Донор болсны дараа өрхийн эдийн засаг сүйрч байна
Онцлох нийтлэлүүд
- Донор болсны дараа хоёр жил гам барих хэрэгтэй ч орлогогүй суухаар амьдрал доройтдог тул гурван сар болоод ажилдаа оржээ
- 2018 онд л гэхэд УГТЭ, ГССҮТ, УНТЭ-т тархиндаа цус харвасан, тархинд нь гэмтэл үүссэн донор болж болохоор 70 гаруй хүмүүсийг илрүүлж, мэдээллийн сандаа бүртгэсэн байна Тархины үхжилттэй нэг донор найман хүнд амьдрал бэлэглэх боломжтой
- Нагац ах маань өөрөө 80 орчим сая төгрөг төлж элгээ солиулсан болохоор намайг мөнгө санхүүгээр тэтгэх боломжгүй шүү дээ
- Эмнэлэгт байхад нэг гэрээн дээр гарын үсэг зуруулсан юм. Та эмчилгээний төлбөр дөрвөн сая төгрөг халамжаас буцааж авна гэсэн утгатай бичиг байсан шиг санагдана. Элгээ өгсний дараа 14 хоног эмчилгээ хийлгэж гараад нөгөө мөнгөө авахаар хөөцөлдсөн чинь таны эмнэлгийн төлбөрт таарсан байна гээд нэг ч төгрөг олдоогүй
Жилээс жилд эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүсийн тоо нэмэгдэж байна хэмээн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал Т.Мөнхсайхан ихэд санаа зовсон байдалтай өгүүлсэн. Энэ бол цөөн хүн амтай, эдийн засгийн чадамж муутай ард түмний хувьд том эмгэнэл. Зөвхөн бөөрний өвчлөл гэхэд л нэлээд том тоогоор яригдах боллоо. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд дийлэнх нь бөөрний үйл ажиллагаа сул, үрэвсэлтэй байдаг нь өвчнийг ужигруулах, эцэстээ дутагдалд оруулах нэг шалтгаан болдог ажээ. Гэхдээ тартагт нь тултал явж эрхтнээ солих хүртлээ өвчнөө хүндрүүлэхээс өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь хэн хүний эрүүл мэнд, эдийн засагт тустай гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу. Цаашдаа эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өртөг дэлхий дахинд өсөх хандлагатай байгааг ч эмч нар хэлж байгаа юм. Тухайлбал, ХБНГУ-д ажиллаж, амьдардаг Т.Тэрбиш эмч өөрийн нүүр номын хуудсандаа “Хавдрын эмчилгээ хүн бүрт индивидуал (нэг эмчилгээний арга хүн бүрт тохирохоо больсон) болж эхэлж байна. Курс эмчилгээний өртөг нэмэгдэж байна. Энэ үнийн өсөлт ойрын жилүүдэд зогсохгүй нь. Монголын эрүүл мэндийн салбар ч үнийг тойрч гарахгүй. Жил ирэх тусам илүү их хөрөнгө шаардлагатай болно. Одооноос санхүүжилтийн асуудлаа ул суурьтай төлөвлөхгүй бол бид ядуугаасаа болж үхсээр байх болно” хэмээн бичжээ. Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай болсон хүмүүсийн хувьд эмчилгээний зардал, дархлаа дарангуйлах эм гээд эдийн засгийн сүйрэлд орж байна гэж хэлэхэд болно. Гэхдээ дархлаа дарангуйлах эмийг улсаас өгдөг нь чамгүй дэмжлэг болж байгаа юм. 2019 оны гуравдугаар улирлын байдлаар дархлаа дарангуйлах эмийг 500 гаруй хүн УНТЭ-ийн хяналтад ууж байна. Статистик сөхвөл, энэ оны эхний улирлын байдлаар эрхтэн шилжүүлэн суулгах албаны хүлээх жагсаалтад бөөр шилжүүлэн суулгах 204 хүн, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах шаардлагатай 50 хүн, Хавдар судлалын үндэсний төвийн дараалалд элэг шилжүүлэн суулгах 50 гаруй хүн бичигджээ. Энэ бол өнөөдөр манай улсад өвчлөл ямар байгааг харуулах баримт. Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүсийн тоо өсөхийн хэрээр донорын асуудал хурцаар яригдах боллоо. Манай улсад Донорын тухай хууль хэрэгжээд хоёр жил болох гэж байна. Гэтэл сайн дураараа донор болох хүн тийм ч элбэг биш байдаг аж. Үүнээс болоод өвчтөнүүд цаг алдах тохиолдол гарсаар байна. Хууль батлагдахаас өмнө зөвхөн амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгадаг тогтолцоотой байсан бол өдгөө тархины үхжилттэй донороос авах боломж хуулиар бүрдсэн. Гэвч осол аваарт орж, тархи нь үхэжсэн хүмүүсийн ар гэр нь донор болгохоос дургүйцдэг байна. Тархины үхжилттэй донороос эрхтэн авах боломжтой болсноор эмчилгээ шаардлагатай хүмүүст амь аврагдах нэг гарц нээгдсэн. Харин энэ нь манай улсын хувьд хэрэгжүүлэхэд амаргүй байгааг Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нар хэлж байгаа юм. Ард түмэн донорын хуулийн талаар мэдлэггүйгээс болоод олонх нь зөвшөөрдөггүй гэж байлаа.
Донорыг харж үздэг бодлого байдаггүй
Ажлаа хийж явсан хүнийг донор болгож, хөдөлмөрийн чадварыг нь түр хугацаанд алдуулж байснаас тархины үхжилттэй донороос эрхтэн авах нь хамгийн зөв шийдэл болоод байна. Учир нь ажлаа хийж яваад хамаатан садныхаа донор боллоо гэхэд тухайн хүн өөрөө хохирч үлддэг харамсалтай жишээ бий. Тухайлбал, иргэн Д гурван жилийн өмнө нагац ахынхаа элэгний донор болжээ. Тэр үед эмнэлэгт 10 гаруй хоног хэвтэн эмчлүүлж элэгнийхээ ихэнх хэсгийг өгчээ. Гэтэл эмч нар “донор болсон тул элгээ нөхөн төлжтөл гам барих хэрэгтэй. Гурван килограммаас дээш хүнд зүйл өргөж болохгүй. Хоёр жил ажил хийлгүй гэртээ амарч, биеэ тэнхрүүлээрэй” гэсэн зөвлөгөө өгчээ. Гэвч дөрвөн хүүхэдтэй, ганц эхнэр нь бага цалинтай ажил хийдэг гэр бүлийн хувьд хоёр жил гэртээ сууна гэдэг хүнд байв. Өрхийн орлого хумигдаж, эдийн засгийн байдал хүндэрснээр аргагүйн эрхэнд гурван сар болоод ажилдаа оржээ. Тэрбээр “Би эрхтэний донор болсон хүнд улсаас ямар нэг халамжийн тэтгэмж өгдөг байж магадгүй гэж бодсон. Бас өөрөө холбогдох газраар явж судалж үзлээ. Гэтэл харж үзэх бодлого байдаггүй юм билээ. Элгээ өгч эрүүл мэндээрээ хохироод, ажил хийхгүй суухаар өрхийн орлого багасаж, амьдрах аргагүй болсон. Эмнэлэгт байхад нэг гэрээн дээр гарын үсэг зуруулсан юм. Та эмчилгээний төлбөр дөрвөн сая төгрөг халамжаас буцааж авна гэсэн утгатай бичиг байсан шиг санагдана. Элгээ өгсний дараа 14 хоног эмчилгээ хийлгэж гараад нөгөө мөнгөө авахаар хөөцөлдсөн чинь таны эмнэлгийн төлбөрт таарсан байна гээд нэг ч төгрөг олдоогүй. Над шиг ингэж эрхтэний донор болсон хүмүүс хохироод үлддэг юм байна. Нагац ах маань өөрөө 80 орчим сая төгрөг төлж элгээ солиулсан болохоор намайг мөнгө санхүүгээр тэтгэх боломжгүй шүү дээ. Тэгээд ч дүүдээ баярлалаа гээд хэдэн төгрөг өгчихвөл эд эрхтэний наймаа гэж үзэх юм билээ. Тиймээс донор болсон хүмүүст халамжийн үйлчилгээ үзүүлдэг тогтолцоотой болмоор байна. Хэдийгээр буянтай үйл боловч хоёр жил ажил хийхгүй байна гэдэг өрхийн эдийн засгийн хувьд хохиролтой юм. Ядаж хоёр жил гэртээ суух хугацааны НДШ-ийг улс төлдөг зохицуулалттай бол болж байна. Ийм зохицуулалт байхгүй болохоор донор болсон нь хохирч үлдэх юм. Би өөрөө барилгын ажил эрхэлдэг хүн. Хэдийгээр хүнд юм өргөхгүйг хичээдэг ч ажлын шаардлагаар гам барьж чадахгүй юм билээ. Хагас болсон эрхтэний хувьд бол яахав, гурван жилийн хугацаанд ургаж, хэвийн болсон” гэж ярилаа.
Хамгийн зөв шийдэл бол тархины үхжилттэй донор
Тиймээс л тархины үхжилттэй донорыг сонгох нь хамгийн зөв гарц гэдэг иргэн Д-гийн ярианаас анзаарагдлаа. Ийм төрлийн донор тийм ч ховор байдаггүй юм билээ. Манай улс осол аваарт өртөж буй хүний тоогоор дэлхийд дээгүүрт бичигдэж буй. 2018 онд л гэхэд Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгүүдэд тархиндаа цус харвасан, тархинд нь гэмтэл үүссэн, донор болж болохоор 70 гаруй хүнийг илрүүлж, мэдээллийн сандаа бүртгэсэн байна. Осол гэмтлээс болж жилд барагцаагаар 500-600 хүн нас бардаг гэсэн статистик мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг. Ийм том тоо бичигдэж байхад донор хамгийн элбэг олдох найдвар бий гэсэн үг. Уг нь дэлхий дахинд донорын асуудлыг глобал түвшинд шийдсэн байдаг. Европт бол донорын сан бүрдүүлж хуваарилдаг томоохон байгууллага бий. Евротрансплантад хэрэгтэй эрхтэнийхээ захиалгыг өгөөд л цаг алдалгүй шийдэх боломжтой. Манай улс шиг донор хүлээж, зөвшөөрүүлэх гэж цаг хугацаа алдах шаардлага гарахгүй. Уг нь манай улс ч гэсэн High Urgency тогтолцоог бүрдүүлэх, улс хоорондын organ sharing хийхийг хуулиар зөвшөөрөх цаг болсон баймаар. Гэтэл өнөөх л хөгжлөөс сүүл мушгидаг зангаасаа салахгүй нь. Төр засгийн бодлого шийдвэр нь дэлхийн хөгжлийн хурдыг гүйцдэггүй улсын хувьд эмч мэргэжилтнүүд нь хэчнээн мундаг чадварлаг байгаад хэрэг алга. Тэдний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, урам зориг хайрлах сэтгэл төр, засгийн удирдлагуудад дутаж байна. УНТЭ-ийн эрхтэн шилжүүлэн суулгах багийнхны хувьд төлөвлөсөн ажил их. Ирэх оны дөрөвдүгээр сард элэг шилжүүлэн суулгах 100 дахь мэс заслыг хийнэ. Мөн 2020 оны хоёрдугаар улиралд багтааж нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс засал хийхээр бэлтгэж буй гээд ар араасаа ажил ундарсаар. Энэхүү эмчилгээний ололтод эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан өөрсдөө сэтгэл хангалуун байна. Тус багийн эмч П.Батчулуун “Монголд эрхтэн суулгуулсан хүмүүсийн амьдралын чанар эрс сайжирч, бөөр шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн 99 хувь нь нэгээс дээш жил амьдарч байгаа. Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт элэг суулгуулсан хүмүүсийн 93 хувь нэгээс дээш жил амьдарч байна. Хавдар судлалын үндэсний төвд суулгуулсан хүмүүсийн 90 хувь нь, ясны чөмөг шилжүүлэн суулгуулсан хүмүүс 100 хувь нэгээс дээш жил амьдарч байгаа нь бидний ажлын үр дүнг харуулах буй байх. Мөн эрхтэн шилжүүлэн суулгуулаад гурав, тав, арван жил амьдарч байгаа нь энэ эмчилгээний үр дүн сайн болсныг харуулж байна” хэмээв. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний технологи улам боловсронгуй болсоор. Дэлхий дахинд том дэвшил болж буй үүдэл эсийн эмчилгээг туршиж байна. Хэрэв үүдэл эсээс элэг, бөөр, зүрх ургуулах эмчилгээний туршилт амжилттай болбол монголчуудад ч гэсэн таатай байх юм. Үүдэл эсээр эмчилдэг болбол заавал донорын эрэлд хатаад байх хэрэггүй болно. Энэ эмчилгээний арга амжилтад хүртэл тархины үхжилттэй донорын хэрэгцээ их байх нь. Иймээс бусдын амийг аврах сайн үйлсэд нэгдэх, уужуу сэтгэлтэй байхыг монголчуудадаа уриалмаар байна. Төр засаг ч гэсэн энэ асуудлыг анхааралдаа авч, донор болж эрхтэнээ бэлэглэсэн хүмүүсийн амьжиргааг дэмжих талаар бодлого боловсруулах хэрэгтэй болов уу.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй