Заавал унших зөвлөгөө 2

UB Info

Та Монгол хүн шүү дээ

Үнэхээр эмгэнэлтэй ч юм шиг зүйл байх юм. Тэр юу вэ гэхээр бараг бүгд л энэ улсаас холдохыг бодож байна. Зарим нь боломжтой, зарим нь боломжгүй. Гэхдээ боломж нь гарвал явахад бэлэн. Ойлгож байна л даа. Та ч гэсэн сайхан амьдаар л байгаа. Та ч гэсэн жаргаж инээмээр л байгаа. Гэхдээ бусад нь яана гэж? Явж чадахгүй хүмүүсийн хохь болох гэж үү? Хамтдаа нэг шаварт байж байгаад ганцаараа, гартаа булчинтай болохоороо гараад явна гэж үү? Ард тань 3.3 сая хүн үлдэнэ шдээ? Таны төрөл төрөгсөд байгаа шдээ? Та хэрэв булчинтай юм бол бүгдийг нь гаргаж болохгүй гэж үү? Монгол улс угаасаа бүтэхгүй байна. Ийм газраас явах минь гэж хэлэхдээ өөрөө Монгол улс биш юм шиг ярих юм. Та ч би ч Монгол шүү дээ. Өнөөдрийн манай эдийн засаг ийм сул хөгжилтэй, нэг хүнд ногдох ДНБ багатай байгаа нь та бидний л буруу биш гэж үү? Хоёулаа үүний өмнө хариуцлага хүлээхгүй юу?

Залуучуудаа битгий зугтаа л даа. Тэгэх үү?

Та бид нарыг өдий зэрэгт хүргэх гэж өмнөх үе маань зөндөө л хөдөлмөрлөсөн байх. Зөв бурууг шүүж мэдэхгүй юм. Зөндөө л алдаа байсан байх. Ямартай ч энэ хүртэл явчихсан юм чинь одоо хэдүүлээ дэлбэртэл нь хөдөлмөрлөөд, өөрчлөөд, сайжруулаад явъя л даа тэгэх үү?

Ойлгож байна л даа. Та бол ямар нэгэн үсгээр илэрхийлэгдсэн үеийн, гайхамшигтай хувь хүн, интернетээс Голливудын одод юу идэж буйг харж чаддаг болсон гайхамшигтай үеийнхэн. Гэхдээ яг тан шиг гэртээ суугаад үүнийг үзэх байсан 3 хүн тутмын нэг нь тэнд амьдрал үзэн өлсөж байгааг ойлгож байгаа юу? Эсвэл дэлхийн дулааралд санаа зовоод хажуугийн гудамны хүн нүдэнд тань үзэгдэхгүй байна уу? Хэдүүлээ одоо нэгнээ элдвээр сэдэлжүүлж, юу идэж буйгаа хуваалцахаа багасгаад бодитой зүйлс дээр хамтдаа дуугарч, боломжоороо туславал ямар вэ? Улсдаа гомдоод байлгүй, зүгээр л сайжруулаад явчихъя. Танаас л хамаараад буй шүү дээ. Өөрийгөө битгий голоорой. Та угаасаа чадна. Чадах ч ёстой юм. Өөр хүн алга байна шүү дээ. Бүр нээрээ үнэхээр энэ улс чинь залуусаар, залуусын оролцоогоор, залуусын дуу хоолойгоор, залуусын хөдөлмөрөөр дутаад байна шүү.

Нийгмийн хариуцлага

Дээрхийг уншаад аанха тэгье л дээ гэснээ юу хийх үү? гэж битгий асуугаарай. Тэрийг та өөрөө ол. Үгүй ядаж шууд гараад хүмүүст тусал. Гудамд хог хаяж буй найзыгаа зогсоо. Англи хэлтэй хүмүүс байвал ном унш, мэдээлэл цуглуул. Монгол хэлнээ тэдгээрийгээ буулга. Бусдад түгээ. Хэрэв та боловсролын зэрэгтэй бол тэр чиглэлээрээ судалгаа хий, танилцуул. Таны өмнөөс хэн ч хамаагүй яриад, буруу тийш явуулаад байна. Хүн бүр урдах ажлаа сайн хийгээд явах зөв л дөө. Гоё. Компани бүр бизнесээ тултал хийвэл бас гоё. Гэхдээ байгууллага ч тэр, хувь хүн ч тэр нийгмийн хариуцлага гэж зүйл байх ёстой. Түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй.

Гол нь хамтдаа

Хүнд юу хэрэгтэй? Хүнд хүн л хэрэгтэй. Тийм байхад нэгнээ битгий ад үз, битгий гол. Бүгд л адилхан. Та ч, би ч сайн сайхан зүйлийг л хүсэж буй. Тийм юм чинь хамтраад л явчихъя. Тийм ээ? Би тэнэг санагдаг гэж үү? Тэр асуудалгүй ээ. Та ч гэсэн надад тэнэг санагддаг байж мэднэ. Гэхдээ яах вэ дээ. Хоёр тэнэг нийлээд урагш алхъя л даа? Яагаад болохгүй гэж. Жишээ нь би нэг ном орчуулсан. Их муу болчих шиг болсон. Гэхдээ яах вэ дээ. Хоёулаа тэрийг хүмүүст хүргэвэл ямар вэ? Тэр харин ажил, амьдралын зарчмын тухай их сайн ном байна лээ. Манайханд хэрэг болох байхаа. Өө тийм. Би нэг найзтайгаа сүүлийн хоёр жил цэвэр сайн дураараа эдийн засгийн боловсрол олгох нэвтрүүлэг хийдэг болсон. Та нээрээ бас тэрэнд туслах уу? Хоёулаа хаяа ямар сэдэв хүмүүст хэрэгтэй бол гэдэг талаар ярилцаж байя. Нэмээд хэлэхэд нэг найзтайгаа нийлэн бас л сайн дураараа нийтлэлүүд бичиж хүргээд байгаа. Та ч гэсэн хүнд мэдлэг болоосой гэж бодсон зүйлсээ бич, тэгээд түүнийгээ хамтдаа хүмүүст хүргэж байвал ямар вэ? Үгүй ер нь өөр ямар санаа байна? Зүгээр л хамтдаа бусдад туслах ямар зүйлс байна?

Өгөх өдөр

Тэгэхээр хэдүүлээ хажуудаа байгаа хүмүүстэйгээ хамтран нийгэмдээ, улсдаа сайн сайхан зүйлс хийцгээе тэгэх үү? Одоо жаахан би би би, авъя авъя авъя гэдгээ болиод зүгээр л бусдад өгөх гээд үзье тэгэх үү? Та бүр ямар ч шалтгаангүй за өнөөдөр бол өгөх өдөр гээд өөртөө тунхаглаад үзээрэй. Би хаяа тэгдэг. Тэгээд юу ч авахгүй өгөөд л байя гэж боддог. Бүх өдөр биш, зүгээр л зарим өдөр шүү дээ. Хэзээ ч үхэх юм билээ. Шууд маргааш яагаад биш гэж…

Эх сурвалж: Ganzorig Ganbat

САНАЛ БОЛГОХ