“Оюутолгой”-н далд уурхай зогсвол...

Уул уурхай


"Оюутолгой"-н гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой Ажлын хэсгийн тогтоолын төслийг МАН-ын бүлэг УИХ-ын чуулганд танилцуулахаар зэхэж байна. Тэгвэл үүнтэй зэрэгцээд нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдуулан гаргасан Ерөнхий сайдын 2015 оны 27, 99, 123 дугаар бүхий захирамжуудыг хүчингүй болгов.

С.Асланбек: Гэрээ хүчингүй болохыг Захиргааны хэргийн шүүх шийддэггүй

“Оюутолгой”-д өнөөдөр 14 мянган хүн ажиллаж байгаа бөгөөд нийт ажилтны 54 хувийг гүний уурхайн төслийн ажилчид эзэлдэг.

Манай улсад жилд орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилт дангаар бүрдүүлж байгаа. 2010 оноос хойш энэ оны гуравдугаар улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад нийт гурван тэрбум ам.долларыг энэхүү төсөл зарцуулжээ. “Оюутолгой”-д өнөөдөр 14 мянган хүн ажиллаж байгаа бөгөөд нийт ажилтны 54 хувийг гүний уурхайн төслийн ажилчид эзэлдэг. Эндээс уг төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж, цар хүрээг баримжаалж болох юм. Төслийн хөрөнгө оруулалтын гэрээг албан ёсоор баталсны 10 жилийн ой энэ онд тохиож байна. Гуравдагч орны хөрөнгө оруулалт татсан 10 жилийн босгон дээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн даваа гарагийн хуралдаанаар “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдуулан гаргасан Ерөнхий сайдын 2015 оны 27, 99, 123 дугаар бүхий захирамжуудыг хүчингүй болголоо. Анхан шатны шүүхээс гаргасан энэхүү шийдвэртэй холбогдуулан “Оюутолгой” болон “Эрдэнэс Оюутолгой” компаниас тодруулсан боловч албан ёсны шүүхийн шийдвэртэй танилцаагүй байгаагаас гадна дээрх мэдээллийг албан бусаар дөнгөж хүлээн аваад байгаагаа хэллээ. Тиймээс албан ёсны байр суурь илэрхийлэх боломжгүй байгаагаа тайлбарласан юм. “Дархан монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагаас тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн дээрх захирамжууд нь илт хууль зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Шүүх хурал удаа дараа хойшилж байсан ч өчигдөр шүүхээс тус төрийн бус байгууллагын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ хэмээн өөрийн цахим сайтдаа мэдээлжээ. Шүүхийн мэдээлэлд дурдсанаар “Дархан монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын нэхэмжлэлийн шаардлагад,

1. “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж/,

2. “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж,

3. Монгол Улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрснийг /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг /тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд хандсаныг шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв” гэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг Дубайн гэрээнд хууль бусаар гарын үсэг зурсан болж, улмаар энэхүү гэрээ хүчинтэй эсэх тухай асуудал хөндөгдөж байна. Гэхдээ Засгийн газар шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй. Энэхүү гэрээг байгуулахад оролцсон Ч.Сайханбилэгийн Засгийн газартай өнөөдөр хариуцлага тооцох боломжгүй, Дубайн гэрээ олон улсын гэрээ учраас олон улсын Арбиртаар шийдэх, төрийн бус байгууллагын нэхэмжлэл хэр үндэслэл байсан, шүүхийн шийдвэр ямар дүгнэлт, мэдээлэл дээр үндэслэсэн гээд олон асуулт хариулт нэхэж байна. Өмнө нь энэ хэрэг дээр ажиллаж байсан “Эрдэнэс Монгол” компанийн хуулийн мэргэжилтэн С.Асланбек "Гэрээ хүчингүй болохыг Захиргааны хэргийн шүүх шийддэггүй, хуулийн хувьд гэрээг хүчингүй болгоно ч гэх ойлголт байдаггүй. Гэрээг "Хүчин төгөлдөр бус" гэж эсвэл "Хүчин төгөлдөр бусад тооцуулах" тухай ойлголт байдаг. Гэрээг ямар тохиолдолд дуусгавар болох, цуцлах, татгалзах, хүчин төгөлдөр бус гэж үзэхийг тухайн гэрээний өөрт эсвэл тухайн гэрээтэй холбоотой гарсан маргаанд талуудын хэрэглэхээр тохиролцсон хуулийн дагуу тайлбарладаг. Дубайн гэрээ гээд байгааг тус гэрээнд заасны дагуу ямар тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзэх вэ. Түүнтэй холбоотой маргааныг аль улсын шүүх, арбитраар аль улсын хуулийг хэрэглэж шийдэх эсэхээс хамаарч гэрээний хүчин төгөлдөр бус, эсвэл дуусгавар болох зэрэг асуудал яригдана” хэмээн нүүр номын хуудсандаа бичжээ. “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр манай улсын эдийн засаг жилд 6-7 хувиар өсөж буй. Энэ оны хувьд ДНБ-ий өсөлт зургаан хувиас буурахгүй гэж олон улсын байгууллагууд онцолсон. Энэхүү өсөлтийн хөрс суурь нь “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт болж байгааг тэмдэглэж байгаа юм. Эргэн сануулахад, энэ гэрээг 2015 оны тавдугаар сард байгуулсан бөгөөд Улаанбаатар, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон хотод хэлэлцээрүүд үргэлжилж Дубай хотод “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан билээ. Үүгээр 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг огт хөндөөгүй бөгөөд зөвхөн далд уурхайн бүтээн байгуулалтыг яаралтай эхлүүлэхээр хоёр тал тохиролцсон юм. Хоёр жил, хоёр сар царцаад байсан далд уурхайн төсөл Дубайн гэрээгээр урагшилж, өнөөдрийн бүтээн байгуулалт, эдийн засгийн сэргэлт бий болсныг эдийн засагчид онцолж буй.
САНАЛ БОЛГОХ