Үрэлгэн зарлагатай, өндөр алдагдалтай сонгуулийн жилийн төсвийг баталлаа

Нийтлэл


Урьд өмнө төсвийн түүхэнд байгаагүй 11.7 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 13.8 их наяд төгрөгийн зарлага гаргах, 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв албан ёсных боллоо. Сонгууль тохиох жилийн төсвийн зарлага 2012, 2016 оны адил огцом тэлж, алдагдал нь талийж өглөө. Төсвийн зарлага энэ онтой харьцуулахад 20 гаруй хувиар нэмэгдсэн байна. УИХ-аар төсвийг хэлэлцэх явцад зарлага дорвитой буурсангүй, бараг л хэвээр үлдэв. Эдийн засгийн өсөлтийг 2020 онд зургаан хувиар тооцоолсон байна. ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэх алдагдалтай төсөв баталснаар манай улсын нэг хүнд ногдох өрийн хэмжээ нэмэгдэхээр боллоо. Төсвийн орлого, зарлагыг тус бүр дөнгөж 100 гаруй тэрбум төгрөгөөр танасан байна. Гэвч энэ нь хангалттай хэмнэлт биш юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ мөн л зөрчлөө. Өмнөх жилүүдтэй харьцуулахад төсвийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн боловч үр ашигтай байх ёстой гэсэн зарчмаа баримтлаагүй болохыг эдийн засагчид хэлж байна. Төсвийн төсөлд онцгой өөрчлөлт хэлэлцүүлэх үед ороогүй бөгөөд ногоон гэрлээр УИХ баталлаа. Төсөвт сумын төвд барих соёлын болон спортын барилга байгууламж хамгийн олноор тусгажээ. Үүнийг Эдийн засагчдын клуб үр ашиггүй барилга байгууламж болохыг дурдсан. Орлогыг гаалийн болон татварын шинэчлэлээр бүрдүүлэхээс гадна газрын төлбөрийг бүрэн хурааж авахаар төсөвт тусгасан байна. Ирэх жил 68 соёлын төв барих бол сумын төвийн шинэчлэлд 20 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнийг “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд хэмээн тайлбарлаж буй. Нийгмийн даат-галын шимтгэлийг 42 хувиар өсгөн байж бүрдүүлсэн төсөв шударга бус хөрөнгө оруулалтыг өөг шүүлсэн, хувийн хэвшилд ихээхэн дарамт авчрахаар байгааг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдэгдсэн билээ.


САНАЛ БОЛГОХ