Хүрэл тогоот Монголын Диснейлэнд болно

Бүтээн байгуулалт

Сансрын хөлөг, нисэх онгоцны багасгасан загварыг үзүүлэн байдлаар байрлуулна

Хүмүүсийн зорьж очдог газар нэгээр нэмэгдэх нь. Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн судалгааны төвийнхөн Хүрэл тогоотыг аялал жуулчлалын цогцолбор болгох төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015-2020 он хүртэл зургаан жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм байна. Шинэ Хүрэл тогоот нь зочид угтах цэг, сансрын нисэгчдийн дасгал сургуулилалт болон пуужин хөөргөх, нисдэг онгоцны загвар турших зэрэг талбайтай байх юм. Мөн одон орны задгай театрын талбай, одон орон сонирхогчдын кэмп байгуулахаар төсөлд тусгажээ. 50 га талбайг цогцолбор болгон тохижуулснаар тус газрыг зорих хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэж тооцоолж буй юм. Зочид угтах цэгт автомашины зогсоолын асуудлыг цогцоор нь шийдэж өгөхөөр төсөлд тусгажээ.

Түүнчлэн энэ цэгээс мэргэжлийн дурангийн талбай хүртэл агаарын замаар зорчуулах зохицуулалт хийх юм байна. Харин сансрын нисэгчдийн дасгал сургуулилалтын талбайд бага насныхан болон дунд ахлах ангийнхны амарч тоглох талбайг цогцоор нь тохижуулах аж.

Хүүхдүүдийн сонирхлыг татах гол бүс нь пуужин хөөргөх, нисдэг онгоцны загварын туршилтын талбай болох юм байна. Эл талбай нь пуужин хөөргөх тавцан, нисдэг бөмбөлөг, онгоцны загвар турших хэсэг гэсэн бүтэцтэй байх аж.

Цогцолборын эргэн тойронд усан оргилуур, нийтийн хоолны газар, буфет ажиллуулна
Пуужин болон загварын нисдэг онгоцны бүтэц хийцүүдийн талаар хүүхдүүдэд мэдлэг олгох зорилгоор АНУ, ОХУ, БНХАУ- ын сансрын хөлөг, нисэх онгоц тэрэгний багасгасан загварыг үзүүлэн байдлаар байрлуулна гэдгээ төсөл хэрэгжүүлэгчид хэлж байгаа.

Харин томчуудын зорьж очих талбай бол одон орны задгай театр байх гэнэ. Одон орон судлах оргилын ойролцоох довцогт одот тэнгэрийг дурандах дуран суурилуулах юм байна. Эндээс нарны аймгийн гарагууд, сарны гадаргууг дурандахад хамгийн тохиромжтой аж. Мөн тухайн бүсэд одон орон сонирхогчдод зориулсан музей, үзэсгэлэнгийн танхим зэрэг одон орон судлалыг хөгжүүлэх байгууламжууд байрлана. Хүрэл тогоот цогцолбороор аялагчдад зориулсан дараагийн бүс нь одон орон сонирхогчдын кэмп. Энэ бүсэд гэр бүлээрээ амарч, тав тухтай байж болох аж. Цогцолборын эргэн тойронд усан оргилуур, нийтийн хоолны газар, буфет ажиллуулж, аялагчдын тав тухтай байх бүх нөхцөлөөр хангана гэдгийг төслийнхөн хэлж байв. Тэгэхээр Хүрэл тогоот яваандаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс дутахааргүй алжаал тайлах бүс болох нь. Нөгөө талаар Монгол Диснейлэнд гэж нэрлэж болохоор сайхан газар байгуулна гэдгээ Одон орон, геофизикийн судалгааны төвийнхөн амалж байсан. Тус төвийнхөн 2014 оны зургадугаар сарын 1-нд Од эрхсийн ордон буюу Астропарк байгуулсан бөгөөд одоогоор 3000 гаруй хүн үзэж сонирхоод байгаа аж.
САНАЛ БОЛГОХ