Rio Tinto, TRQ: “Оюутолгой”-н гүний уурхайн төлөвлөгөө хууль зөрчөөгүй

Уул уурхай


ҮАБЗ “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийн гэрээний асуудлаар хуралдсан ч ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй

Монгол Улсад орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг "Оюутолгой" төслийн хоёр дахь шат бүрдүүлж буй. Төслийн "хувь заяа"-г тодорхойлох хувьцаа эзэмшигчид гүний уурхайн төлөвлөгөө хууль зөрчөөгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ. 

Монголын хөрөнгө оруулалтын орчны баро­метр гэгддэг “Оюутолгой”­н далд уурхайн бүтээн байгуулалт ид үргэлжилж буй. Ил уурхайтай харьцуулахад эрдсийн өндөр агуулгатай гүний орд нь төслийн ашиг орлогын гол цөм. Газрын гадаргаас 700 метрийн гүнд орших бүлэг ордыг ил уурхайн аргаар олборлох боломжгүй. Тиймээс төслийн хөрөнгө оруулалтын дийлэнх нь далд уурхайн бүтээн байгуулалт руу орж байгаа. Эдийн засгийн өсөлтийн баталгаа болж буй “Оюутолгой” төслийн гүний уурхайн санхүүжилтийн гэрээ байгуулахтай холбоо­тойгоор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн 2015 онд гаргасан гурван захирамжийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хүчингүй болгосон нь бизнес, хөрөнгө оруулалтын орчинд томоохон эргэлзээ төрүүлээд байна. “Дархан Монгол Ногоон нэгдэл” төрийн бус байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэх асуудлыг Ерөнхий сайд дангаар шийдвэрлэсэн учир илт хууль бус” гэсэн үндэслэлээр маргаан үүсгэсэн билээ. Нэхэмжлэлийн шаардлагад үндэслэн, захирам­жуудыг хууль бус болохыг тог­тоосон гэж Нийслэлийн захир­гааны хэргийн анхан шатны шүү хээс даваа гарагт мэдээлсэн юм. Энэхүү шийдвэртэй холбогдуулан гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаагаа Turquoise Hill Resources мэдэгдсэн. Тус компани шүүхийн албан ёсны шийдвэр тодорхой болсны дараа нэмэлт мэдээлэл өгөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр учраас цаашид давж заалдах боломж нээлттэй байгаа. Хэдий тийм боловч Монголыг сонирхох хөрөнгө оруулагчдад дээрх шийдвэр ихээхэн халтай тусаж байгаа нь дамжиггүй. “Оюутолгой” төслийн ирээдүй хаашаа эргэхээс гадаадын шууд хөрөнгө оруулалт манай улсад цаашид нэмэгдэх эсэх нь шалтгаална. “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч Turquoise Hill Resources компанийн хувьцааны ханш шүүхийн шийдвэр гарснаас хойш Нью­Йоркийн хөрөнгийн биржид 0.07 хувиар буурч, 0.45 ам.доллар болоод байна. Turquoise Hill Resources ­ийн хувьд олон улсад “Оюутолгой”­гоос өөр хэрэгжүүлж буй төсөл байхгүй. Гагцхүү энэ төслийн “хувь заяа”, Монголын Засгийн газрын “ааш”-наас шалтгаалж хувьцааны ханш нь хэлбэлзэж байгаа. Монголын улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн энэ оныг л гэхэд хоёр доллар орчим дээр эхлүүлсэн хувьцааных нь ханш түүхэн доод хэмжээнд хүрч, Нью-Йоркийн бирж дээр арилжаалагдах эсэх нь хүртэл сөхөгдөх болоод байна. Манай улсын дотоодын сан­хүүгийн зах зээлд хүртэл дээрх шийдвэр сөрөг нөлөө дагуулж, төгрөгтэй харьцах ам.долларын ханш төв банкны зарласнаар мягмар гарагт 2705.69 төгрөг болж, даваа гарагтай харьцуулахад хоёр төгрөгөөр нэмэгджээ. Шүүхийн шийдвэрээс гадна “Оюутолгой” төслийн гэрээний хэрэгжилтийг шалгасан Ажлын хэсгийн дүг­нэлтийг МАН­-ын бүлэг УИХ-­ын чуулганаар хэлэлцүүлэх, улмаар 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналтай байгаагаа зарласан. Эдгээр нь хувьцааны ханшид мөн нөлөөлж байгааг зарим шинжээч дурдсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-­ын дарга багтдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийн гэрээний асуудлаар мягмар гарагт хуралдлаа. Гэвч ямар нэгэн мэдээлэл энэ өдөр хийсэнгүй. Зэс, алтны өндөр агуулгатай “Оюутолгой” төслийн хувьцаа эзэмшигч Rio Tinto мөн мэдэгдэл гаргаж, үүндээ гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгийг нэмж дурдсан байна. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд 2015 оны тавдугаар сарын 18­-нд Дубай хотод гарын үсэг зурж, хоёр тал баталгаажуулсан. Ингэснээр 2013 оноос хойш буюу хоёр жил гаруй түр зогсоод байсан гүний уурхайн төслийг дахин эхлүүлсэн билээ. Дэлхийн уул уурхайн салбарт BHP­-ийн араас хоёрт орох, хамгийн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, хамгийн их бэлэн мөнгөний нөөцтэй уул уурхайн компани ямар шийдвэр гаргаж байгааг бусад хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгаа. Хамгийн эрсдэл даах чадвартайд тооцогдох энэ компани хүртэл Монголын улс төрөөс болгоомжилж байгаа нь олон улсын хөрөнгө оруулагчдад ямар дохио илгээх нь тодорхой. “Оюутолгой” Монгол Улсын түүхэнд нэг төсөлд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт болоод зогсохгүй дотоодын хамгийн том уурхайд өнөө тооцогдож байна. Тус төсөл 2019 он гарснаас хойш 524 үндэсний ханган нийлүүлэгч компанитай хамтран ажилласан байна. Төсөл хэрэгжсэн цагаас хойш нийт гурав орчим тэрбум ам.доллар үндэсний худалдан авалтад зарцуулжээ.

САНАЛ БОЛГОХ