Д.Амарбаясгалан: Томсгосон тойрог иргэдэд таалагдана гэж тооцоолсон

Улс төр
  • МАН-ын Удирдах зөвлөлөөс сонгуулийг томсгосон тойргоор явуулах тухай заалт оруулах чиглэл өгсөн
  • Томсгосон тойргийн давуу тал мөнгө тараах, "царцаа" зөөх зөрчлийг багасгаж бүсчилсэн хөгжилд түлхэц болно

АН сонгуулийн 50+26 хувилбараас буцаж, томсгосон мажоритар буюу нэг тойрог олон мандаттай байх хувилбарыг дэвшүүллээ. Эл хувилбар мөнгө тараах, “царцааны нүүдэл” ашиглах боломж бага учраас иргэдэд таалагдана гэж тэд тооцоолжээ.

МАН-ын генсек Д.Амарбаясгалангаас Удирдах зөвлөлийн шийдвэртэй холбогдуулан зарим зүйлийг тодрууллаа.

-МАН-ын удирдах зөвлөл сонгуулийн тогтолцоог ямар хувилбараар явуулахаар шийдвэрлэсэн бэ?
-МАН-ын Удирдах зөвлөлийн хурал 90 хувийн ирцтэй хуралдлаа. Гишүүн Л.Энх-Амгалан нарын өргөн барьсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд сонгуулийн тогтолцоог 50+26 хэлбэрээр явуулах санал гаргасан. Гэвч УИХ-ын гишүүд, улс төрийн нам, иргэд сонгогчдоос эсэргүүцэл үзүүлж байгаа. 50+26 гэсэн холимог хувилбар Үндсэн хуулийн зөрчилд хүргэнэ, намын нэрийн ард нуугдаж орж ирдэг улстөрчдөд зориулсан тогтолцоо гэх шүүмжлэл их гарсан. Мөн одоогийн мажоритар жижиг 76 тойргийн тогтолцоогоор гишүүн бүр тойрогтоо хөрөнгө оруулалт татахын тулд төсвийг тарамдуулж, томоохон бүтээн байгуулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрт саад болдог, аймаг орон нутгийн хөгжилд ч том бүтээн байгуулалт хийх боломж олгохгүй байна гэсэн шүүмжлэл бий. Тиймээс Удирдах зөвлөл иргэдийн санал хүсэлтийг харгалзан томсгосон тойргийн хувилбараар сонгууль явуулах нь зохимжтой гэж шийдэж УИХ дахь бүлэгт энэ хувилбараар сонгуулийн хуулийг өөрчил гэсэн чиглэл өгсөн.

-Томсгосон нэг тойрог гэхээр 2008 онд сонгууль явуулсан хувилбар гэж ойлгож болох уу?

- 2008 онд сонгууль зохион байгуулсан томсгосон мажоритар буюу нэг тойрог олон мандаттай байх хувилбар л даа. Сонгуулийг аль болох томсгосон тойргийн хэлбэрээр зохион байгуулж, сонгогчид лидер болсон улстөрчдийг сонгох, сонгогдсон хүн нь иргэдээ бүрэн төлөөлөх боломжийг бүрдүүлэх нь чухал. Ер нь Монгол Улсын хөгжилд бүсчилсэн бодлого зохимжтой гэдгийг удаа дараа ярьдаг. Тиймээс ойрын хугацаанд бүсчилсэн тойргийн тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Удирдах зөвлөлийн гишүүд энэ хувилбарыг сонгох болсон гол шалтгаан нь юу вэ?

-Жижиг тойргоор сонгууль явуулахад мөнгөний хүчин зүйл нөлөөллөө гэдэг шүүмжлэл байнга гардаг. Тэгэхээр том тойрогт мөнгө тарааж сонгогдох магадлал алга болно. Мөн жижиг тойрогт “царцааны нүүдэл” ашиглаж санал хураалтад нөлөөлдөг байдал даамжирлаа гэж шүүмжилдэг. Томсгосон тойрогт тийм боломж бага учраас энэ хувилбар иргэдэд таалагдана гэж тооцоолсон.

-Одоогийн сонгуулийн мандатын хуваарилалтад өөрчлөлт оруулах уу?

-2016 онд сонгуулийн жижиг 76 тойргийг тогтоохдоо алдаа, дутагдал их гаргасан. Аймгуудын мандатыг хассан, заримд нь нэмсэн зүйл бий. Үүнийг энэ удаад засна. Гэхдээ эхлээд тогтолцоогоо хуулиар шийдэх ёстой. Дараа нь тойргийн мандатын хуваарилалтыг Төрийн байгуулалтын байнгын хороонд санал гаргаад хэлэлцэн батлах байх.


САНАЛ БОЛГОХ