Квант физик онолоос хэрэглээ рүү нэвтрэх алхмуудаа хийж эхэллээ

UB Info

Google нь компьютерын шинжлэх ухаанд нэгэн том үсрэлтийг хийлээ. "Sycamore" хэмээх нэртэй Google-ийн квант компьютер нь "Quantum supremacy" гэдэг чадварыг амжилттай болгосон гэдгээ зарлалаа. Товчхоноор бол "Quantum supremacy" нь Квант тооцооллын салбарын ойлголт бөгөөд классик буюу одоо бидний хэрэглэж буй компьютерын тооцоолж чадахгүйг тооцоолж чаддаг төхөөрөмжийн чадвар юм.

Калифорни их сургуулийн туршлагийн физикч John Martinis-аар ахлуулсан баг нь "Nature" шинжлэх ухааны сэтгүүлд 10 сарын 23-ний өдөр нэгэн гайхалтай өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд энэ өгүүлэлдээ 54 qubit (квант бит) ийн процессортой "Sycamore" квант компьютер нь нэгэн тооцооллыг 200 секундэд хийсэн ба энэхүү тооцооллыг одоогийн бидэнд байгаа хамгийн сайн супер-компьютероор хийвэл 10,000 жил шаардагдах байжээ.

IBM буюу "The International Business Machines Corporation" хэмээх компани дээрх тооцооллыг 10,000 жил биш харин 2.5 өдөрт хийх боломжтой хэмээн Google-ийг шүүмжилсэн боловч бусад судалгааны байгууллага болон компаниуд энэ ололт амжилтыг сайшааж байгаа билээ. Квант компьютер нь квант физикийн суурь зарчмыг ашиглан энгийн компьютероос ялгаатай тооцооллыг хийдэг. Классик буюу энгийн компьютер нь бит (0 эсвэл 1 ) мэдээллийг ашиглан тооцооллыг хийдэг бол квант компьютер нь квант бит буюу qubit (0 болон 1 хоёулаа байх боломжтой) ашиглан тооцооллыг хийдэг.

Квант физикт бүх төлөвүүдийн нийлбэр нь ерөнхий төлөв хэмээн үзэж болдог бөгөөд суперпозицын зарчим гэдэг. "Quantum entanglement" буюу Квант орооцолдоон нь квант компьютерын бас нэг чухал үзэгдэл бөгөөд entangled буюу орооцолдсон хоёр бөөм ижил шинж чанар үзүүлж эхэлдэг бөгөөд тус тусад нь авч үзэх утгагүй болдог. Суперпозицын зарчим болон Квант орооцолдоон хэмээх квант физикийн үзэгдлүүдийг ашиглан квант битийг бүтээх боломжтой болдог.

САНАЛ БОЛГОХ