Бичил уурхайг "нинжа"-гаар төсөөлөх нь өрөөсгөл

ЗГМ: Сэдэв


Бичил уурхайг албан ёсны болгосноор Монгол Улсад 10 гаруй мянган хувиараа ашигт малтмал олборлогч иргэн нэгдсэн зохион байгуулалтад оржээ. Ингэснээр журамд заасны дагуу нөхөрлөл, төрийн бус байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, 500 га талбайд 2017 оноос хойш нөхөн сэргээлт хийгээд байна. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээд болж, татвар, хураамж улсад төлж эхэлсэн гэсэн үг. Том зургаар нь авч үзвэл, хариуцлага хүлээж, улс орны ачаанаас үүрэлцэж байна Бичил уурхайгаас өдгөө 60 орчим мянган хүний ажил, амьдрал хамаарч буй. Тэгвэл дэлхийн 71 орон бичил уурхайн үйл ажиллагааг өөрсдийн түвшинд хөгжүүлж, үүнд 100 сая хүн ажиллаж, 400 гаруй сая хүний амьжиргааны эх үүсвэр хэдийн болжээ. Бөмбөрцгийн хэмжээнд нийт олборлож буй ашигт малтмалын 25 хувийг бичил уурхайчид олборлож байна. Дээрх өөрчлөлтийн үр дүнд байгаль орчинд ээлтэй хоргүй технологийг манай улс ашиглаж хэвшсэн төдийгүй шударга олборлолтын стандартыг хэрэгжүүлээд багагүй хугацааг үдлээ. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр болон хөдөлмөрийн мөлжлөг ашиглаагүй, мөнгөн усаар илрүүлээгүй, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, хариуцлагатай, ёс зүйтэй олборлосон алтыг эко гэж нэрлэдэг. Тэгвэл манайх энэ төрлийн ногоон буюу эко алт олборлож, олон улсад үүнийгээ нийлүүлж, улсын гадаад валютын албан нөөцийг зузаатгаж байна. Мөн бичил уурхайчид алтнаас гадна жонш олборлож байгаа. Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор бичил уурхайн эрх зүйн орчин илүү цэгцэрсэн гэж болно. Хэдий тийм боловч хууль, журам үйлчилдэггүй, түүнийг дагаж мөрддөггүй хууль бус “нинжа” нарын уршгаас болоод хариуцлагатай бичил уурхайн хувь заяа өнөөдөр хурцаар хөндөгдөж эхэллээ. Өөрөөр хэлбэл нөхөрлөл, төрийн бус байгууллагын эгнээнд нэгдээгүй нөхөн сэргээлт хийдэггүй, буух эзэн, буцах хаяггүй, хуулийн өмнө хариуцлага хүлээдэггүй 40, 50 мянган хүмүүсийн хяналтгүй бусармаг үйлдлээс болж албажиж буй хариуцлагатай бичил уурхай салаа замын уулзварт иржээ. 40, 50 мянган “нинжа”-г цаашид албажуулах, хариуцлагатай болгох, нөхөрлөл, төрийн бус байгууллагын хэлбэрт оруулах, улмаар өөр ажлын байранд шилжүүлэх эсвэл тэднийг илүү олон болгох уу гэсэн хүндхэн сорилт төрийн өмнө тулгарлаа. Нинжа, болон бичил уурхайчны хооронд тэнгэр, газар шиг их ялгаа бий. Тэд хоорондоо гал, ус мэт харш бөгөөд нэг нэгнээ үл хүлээн зөвшөөрнө. Нинжа нар байгалийн баялгийг сорчлон олборлох, мөнгөн ус ашиглахаас гадна биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийхгүй, орон нутагт татвар, хураамж бас төлдөггүй. Том, том техникийн хүчээр газар орныг ухан сэндийлж, нэгээс нөгөө рүү нүүдэллэнэ. Тэгвэл нөхөрлөл, хоршооны хэлбэрээр зохион байгуулалтад орсон бичил уурхайчин сум, орон нутгаас олгосон тусгай зөвшөөрөлтэй талбайд хөдөлмөрийн наад захын аюулгүй ажиллагааг сахин хангаж, нийгмийн хариуцлага хүлээн тогтвортой ажиллаж байна. Нийгмийн даатгал төлж, орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ хүртэл байгуулж, ядуурал, ажилгүйдлийг бууруулахад тодорхой дэмтэй үүрэг гүйцэтгэж байгаа нь энэ. Тэгвэл “Нинжа” нарын муу нэр, тарьсан хэрэг хууль сахин ажиллах 10 хүрэхгүй мянган бичил уурхайчдад буудаг. Нийгэм ч тэднийг нэг хамт олон гэж харах нь түгээмэл. Гэтэл нөхцөл байдал өнгөрсөн хугацаанд хувьсан өөрчлөгдөж, нинжа, бичил уурхайчны ялгаа улам томорч байна. Бид бичил уурхайчныг “нинжа”-гаар төсөөлөх нь өрөөсгөл болжээ. Улс оронд нүүрлэсэн зуд, эдийн засгийн хямрал, нийгмийн шилжилт, хөдөлгөөний явцад ажлын байргүй болсон олон мянган иргэн өнөөдөр бичил уурхай руу эр, эм, хөгшин залуугүй орсон. Үүнээс өөр сонголт үнэндээ бидэнд байгаагүй хэмээн зарим нь учирладаг. Тэгвэл тэднийг зөнд нь орхих бус өөрөө өөртөө ажлын байр бий болгож, амьжиргаагаа залгуулах бичил уурхайг нь албажуулах, хууль ёсны болгох, хүлээн зөвшөөрөх шийдвэр гараад 13 жил болж байна. Энэ хугацаанд “нинжа” байсан нь хариуцлагатай бичил уурхай руу шилжиж, амь амьдралаа дээшлүүлж чаджээ. Зарим нь бичил уурхайгаас хуримтлал үүсгэн өөр салбарт шилжин ажиллаж байна. Ийм хүмүүсийн нэг нь П.Мөнхзаяа юм. Тэрбээр одоо Ховд аймгийн Алтай сумын “Гоолингоо” оёдлын цехийн захирлаар ажиллаж байна. Өмнө нь амьдралын шаардлагаас үүдэн хэцүү бэрхээс халгасан ч үр хүүхдээ тэжээж тэтгэхийн тулд “нинжа” болж, улмаар нөхөрлөлийн зохион байгуулалтад шилжсэнээр хариуцлагатай бичил уурхайчны эгнээнд оржээ. Эмэгтэй хүнд ахдах ажлыг нуруундаа үүрсэн тэрбээр одоо уран оёдол шаглах цехийн эзэн болсон байна. Бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо, Канадын хөгжлийн сантай хамтран хэрэгжүүлсэн “Уурхайчнаас үйлчин бүсгүй” төслийн хүрээнд гурван аймгийн долоон сумын 21 эмэгтэй бичил уурхайчнаас өөр ажлын байранд шилжжээ. П.Мөнхзаяатай адилхан олон бүсгүйн хувь заяа уг төслийн үр дүнд өөрчлөгдсөн аж. Төслийн хүрээнд оёдлын цехийн тоног төхөөрөмжийг мөн олгожээ. “Гоолингоо” оёдлын цех бүр орон нутагтаа ажил олгогч болсон байна. “Нинжа” давамгайлсан энэ салбар хэдхэн жилийн өмнө гэмт хэргийн үүр оромж болж байлаа. Харин албан ёсны болсноор хууль үйлчилж, ёс зүй, хариуцлага урьдын байдлыг засан өөрчилжээ. Хүмүүс амьдралаа залгуулах ажлын байрнаасаа ичиж эмээх, цагдаа сэргийлэхээс зугтааж, хөөлгөж туулгадаг байсан бол бичил уурхайг албажуулж, нөхөрлөл, төрийн бус байгууллагын зохион байгуулалтад орсноор хүн гэдгээ мэдэрч, хууль дүрэм чанд сахин урам зоригтой ажилладаг болжээ. Бүхий л насаараа хүн бичил уурхай эрхлэх боломжгүй. Тиймээс өөр ажлын байранд шилжих, өрхийн үйлдвэрлэл эрхлэх зэргээр бичил уурхайчид амьдралын чанараа сайжруулсаар байна.


САНАЛ БОЛГОХ