Хувийн хэвшлийн хувь заяа "хутга"-ны ирэн дээр байна
Сурвалжилга
Бизнесийн орчин муудах тусам авлигын хэмжээ нэмэгдлээ 2018 онтой харьцуулахад бизнес дэх төрийн оролцоо, хүнд суртал огцом нэмэгджээ Манай улсын бизнесийн орчин нэгхэн жилийн дотор элгээрээ хэвтжээ. Ийм байдалд хувийн хэвшилтэй өрсөлдөх төрийн хэт оролцоо нөлөөлсөн байна Бизнесийн орчин муудсан, бизнес эрхлэлтийн индекс тааруу дүнтэй гарсан жилүүдэд төгрөгтэй харьцах ам.долларын ханш хамгийн их суларч байжээ. Ийм зүй тогтол манай улсын эдийн засагт өнөөдөр хамгийн тод ажиглагдаж байна Бизнесийн орчин улам хумигдаж байгаа нь бидний боломж мөн адил тэр хэрээр агшиж байгаа хэрэг. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрсдийнхөө амлалтын эсрэг ажилласан эрх баригчдаас их зүйлийг хувийн хэвшил хүлээхэд хэдийн оройтжээ. Дэлхийн банкны судалгаа үүнийг бидэнд хоёр дахь удаагаа нотолж харууллаа Дэлхийн банкны “Бизнес эрхлэлтийн индекс” судалгаагаар Монгол Улс 81-д жагссан нь өмнөх жилтэй харьцуулахад долоон байраар ухарсан үзүүлэлт болж, манай улсын бизнесийн орчин нэгхэн жилд элгээрээ хэвтсэнийг нотоллоо. Энэ байдалд төр засаг хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг хэт оролцоо нөлөөлсөн байна. Монголын бизнесийн орчин улам амаргүй болж байна. Ийм нөхцөлд ажлын байр бий болгож, татвар төлж, төрийн дарамт, шахалтыг давж, дааж гарна гэдэг хэр баргийн хүнд хатуу сонсогдоно. 2018 онтой харьцуулахад бизнес дэх төрийн оролцоо, хүнд суртал огцом нэмэгджээ. Дэлхийн банкнаас жил бүр тогтмол гаргадаг “бизнес эрхлэлтийн индекс” судалгаа үүнийг илчилж байна. Уг индексээр Монгол улс 81-д жагссан нь өмнөх жилтэй харьцуулахад долоон байраар ухарсан үзүүлэлт. Манай улсын бизнесийн орчин нэгхэн жилийн хугацаанд элгээрээ хэвтсэн нь энэ. Ийм байдалд хувийн хэвшилтэй өрсөлдөх төрийн хэт оролцоо нөлөөлсөн бөгөөд хувийн өмч рүү хууль зөрчин халдсан, улмаар төр бизнес эрхлэх болсон нь байр урагшлах бус улсаараа ухрах замыг сонгоход хүргэжээ. Дэлхийн банкны аль оронд бизнес эрхлэхэд илүү таатай байх судалгааны дүнг хөрөнгө оруулагч нар чухалчилж үздэг. Нөгөөтэйгүүр улс орнуудад өгч буй хөндлөнгийн байгууллагын хамгийн том үнэлэлт, дүгнэлт бол энэ. Монголчуудтай хамтран ажиллах хүсэл, сонирхолтой хэн ч энэ судалгааны эрэмбэ, дарааллыг харж бизнесийн ирээдүйгээ тодорхойлж, хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргадаг. Манай нэг улстөрчийн үгнээс илүү олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаанд хөрөнгө оруулагч нар найдахаа илүү мэдэх биз ээ. Ийм хэмжээнд ортлоо бидний үнэлэмж “газардлаа”. 2018 онд бизнес эрхлэлтийн индекс мөн л буурч, энэ нь гаднынханд манай улсын талаарх муу мессеж болон хүрч байлаа. Тэгвэл 2019 оных түүнээс ч хүчтэй хүрч байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татах гэж хөгжиж буй улс орнууд хоорондоо ана мана өрсөлдөж, төр нь бизнесийн хамгийн сайн орчин нөхцөл бүрдүүлэх гэж зүтгэдэг. Гэтэл манай улс жилээс жилд оноо алдаж, эрэмбэ буурсаар байна. Үүнээс үүдэн бизнесийн орчин муудах тусам авлигын үзүүлэлт нэмэгдсээр буй. Авлигын индексээр манай улс 175 орноос 103-т эрэмбэлэгдэж, 2017 онтой харьцуулахад 16 байраар өнгөрсөн онд ухарсан. Тэгвэл энэ оны үзүүлэлт бас л таагүй дүр зурагтай байна. Бизнесийн орчин муудсан, бизнес эрхлэлтийн индекс тааруу дүнтэй гарсан жилүүдэд төгрөгтэй харьцах ам.долларын ханш хамгийн их суларч байжээ. Ийм зүй тогтол манай улсын эдийн засагт өнөөдөр ч хамгийн тод ажиглагдаж байна. Төв банкны зарласан албан ханшаар, ам.доллар мягмар гарагт 2685 төгрөгтэй тэнцлээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт мөн өнгөрсөн онтой харьцуулахад дорвитой нэмэгдсэнгүй, дөнгөж 20 хүрэхгүй хувийн өсөлт гарчээ. Байгаа хөрөнгө оруулалтаа задалж үзвэл, нийт хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь зөвхөн нэг төслөөс хамаарч байна. Энэ нь “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт. Төрийн эрх баригч МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт бизнесийн орчныг сайжруулах тоймгүй олон амлалт тусгагдсан. Тухайлбал, төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж, хүчинтэй байх хугацааг уртасгана, давхардсан хяналт, шалгалт, хүнд суртлыг арилгана гэсэн нь даанч биеллээ олсонгүй. Харин хэлсэн, ярьсан болгоныхоо эсрэг явсныг дэлхийн банкны энэ оны ээлжит судалгаа өгүүлж байна. Ингээд зогсохгүй бизнесийн орчин дахь төрийн оролцоог багасгаж, төр хувийн хэвшилтэй өрсөлдөж, бизнес эрхэлдэг явдлыг таслан зогсоохоор амласан ч энэ оны байдлаар уул уурхайн салбарт хувийн хэвшлийн бус төрийн өмчит компанийн ноёрхол тогтоод байна. Төрийн өмчит компаниуд нь сайд, дарга нарын бараг л харьяа шахам эсвэл намын нөлөө бүхий хүний халаасны компани байх жишээний. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” компани гэхэд л хамгийн ашигтай, боломжтой уул уурхайн орд руу төрийн компани байгуулан орсноор хувийн хэвшлийн боломжийг хааж, боогдуулсаар байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд төртэй, төрийн өмчит компани толгойлж буй нам дагасан, нүүдлийн шувуу шиг, дээд тал нь дөрөв хүртэлх жилээр ирээд явдаг эрхмүүдтэй хэл амаа ололцохгүйн улмаас Монголоос зайгаа барьдаг болсон. Эцэст нь, Монголын бизнес, хөрөнгө оруулалтын орчин олон улсад муу нэр зүүж, гадаадын шууд хөрөнгө оруулалт тэр хэрээр үргэсээр. Хариуд нь ам.долларын ханш төгрөгийн эсрэг огцом чангарч, олон улсын зах зээлээс бонд босгон байж авсан гадаад өрийн хэмжээ энэ мэт байдлаас болж нэмэгдсээр. Хувийн өмч рүү төрийн нэрээр уухайлан дайрах хэсэг бүлэг этгээдийн шунал, хүслийн үр дүнд монголчууд нийтээрээ хохирон үлдэж байна. Ажлын байр бий болгох хувийн хэвшлүүд айдас хүйдэстэй, ардчилалтай нас чацуу өөрсдийн зовж зүдрэн байж босгосон өмч хөрөнгө, капиталаа нэг л өдөр бусдад алдаж мэдэхээр тодорхой бус нөхцөлд баялаг бүтээгчид адлуулж эсвэл шахалт, дарамт, хүнд суртлын “бай” болж зүдэрч явна. Бизнесийн орчин улам хумигдаж байгаа нь бидний боломж мөн адил агшиж байгаа хэрэг. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрсдийнхөө амлалтын эсрэг ажилласан эрх баригчдаас их зүйлийг хувийн хэвшил хүлээхэд хэдийн оройтжээ. Дэлхийн банкны судалгаа үүнийг бидэнд хоёр дахь удаагаа нотолж харууллаа. Хувийн хэвшлийн хувь заяа хутганы ирэн дээр байна. Тэр “хутга” нь төр өөрөө болжээ. үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, манай улсад 184.2 мянган аж ахуйн нэгж байгаагаас үүний дөнгөж 50 хувь нь өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна. Харин үлдсэн нь төрийн хүнд суртал, дарамт, шахалтын “хутга”ны ирэнд өртжээ. багахан хэсэг нь санхүүгийн хүнд рэлд орсон байж таарна. Мөн улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн хүний тоо өнгөрсөн сарын байдлаар 30.4 мянгад хүрлээ. Бизнесийн орчин доройтох тусам ажилгүйдэл буурахгүй, улам нэмэгдсээр буй нь харамсалтай.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй