шилэн) болгоно гэж амлан, мэдэгдэл хийсэнд оршино. Мөнгө угаалга (money laundering), хээл хахууль, бенефициарын довтолгоо, төрийн наймаа, тунгалаг санхүү гэсэн сэдвүүдийг саммит дээр хэлэлцэж, салбар хуралдаанууд, хэсэгчилсэн зөвөлгөөнүүдийн орчинд оффшорын асуудлыг гүнзгийрүүлэн дахин ярилцжээ. Оффшорын асуудалд басамжлах, утга агуулгыг нь үнэгүйдүүлэх маягаар хандаж ирснээр дэлхийг бүхэлд нь, ялангуяа жижиг улсуудын эдийн засгийг сүйрүүлэх аюулд хүргэж байгааг хуралдаанд онцолж, тоо, баримтаар нотолсон. Жил бүр 1.52 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгөн хөрөнгө, оффшор компаниудын данс руу урсаж, дэлхийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний статистикт орохгүй, эргийн гадуур гүйж байгаа нь сэрдхийм тоо байлаа. Ялангуяа газрын баялаг ихтэй Нигери, Монгол шиг хөгжлөөр буурай орнуудаас мөнгөн хөрөнгө гадагш урсаж байгаа нь улс оронд ханшийн уналт үүсэх, мөнгөний бодлого алдагдах үндсэн эх сурвалж, шалтгаан болж, эдийн засгийг макро орчинд нь зүгээр л нурааж байна. үүнээс үүдэн тоотой хэд нь баяжиж, дундаж давхарга сүйрч, нийгмийн үндсэн масс ядуурлын ангал руу шидэгдэж байна. Эх орон, тусгаар тогтнол гэж тангараг өргөчихөөд ийм юм хийгээд байгаа увайгүй хүмүүсийг эх орноосоо урвагч гэх категорид хамруулахаас өөр зам олдохгүй байгаа нь зүй ёсных. Гадаадын хөрөнгө оруулалт зогссоноос эдийн засаг унасан гэдэг нь худлаа төөрөгдөл, харин ард олны ядуурлын үндсэн шалтгаан нь эх орныхоо баялгийг гадагш зөөж, дундаас нь хөрөнгө зувчуулан оффшор руу урсгаснаас үүдэлтэй байсныг уг саммитаар нотолсон юм. Тус чуулганд Д.Камерон хэлсэн үгэндээ, “Авлига бол дэлхийн өмнө тулгамдсан олон асуудлуудын ундарга, эх сурвалж. Эдийн засгийн өсөлтийг сааруулж, сул ажлын байрыг сорж байна. Авлига хамгийн ядуу хэсгийг дайрч, хаашаа ч гарах гарцгүй болгож байна. Авлигачид, аюулгүй байдлыг хулгайлж, дээр нь бас заналхийлж, хамгийн цагаандаа гарсан хэт даврагч (экстремист) бүлэглэлүүдтэй нийлэн, тэврэлдэн янаглаж байна. (Манайд яг л тийм байгаа) тэгэхээр, авлигачидтай хийх тэмцэл нь нэг удаагийн байж таарахгүй, байнгын, цаг хугацаа тэвчээр шаардсан ажил, тодорхой зорилгот реформууд болох ёстой юм. Улс орнууд авлигатай тэгш тэмцэл явуулж чадахгүй байна. Ийм нөхцөлд, даяарчлалын хүнд асуудлуудад зориулагдсан хөрөнгө хэний гарт очих нь мэдэгдэхгүй, найдваргүй болж хувирах гээд байна. Хөгжил буурай орнуудад зориулан олгосон хөрөнгө хэний гараар орж байгааг хөгжилтэй орнуудын лидерүүд хянах цаг болсон. Авлигаас болсон алдагдал дэлхийн хэмжээнд жил бүр хоёр тэрбум фунтэд хүрчээ. Авлига бол нийгмийн “хорт хавдар”. татварын диваажинг цэглэх цаг нь болсон. Авлигатай тэмцэхэд амиа хичээсэн банкирууд, санхүүчид, гар хөл нь болсон хуульчид их саад болж байна. Улаан туг барьсан худлаа эх орончдод “алив хойшоо бай” гэж хэлцгээе, тэд гай болоод байна. Их Британи улсын хувьд, дараа сараас эхлэн бенефициаруудаа хайр найргүй илчлэх болно” гэхчилэн шударга, сайхан илтгэсэн юм. Д.Камероныг дагаад, Франц, Шинэ Зеланд, Иордан, Индонез, Ирланд, Гүрж зэрэг улсуудын төлөөлөгчид иргэдийнхээ оффшор данс, бенефициаруудаа ил болгохоор амлан мэдэгдэл хийв. Оросын Гадаад яамны орлогч сайд, Путины бие төлөөлөгч О.Сыромолотов, “Сталины ЗХУ, Черчиллийн Их Британитай эвсэн Гитлертэй тэмцэж явсан түүх бий. Орос Английн харилцаа одоохондоо нэн төвөгтэй байгаа ч авлигын эсрэг тэмцэлд дахин нэгдэх болно” гэсэн юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри, “Дэлхий олон дайсантай, дайсагналтай учирч байна. Авлига гэдэг дайсан маш аюултай, олон улсын терроризмаас дээрдэх ч юм алга. Авилгачдад өрөвдөх сэтгэл гэж алга. Оффшор данс, хөгжиж буй орнуудаас сая саяар нь хулгай хийсэн мөнгөний авдар боллоо, хөгжиж байгаа орнуудад боловсрол хөгжүүлэх, гүүр барих мөнгө эргийн цаана хуримтлагдаж байна. Африкийн генералууд, авлигын эзэн олигархиуд, авлигад хүлүүлсэн диктаторуудын тухай ярьдаг цаг өнгөрчээ. Харин хөгжил буурай орнуудыг тонон дээрэмдэж, луйвардаж, хулгайлж байгаа хөгжилтэй орнуудын санхүүгийн луйварчид, тэдний хамсаатнуудын тухай илүү ярих цаг ирсэн байна. Буурай оронд авлигатай тэмцэх мөнгө байхгүй, агентлаг байгуулах замаар тэдэнд туслах ёстой” гэсэн юм. Оффшор дансны эсрэг санхүүгийн шийдвэртэй арга хэмжээ авахыг их 20-ийн орнуудад хандан уриалсан. Энэ мэтчилэн хөгжингүй орнуудын лидерүүдийн үг одоо ч үнэ цэнээ алдаагүй. Оффшор бол мөнгө эргийн гадуур урсдаг далд эдийн засаг Эрэгт хашигдан, голдирлоо даган урсаж байх ёстой хөрөнгө, эргээс халин гарч стандарт, зохицуулалтгүйгээр хөврөх мөнгөний гүйлтийг “оффшор” гэж, түүнийг хянаж байгаа албан бус орлоготой компаниудыг “оффшор бүс” гэж ойлговол зохино. Хамгийн аюултай нь эрэг дотроос мөнгөн хөрөнгө, гадагш урсан оффшорт маш хурдтай цутгаж, дэлхийн эдийн засгийн тэлэлтэд бодитой саад учруулж, баялаг ихтэй жижиг орнуудыг сүйрүүлж байгаад оршино. Оффшорт цутгах мөнгөн урсгалын эх авдаг газраар Нигери, Монгол (байгалийн баялаг), Афганистан, Колумб (хар тамхи), далайн арлын жижиг улсууд (аялал жуулчлал) аль хэдийн тодроод байна. Төрийн албан хаагчид оффшортой нэр холбогдох ёсгүй Оффшортой тэмцэх боломжийн гэмээр зарим арга, үзэл баримтлалыг ойлгохын тулд холбогдох түлхүүр үгнүүд (indexterm)ийг мэдэж байх нь зүй гэж үзээд энд товч тайлбар хавчууллаа.
● offshore shelf companies, off the shelf offshore companies, ready made offshore companies - Гоё гоё нэрнүүд, эднийг хулгайч нарын бүлэглэл, эсвэл зүгээр л бүлэг хулгайч нар гээд товчоор ойлгочиход хол зөрөхгүй. Дэлхий дээр нийтдээ 500 гаруй мянган оффшор компани байгаа гэсэн баримжаа тоо байдаг, үүнээс 214,000 компанийн баримт Невада, Хонконг, Виржинийн арлуудын 21 засаг, захиргааны бүсийн буюу нууц алдагдан, 2.5 сая файл үндсэндээ ил болжээ. Дэлхийн 46 орны 86 эрэн сурвалжлах сэтгүүлчдээс бүрдсэн баг бүгдийг “Панамын баримт бичиг” шиг л ил болгоно гэдгийг амласан.
● beneficiary (фр)- Оффшор хөрөнгийн хууль ёсны эзэн, “нууц ноён” гэж ойлгоход болно. Ихэнхдээ, жинхэнэ хулгайч нар нь бол тэд. Хөрөнгө захиран зарцуулах бүрэн эрхээ итгэмжлэгдсэн төлөөлөгч нартаа шилжүүлсэн байдаг тул тэднийг илрүүлэх нь ярвигтай хэцүү, заримдаа бараг боломжгүй.
● trust- Итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хөрөнгийг захиран зарцуулагч. трастууд өөртөө тодорхой хэмжээний хувь хөрөнгө эзэмшдэг.
● trust law - Итгэмжлэгдсэн хөрөнгө, хөрөнгийн хэмжээг бенефициар тусгай гэрээгээр тогтооно.
● declaration of Trust - Хөрөнгө захиран зарцуулах эрхийн бичиг. Трастад ямар хэмжээний эрх мэдэл өхийг бенефициар энэхүү баримт бичгээр ганцаарчлан шийдвэрлэнэ. ● letter of wishes - Бенефи циарын захиас, маш нууц баримт бичиг. Зарим нөхцөлд засаг, захиргааны бүсийн гадуур явчих ч тохиолдол бий. Трастыг солих, хөрөнгө шилжүүлэх тохиолдолд голдуу ашиглана.
● jurisdictio (лат) - Засаг, захиргааны бүсийн буюу оффшорын эрх зүйн орчин гэж ойлгогдоно. Амьдрал дээр оффшор бүс, компанийг нээх, хаах, худалдах, худалдан авах, нэр шилжүүлэх ажил эрхэлдэг төв хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хууль эрх зүйн компаниуд мэт харагддаг ч, бүхэлдээ оффшор нутаг, орнууд, бүс, компаниудын бохир ажилбарын зангилаа газрууд юм. Нэг юрисдикцийн төв тус бүрдээ олон тооны оффшор бүсийг хариуцан ажилладаг. Хятад, Хонконг, тайванийн гурван юрисдикци гэхэд л 20 мянга гаруй оффшор компанийн 79,000 бенефициар, трастуудыг хамарч байх жишээтэй. АНУ-ын юрисдикциудад 7,325 бенефициар харъяалагддаг бол, оросынх 6,285, их британийнх 5,676, Швейцар 4,595 гэх мэтчилэн жагсаалт цааш үргэлжилнэ. Юрисдикциудыг үндсэнд нь гурав ангилж үздэг. Олон улсын санхүүгийн стандартыг мөрдөж байгаа, мөн олон улсын стандартыг хүлээн зөвшөөрсөн боловч хараахан мөрдөөгүй, эцэст нь олон улсын санхүүгийн стандартыг мөрдөхөөс татгалзсан гэж хуваадаг.
● Fle chlen (албан бус хэллэг) -Мөнгө үсэргэх буюу бенефициаруудын аман захиасаар мөнгө шилжүүлэхийг хэлнэ. Гүйлгээний нууцгай ажилбар.
● questionable transactions -Сэжигтэй гүйлгээ
● aggresive minimization of the taxation - Татвараас чөлөөлөх нөхцөл
● Money Vault- Бенефи циаруудын нуувчинд байгаа мөнгө, албан бус хэллэг. Манай бенефициарууд зарим нь үүнийгээ мартчихдаг, эсвэл банкныхаа картыг эрээд олдоггүй юм гэсэн. Оффшорын эсрэг тэмцэл хийгээд деоффшоризац Оффшорыг гаднаас нь, хэлбэр талаас нь өнгөцхөн харахуйд дээд түвшинд боловсруулсан юрисдикцтэй, татварын олон талын хөнгөлөлт үзүүлдэг санхүүгийн чамбай хөшүүрэгтэй мэт байдаг ч үнэн хэрэгтээ бол хулгайн мөнгөний нуувч юм. Ялангуяа төрийн албан хаагчид оффшортой нэр холбогдох ёсгүй, энэ бол нотолгоо шаардахааргүй ойлгомжтой зүйл. Албан баримтаар бенефициарын нэр харагддаггүй байдлыг далимдуулаад өөрсдийгөө цэвэрхэн болгож батлах гэж оролдоод уг нь нэмэргүй, оффшортой холбогдсон л бол асуудал үүсчихсэн гэсэн үг. Улс орнуудын үндэсний эдийн засаг хямралд өртөөд байхад оффшор далд эдийн засаг хүчирхэгжээд, цэцэглээд байгаа нь дэлхий дахины анхаарлын төвд орж хүчирхэг гүрнүүдийн нэгдмэл бодлогын тэмцлийг өөр дээрээ дуудав бололтой. Деоффшоризация (deoffshorization) гэдэг нэр томъёог анх 2013 онд оросын санхүүгийн мэргэжилтэн А.Захаров гэгч гаргаж таьсан. Путин түүнийг маш их дэмжсэнээр амьдрал дээр сайн хэрэгжиж яваа үйл явц юм. Энэ нь товчхондоо оффшорыг аажмаар оншор (onshor) болгох зорилготой механизм юм. Деоффшоризацыг орост хөрөнгө оруулалтаа даган орж ирсэн, байнгын оршин суугчийн (resident) статустай гадаадын иргэд, бизнесмэнүүдэд голчлон зориулж хийж байна. Агуулга нь татварын болон бусад зарим талаар оффшороос ч илүү ашигтай байх нөхцөл олгох, гагцхүү мөнгөн хөрөнгийн урсгалыг эргийн дотор эргүүлэх, үндэсний орлого, татварын орчинд татан оруулж ирэх утгатай юм. Сахалинд оффшор биш оншор бүс буюу ийм юрисдикцын төв нээсэн. Манайх гадаадын иргэдэд зориулж Халх голын чөлөөт бүсэд ийм юрисдикц нээж болох талтай. Дүгнэлт Манай цөөн биш тооны хүмүүс оффшортой нэр холбогдлоо. Оффшортой холбогдоод байгаа бүх хүмүүсээс албан тайлбар бичгээр авч, зувчуулсан хөрөнгийн эх үүсвэрийг судлах шаардлага бий. Хандлагаа ч өөрчилмөөр байна. Оффшортой нэр холбогдсон л бол гэмт хэрэгтэн, дансанд мөнгө байгаа эсэх, хэний нэр дээр байгаа зэрэг нь ердөө хамаагүй асуудалтай хүмүүс гэсэн үг. Сургууль цэцэрлэг, ясли эсвэл үйлдвэрийн төслийн санхүүжилт болох ёстой ард түмний хөрөнгийг сая саяар нь гадагш, эргийн чанад руу зөөснийг нь бодвол тэднийг цовдлох, эсвэл амьдаар нь сор залсан ч багадахаар нүгэл хийсэн хүмүүс шүү. Гэхдээ оффшорын жинхэнэ бенефициарууд нь голдуу гадаадын иргэн болохоор хөөрхий монгол трастууд, хувь хүртэгчдийн төдий л явдаг. Хулгайч ч гэсэн иргэн гэдгээр нь Монголын төр тэдэнд өршөөлтэй хандах байх. Хөлөө шивэртлээ гээд тайраад хаядаггүйтэй л адил. Монголын бенефициар, трастуудад, оффшорт байгаа бүх хөрөнгөө эх орондоо оруулж татах нөхцөл олгож, Монголын төр үүнийх нь төлөө ганцхан удаа эрүүгийн хэргээс уучилж болох талтай. Ийм туршлага хойд хөршид бий. Путин энэ аргыг хэрэгжүүлснээр Киприйн нэг оффшор банк дампуурахдаа хүрч, орост хоёр сая ам.доллар төвлөрсөн туршлага бэлхнээ бий. Өөр нэг арга зам бол оффшорын хууль гаргаж, Монголд олон улсын стандартад нийцсэн оффшор юрисдикц нээх юм. Оросын Алтайн хязгаар ч юмуу, сахалин, эсвэл Чехийн турш лагыг сонирхож болно. Халх голын чөлөөт бүсэд нээвэл тохиромжтой, Хятадын саят нуудын сонирхлыг давхар татаж болно. Гэхдээ энэ бол цаг хугацаа, судалгаа шаардах ажил байх. Дэлхий дахин оффшорын эсрэг эрчимтэй тэмцэж байхад Монголыг юу ч хийгээгүйн төлөө сануулсан FATF мэдээж мөнгө угаагчдаа шийтгэж хуулийн дээд хэмжээний ял ноогдуулахыг шаардаж байгаа, гэхдээ бүр яаралтай, яг одоо!үүний тулд оффшортой тэмцэх. Зөвлөмжинд “FATF-тай хамтарч ажиллах” гэсэн байгаа гэснийг онцгой анхаарах нь чухал. саарал жагсаалтад ороод гарсан ОХУ “оффшортой тэмцэх үндэсний программ” гэгчийг гаргаж ажилласан. Монгол улс “гудсан дор” байсан 34 их наядыг илрүүлсэн нь сайн үзүүлэлт. Гэхдээ үүгээрээ мөнгө угаах гэмт хэргийг илрүүлсэн гэж “нүүр тахлаад” орхиж болохгүйг бид харлаа. Ийм хэрэг хэзээ ч дахин давтагдахгүй гэдгийг нотлохын тулд шилэн дансаа (тунгалаг данс) дахин нээж, хуулийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Шуурхай хөдлөхгүй бол цаг урсаад л, юу ч хийх чадваргүй, хүсэлгүй улс гэсэн мессеж өгсөөр л байх нь дээ!
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй