Танд хэрэгтэй, үнэхээр их хэрэгтэй зөвлөгөө байна

UB Info

Объектив ба Субъектив хандлага

Тэгэхээр ийм хоёр ялгаа байна. Объектив гэдэг нь асуудлыг юу вэ гэдгээр харж, объект руу чиглэсэн дүгнэлт гаргах явдал юм. Харин Субъектив гэдэг нь асуудлыг юу вэ гэдгээр нь биш хэн үүнтэй холбоотой юм, хэнийх юм гэх мэтээр харахыг хэлнэ. Ингэснээр асуудлын мөн чанар нь алдагдаж, баахан хүн хоорондын сэтгэл хөдлөлөөр бүх зүйл шийдэгдэж эхэлнэ. Өөрөөр хэлбэл модыг мод л гэж харах хэрэгтэй болохоос модны дэргэд нэг таньдаг хүн нь зогсож буй болохоор модны мөн чанар өөрчлөгдөх мэт хандаж болохгүй.

Хувь хүний асуудал

Энэ хорвоо дээр муу эсвэл сайн хүн гэж байхгүй хэмээн хувьдаа итгэдэг. Бүх муу үйлдлийн цаана учир шалтгаан бий. Бүх сайн үйлдлийн цаана ч мөн адил. Хүн нэгэнт хорвоо дээр байгаа бүх мэдээллийг өөртөө шингээж байгаад, түүнийгээ төгс боловсруулан шийдвэр гаргадаггүй тул бүх үйлдэл учир дутагдалтай. Тийм болохоор нэг найзыгаа новш гэж дүгнэхгүй, аан ингээд буруу зүйлс хийгээд байна даа. Уг нь энийг олоод харчихвал, энийг олоод уншчихвал шал өөр болно доо гэж харах хэрэгтэй байх. Сайн зүйлс дээр ч адил. Нэг гоё зүйл байвал бүгд хамгийн түрүүнд асуудаг. Тэр нь хэн хийсэн юм? хэнийх юм? Гудамд гоё машин явж байна. Хэнийх вэ? Нэг компани сайн явж байна. Эзэн нь, захирал нь хэн бэ? Үгүй ээ. Тэр объект гоё шүү дээ. Тэрнээс түүний эзэн нь биш. Тэр үйлдэл муу шүү дээ. Тэрнээс түүний үйлдэгч нь биш.

Нийгэм, эдийн засгийн асуудал

Улсын хэмжээнд жишээ нь нэг асуудал гарлаа гэж үзье. Шийдэл амархан. Зүгээр л бүх бурууг нэг дарга руу чихнэ. Ертөнц дээр тэр хүн шиг муу хүн байхгүй мэт хараана. Тэгээд мартана. Уг нь ч нэг хорон санаатантай тэмцэж буй мэт баатарлаг гоё л доо. Гэхдээ асуудал шийдэгдээгүй хэвээр. Уг нь ямар ч нийгэм, эдийн засгийн асуудал байсан хэнтэй холбоотойг мартаж, асуудлын мөн чанар луу өнгийж шийдвэрлэх хэрэгтэй. Бидэнд үнэндээ шийдэл, судалгаа л хэрэгтэй, өөр юу ч биш. Сүүлдээ боловсрол хамаагүй, сэтгэлтэй хүн биднийг манлайлах хэрэгтэй гэнэ. Үгүй үгүй. Харин ч боловсролтой, гэхдээ гол нь шийдэлтэй. Тэгээд түүнийгээ хэрэгжүүлэхээр зориг шулуудсан л хүн хэрэгтэй.

Танд маш гоё зөвлөгөө өгье

Хэрэв бүх зүйлийг объектив байдлаар хараад эхэлбэл хэн ч мундаг биш, хэн ч муу биш. Гоё байна уу? Танд би Трамп ерөнхийлөгчийг хүн гэдгээр нь харах боломжийг олгож байна шүү дээ. Одооноос та өөрийнхөө хамгийн мундаг гэж боддог хүнийхээ үйлдлийг анализ хийж эхэл. Таны бүр хэзээ ч олж харахгүй байгаа нэг хэсэгт тэрхүү мундаг зүйл нь оршин байж мэднэ. Мундаг илтгэгч гарч ирээд тайзыг эзэгнэв. Яаж? Агуулгад юу байв? эсвэл бүр тэр хүний хувцаслалт байв уу? эсвэл бүр түүний алхаа байв уу? Объектыг олж хар. Тэр хүн бол тантай яг адилхан хүн. Харин түүний үйлдэл нь өөр. Тэрийг л ойлго. Ингээд хараад эхлэх үед нийгмийн бүх асуудал хүнтэй холбоотой биш, системийн доголдол болох нь харагдана. Ингээд хараад эхлэхээр бусад хүмүүс танаас дээшээ эсвэл доошоо биш бүгд ижилхэн энгийн л хүн гэж харагдана. Ингэвэл асуудал руу илүү гүн орж, аливааг эмоциор шийдэхээ болино.

Эх сурвалж: Ganzorig Ganbat

САНАЛ БОЛГОХ