Заавал унших зөвлөгөө 3

UB Info

Төрөхөд нь шийдсэн хувь тавилан буюу Спарта

Спарта бол Грекийн бусад хотуудаас арай өөр байв. Тэнд хүүхэд гэдэг улсын өмч байх ба шууд л багаас нь цэрэг болгохоор сургадаг байсан гэдэг. Гэхдээ бүгдийг биш. Тэд эхлээд нялх хүүхэд дээр очин усанд биш дарсанд оруулдаг байж, улмаар тэр хүүхэд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс цэрэг болох эсэхийг шийддэг байсан. Мэдээж цэрэг биш бол шууд боол шүү дээ. Ийнхүү цэрэг болохоор сонгогдсон хүүхдүүдийг 7 настай байхад нь ээжээс нь салгаж бэлтгэлийг нь эхлүүлдэг байсан. Учир нь ээжтэй нь ойр байлгах нь тэднийг сул дорой болгоно хэмээн үзэж байв. Ийнхүү 20 нас хүрэхэд нь тэдгээр эрсэд тодорхой шалгуур тавьж унасан цэргийг дундаж давхарга болгон явуулдаг. Харин тэнцвэл тэдэнд боол бас газар өгөн цэрэг хэмээн цоллодог байсан ажээ. Ийнхүү тэд 60 хүртлээ төрийн албанд үзнэ шүү дээ.

Нэг бодлын амар ч юм шиг. Шууд төрөхөд нь хүрэх газар, зорилгыг нь заагаад өгчихдөг.

Төөрөгдөл

Тэгэхээр ийм юм. Амьдрал үнэндээ Спарта шиг байдаггүй ажээ. Таныг төрөхөд шууд танд зорилго оноож өгөөд л бөгсөн дээр чинь тамгалаад л гаргаад байдаггүй. Уг нь аялалд гарахдаа, гэрээс гарахдаа бид бүгд очих газрынхаа тухай жижиг төсөөлөлтэй байдаг. Гэтэл амьдрал хаа хүрэх тухай ямар ч төсөөлөл үгүй. Тийм ч болохоор баахан төөрсөн, яахаа мэдэхээ больсон, амьдралын утга учир хайсан хүмүүс. Хайж эхэлсэн нь том амжилт ч олж дуусахгүй бол жаахан тийм. Тэгэхээр ер нь хүн яах гэж хорвоод ирээд, яах гэж оршоод байдаг юм бэ? Зарим хүний боддог шигээ өөрөө өөрийгөө аз жаргалтай байлгахад амьдралын утга учир нь оршдог юм уу? Эсвэл дотоод амар амгаланг олоход юм уу? Миний хувьд хэзээ ч тийм байгаагүй. Надад сүүлийн хоёр өгүүлбэр нь хэтэрхий амин хувиа хичээсэн зорилго мэт санагдана. Таны хувьд харин юу вэ? Өөрөөр таны амьдралын зорилго юу вэ?

Хүн хүндээ л туслах гэж оршин буй

Та өөрийгөө ширэнгэн ойд байна хэмээн төсөөлөөрэй. Тэнд та болон танаас гадна 5-н настай жаахан охин л байгаа. Өөр хэн ч байхгүй. Тэрхүү ойд маш хүйтэн бас араатан амьтад дүүрэн байгаа. Тэр үед ямар ч хүний толгойд би энэ 5-н настай охиныг аврах ёстой л гэж бодол орно шүү дээ. Тэр хүн тийм л зорилготой болно. Энэ бол амьдралын ердөө хялбаршуулсан загвар юм. Бидний өнөөгийн амьдрал үүнээс хэд дахин төвөгтэй бас том. Гэхдээ суурь томъё нь ижил. Бид нэгэндээ л туслах гэж, нэгэндээ л сайн сайхан зүйлсийг өгөх гэж энэ хорвоод оршдог байна. Өөрөөр хэлбэл хүн бүрийн зорилго явж явж эцэстээ өөр бусад хүндээ л туслах байдаг гэдэгт би итгэдэг. Таны хувьд өөр байж болно. Гэхдээ би хувьдаа ингэж л боддог юм.

Зорилго

Танд өөрийн бас нэгэн ойлголтоосоо хуваалцъя. Энэ нь амьдралын тухай юм. Тэгэхээр ийм юм байна. Амьдрал гэдэг нэг тийм зам юм байна. Тэр замд заавал чиглэл хэрэгтэй ба түүнийг нь бид Алсын хараа буюу Вишн гэдэг юм байна. Хэрэв тэр чиглэл байхгүй бол бид хаа хүрэхээ мэдэхгүй гэрээсээ гараад явж байгаатай ижил санагдана. Тэгээд очих газаргүй тул хамаагүй таарсан газартаа алхаж байгаад л үхэх байх. Жаахан тийм биш гэж үү? Тийм болохоор бид алхах чиглэлээ үргэлж хайх ёстой юм билээ. Яагаад энэ зүгээр л гараад ирдэггүй, хайдаг вэ гэхээр хүн хүндээ зориулан дэндүү их зүйлийг сүүлийн 300 мянган жилийн хугацаанд бүтээжээ. Тэгэхээр та юу бүтээх вэ гэдгийг олохын тулд түүх, нийгэм, шинжлэх ухаан гээд бүгдээр нь зэрэг аялах шаардлагатай болдог юм билээ. Нэгэнт чигээ олсон бол та түүнийгээ сайтар төсөөлөөрэй. Угаасаа та Вишн гэдэг үгийг мэдэх л байлгүй. Энэ нь үнэндээ зүгээр л ирээдүйн сайн сайхны тухай цухас төсөөлөл юм шүү дээ. Мундаг алсын хараатай гэх хүмүүс ердөө л ирээдүйн тухай хүчтэй төсөөлөлтэй хүмүүс байхгүй юу даа. Би дандаа нэг зүйлийг өөртөө хэлдэг. Тэр нь сэтгэл хүрсэн газар үйлдэл хүрдэг юм гэх үг.

Таталцал

Та хэрэв зорилгоо төсөөлж, сэтгэл дотроо биежүүлж чадвал та нэгэн зэрэг хоёр амьдралаар амьдарч эхлэх болно. Тэр нь яг өнөөдөр буй нөхцөл байдал ба нөгөөх нь таны ирээдүйн тухай төсөөлөл тань юм. Түүнчлэн энэ хоёр тань хоорондоо таталцаад эхлэх болно. Үйлдэл бүхэн чинь энэ хоёр амьдралыг нэг болгоход чиглээд эхлэх болно. Ингэж л хүний амьдрал хэлбэрждэг гэж боддог. Тэгэхээр та өөрийнхөө ямар ирээдүй рүү тэмүүлээсэй, ямар зүйлтэй таталцаасай гэж хүсэж байна. Түүнийгээ л төсөөлж, өөрийнхөө вишн болгоорой.

Гэхдээ ингээд л бүх зүйл болчих биш шүү. Та зөвхөн явах зүгээ л олсон хэрэг шүү. Танд одоо зарчим, үнэт зүйлс, ур чадвар гээд маш олон зүйлс хэрэгтэй. Тэдгээрийн тухай дараагийн зөвлөгөөгөөр хүргэнэ ээ. Та хүлээж байгаарай. Бас та үүнийг зөндөө хүнд хүргээрэй. Тэд ч гэсэн зорилго гэж юу байдаг тухай мэдэх хэрэгтэй байх тийм ээ?

Эх сурвалж: Ganzorig Ganbat

САНАЛ БОЛГОХ