Старлинк төсөл дэлхийгээс сансар огторгуйг судлахад асуудал үүсгэж байна

UB Info

SpaceX компани болон Элон Маскийн хэрэгжүүлж буй нүсэр төслүүдийн нэг нь Старлинк юм. Уг төслийн хүрээнд нийт 42,000 ширхэг хиймэл дагуулуудыг хөөргөж, тэдгээрээ ашиглан дэлхийг тэр даяар нь интернетэд холбох зорилготой бөгөөд сая 5 сард хамгийн эхний ээлжийн 122 ширхэг хиймэл дагуулыг хөөргөсөн юм.

Хэдийгээр Старлинк нь асар их үр нөлөөтэй, чухал төсөл мөнөөс мөн хэдий ч ийм олон объектуудыг сансарт хөөргөснөөр дэлхий дээрх дурангуудаар сансар огторгуйг судлахад саад болох вий гэж судлаачид эмээж байсан юм. Гэтэл 42,000 байтугай дөнгөж 122 нь л хөөрсөн байхад бидэнд аль хэдийн асуудал тулгараад эхэлжээ. Доор үзүүлсэн зураг бол 11 сарын 18-ны өдөр Чили улсын хойд хэсэгт байрлах Cerro Tololo одон орон судлах төвийн Dark Energy Camera (DECam)-ийн авсан зураг бөгөөд зурагт тэр чигээрээ Старлинкийн хиймэл дагуулууд орсноос болоод хэрэглэгдэхээргүй болсон байна. Ганц нэг дуранд өртсөн хиймэл дагуулуудыг эвтэйхэн арилгах арга аль хэдийн судлаачдын дунд бий болсон хэдий ч Старлинкийн хэмжээний олон хиймэл дагуулууд хөөрөх тусам дэлхийгээс ажиглалт хийх улам л хүнд болох шинжтэй байна даа.

Хаббл болон Жеймс Вебб зэрэг дурангууд дэлхийгээс ажиглалт явуулдаггүй тул үүнд өртөхгүй хэдий ч улс бүр сансарт дуран илгээгээд байж чадахгүй нь тодорхой билээ. Тийм болохоор энэ талаар ихээхэн нухацтай яриа ирээдүйд өрнөх болов уу хэмээн найдаж байна.

Бас үүнтэй холбоод нэг сэдэв хөндөх нь зүйтэй болов уу. Одон орон судлах оргилуудад дэлхийн тойрог зам дахь асуудлаас гадна дэлхий дээрх өчнөөн асуудлууд нөлөөлж байдаг. Хэрэв санаж байгаа бол өнгөрсөн жил Монголдоо ганц байдаг Хүрэл тогоотын одон орон судлах оргилын хажууд комплекс орон сууц бариулахыг эсэргүүцэж байсан даа. Гэтэл одоо аль хэдий тэр барилгууд нь баригдчихаад, бас хажууханд нь Скай Ресорт ашиглалтад орчихсон учраас одот тэнгэр ажиглахад улам л хэцүү болж байна гэж байсан. Одон орны судалгааны төвүүд нь хүний хөл, хотын гэрлээс ангид газар байрлах ёстой. Олон барилга байшин хажууд нь баригдах тусам гэрлийн бохирдлоос болж ажиглалт явуулах боломжгүй болдог.

Гэрлийн бохирдлын нөлөөг бодитоор хармаар байвал ЭНД дарж бичлэгийг сонирхож үзээрэй.

Зургийг: (Cliff Johnson/Clara Martínez-Vázquez/DELVE Survey)-аас.

САНАЛ БОЛГОХ