Талбай дээгүүр машинтайгаа "Таанц эргэх" боломжгүй боллоо

Онцлох нийтлэлүүд
  • Төрийн тусгай хамгаалалтын газраас захиалж, нийслэл гүйцэтгэсэн боржин чулуун хаалт аюулгүй байдлыг хангах чухал алхам болно

Өчигдөр өглөөнөөс эхэлж иргэдийн дунд эргэлзээ төрүүлсэн зүйл бол төв талбайн “чимэг” боржин чулуун хаалтууд байлаа. Уг хаалтыг “булшны чулуу босгочихож” гэж гоочлох нэгэн байхад “аюулгүй байдлаа хангасан бат бөх тусгаарлагч болж” гэж өмгөөлөх нь ч байв. Харин хаанаас захиалж, хэн гүйцэтгэснийг хэвлэлийнхэн эрээд сураад олсонгүй гэв. Тэгвэл уг хашлагыг Төрийн тусгай хамгаалалтын газраас захиалж, нийслэлээр гүйцэтгүүлсэн юм байна. Гаднын зочид хүлээж авах, хүүхэд залуусыг хамарсан үйл ажиллагаа болох зэрэг талбайд болдог олон үйл явдлын үед хоёр талын авто замыг заагласан бордюр ч үгүй задгай талбайн аюулгүй байдал гологддог. Олон улсын стандартад төв талбайдаа арга хэмжээ зохион байгуулах үед босгоод хашчихдаг, бусад үед буулгаад эвхэгддэг никель хаалт байдаг. Төрийн ордны төв талбай тул тусгай хамгаалалтынханд энэ асуудал хамаатай. Тиймээс стандарт бүхий эвхэгддэг хаалт хийлгэх захиалга өгсөн ч халуун, хүйтэн ээлжилдэг уур амьсгалтай Монгол оронд зам руугаа эвхэгдэж хураагддаг хашлага тохиромжгүйн дээр төсөвт өртөг нь маш их гарсан байна. Тиймээс машин мөргөөд эвдчихгүй, хүн зөөвөрлөөд хялбархан аваад явчихгүй шийдэл бол боржин чулуун хаалт байжээ. Хөгжил бүхэн шүүмжлэл дагуулдаг хойно, элдвээр хэлүүлж, элэг доог болж байгаа ч аюулгүй байдалд оруулах хувь нэмрийг нь ойлгох цаг удахгүй ирнэ. Жагсаж тэмцэгчид, согтуу жолооч гээд хэн дуртай нь хэзээ ч хамаагүй талбай дээгүүр машинтайгаа “таанц эргэдэг” эрсдэлтэй нийгэмд энэ нь зөв шийдэл болжээ





САНАЛ БОЛГОХ