ҮАБЗ-ийн нууцыг задруулсан этгээдийг олж, эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэ

Нийтлэлчийн булан
  • 10 сая төгрөгөөс дээш дүнтэй тэтгэврийн зээл оны төгсгөлд их хэмжээгээр гарсан гэх мэдээлэл хардлага дагуулах гол үндэслэл боллоо
  • Тэтгэврийн зээл авах хүсэлтэй иргэд банкинд очоод тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэхээ үзүүлж, гэрээ байгуулан мөнгөө шууд авах боложтой тул мэдээлэл задарсан даруйд богино хугацаанд олон зээл гарсан байх талтай

“Чамд л гэж хэллээ шүү, цааш нь ярив даа” хэмээн нэгээс нөгөөд дамждаг ховын сүлжээг энэ удаад улсаа хорлох хэмжээнд ашигласан юм биш биз гэх хардлага сүүлийн өдрүүдэд өвсөнд тавьсан түймэр мэт тархлаа. Шинэ оны босгон дээр Төрийн тэргүүн мэндчилгээндээ тэтгэврийн зээлийг тэглэх тухай дурдахаас өмнө том сюрпризийг нь “тусгай нүхээр” задалсан байх магадлал өндөр байна. Үүнийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил баараггүй гэж үзсэн. Тэрбээр Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг байнгын хороогоор хэлэлцэх үед “10 саяас дээш дүнтэй тэтгэврийн зээлүүд бүгд оны төгсгөлд гарчээ. Тэдгээр зээлийн нийт дүн 100 гаруй тэрбум төгрөг болсон. Энэ бол бодит баримт шүү. Тэгэхээр ҮАБЗ-ийн зөвлөмж 12 дугаар сарын 30, 31-ний өдрөөс өмнө гарсан байж таарах нь. Эсвэл тийм зөвлөмж гарах нь ойлгомжтой болсныг урьдчилан задруулсан” хэмээн ноцтой мэдээлэл хийсэн юм. Түүний хэлснээр мэдээлэлд ойр, зөвлөмж гарахыг мэдсэн таван мянга орчим иргэн 10 сая төгрөгөөс дээш зээлийг өнгөрсөн сарын сүүлээр авсан болж таарах нь. Хэрэв тийм бол яг л 1991 оны 20 дугаар тогтоол шиг мэдээлэлд ойр хэсэг хожсон шударга бус явдал давтагдсан гэсэн үг. Тухайн үеийн Засгийн газар, нам, төрийн удирдагчид маш нууцаар “Эдийн засгийг зах зээлийн зохицуулалтад шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 20 дугаар тогтоолыг 1991 оны эхээр гаргасан юм. Үр дүнд нь мөнгөний ханш огцом унаж, бүх төрлийн барааны үнэ өсөж, иргэдийн банкинд хадгалуулсан олон жилийн мөнгөн хуримтлал цаас болон хувирсан. Харин мэдээлэлд ойр байсан хэсэг хүмүүс нууцыг тодорхой хүрээнд задруулж хожоо гаргасан нь хожим тодорхой болсон юм. Энэ үйл явдлын давтамж тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн өмнө өрнөсөн эсэхийг нягтлахын тулд тэдгээр иргэдэд хэн төрийн нууц мэдээллийг өгсөн бэ гэх хардлагад хариулт хайх хэрэгтэй. Юун түрүүнд “тусгай нүх” хэмээгч нууц задруулсан сувгийг ҮАБЗ-ийн хуралд оролцсон гишүүдээс гадна ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, илтгэгч, зөвлөх, нууцын эрхлэгчээс хайх ёстой бус уу гэх шивнээ Төрийн ордонд тарсан. ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцсэн асуудал Төрийн болон албаны нууцын тухай хуулиар шууд төрийн нууцад хамаардаг. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 17.5-д “Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэлд хугацаа тогтоох боломжгүй бөгөөд тодорхой үйлдэл хийснээр, эсхүл үйл явдал болсноор ил болох бол тухайн нөхцөлийн дагуу нууцална” гэж заадаг. Эндээс үзэхэд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, нууцын эрхлэгч хоёр тус зөвлөлөөс гарсан зөвлөмжийн нууцлалыг Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэх хүртэл хадгалах үүрэг хүлээжээ. Энэ талаар ҮАБЗ-ийн ажлын дотоод дүрэмд ч тодорхой тусгасан байна. Тухайлбал, “Зөвлөлийн хуралдаан, түүний шийдвэр болон үйл ажиллагааг зөвхөн Зөвлөлийн нарийн бичгийн даргын тогтоосон хүрээнд Зөвлөлийн ажлын алба мэдээлнэ” гэсэн байгаа. Эдгээр хууль, дүрмийн заалтаар ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, түүний удирдлагад ажилладаг референт нууц задруулсан гэх хардлагад өртөж байгаа юм. Тэдэнд хүлээх хариуцлагыг “Монгол Улсын төрийн нууцыг хамгаалах журам”-ын дагуу шийдэх ёстой. Тус журамд нууц мэдээлэл, баримтыг санаатай болон болгоомжгүй байдлаар задалсан, үрэгдүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээх заалт бий. Харин ҮАБЗ-ийн хуралдаанд оролцсон хүмүүс мэдээлэл задалсан гэж үзвэл хариуцлага тооцох механизм байхгүй. Уг нь ҮАБЗ-ийн ажлын дотоод журамд хуралдаанд оролцогсод хэлэлцсэн асуудлын нууцыг чандлан хадгалж задруулахгүй байх үүрэг хүлээдэг байсан боловч 1999 онд хүчингүй болгосон аж. Хэрэв эл журам хүчин төгөлдөр үйлчилж байсан бол “хэрэгтнийг” дор нь илрүүлэх боломжтой байлаа. Өөр нэг хардах өнцөг нь Засгийн газрын хуралдаанд оролцсон хүмүүс ҮАБЗ-ийн мэдээллийг задруулсан байх талтай. ХНХ-ын сайд С.Чинзориг ҮАБЗ-ийн зөвлөмжийг 12 дугаар сарын 30-нд хуралдсан Засгийн газрын хурлын үеэр мэдсэн гэдгээ хэлсэн. Тиймээс тус хуралд суусан сайд нар болон холбогдох албан тушаалтнууд тэтгэвэр тэглэх мэдээллийг тэр даруйд хамаарал бүхий этгээддээ дамжуулсан байж болох биш үү. Эсвэл сайд нар зөвлөмжийг хэрэгжүүлэх үүднээс яам, агентлагийн удирдлагуудад мэдэгдсэнээр мэдээлэл задарч өндөр дүнтэй зээл богино хугацаанд өссөн байх бас нэг хардлага байна. Хурдан өссөн гэдгийн учир нь тэтгэврийн зээл бусад зээлээс хамгийн богино хугацаанд гардаг онцлогтой. Тэтгэврийн зээл авах хүсэлтэй иргэд банкинд очоод тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэхээ үзүүлж, гэрээ байгуулаад шууд авах боломжтой тул мэдээлэл авсан даруйд маш богино хугацаанд олон зээл гарсан байх боломжтой юм. Ингэж хардах гол үндэслэл нь ХНХЯ-наас 12 дугаар сарын сүүлээр зээл авсан иргэдийн мэдээлэл, зээлийн дүнг олон нийтэд танилцуулаагүйтэй холбоотой. Мөн Монголбанк тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2019 онд 18.9 хувиар буурсан гэх мэдээллийг өчигдөр яаран сандран гаргасан ч ҮАБЗ-ийн зөвлөмжийн нууцлал алдагджээ гэх хардлагыг бүрэн няцаах нотолгоо биш юм. Тиймээс үүнийг хууль, хяналтын байгууллага, ТЕГ шалган “тусгай нүх” ашигласан эсэхийг тогтоохгүй бол олон нийтийн хардлага даамжирч, “тэтгэврийн зээл тэглэхийг зарим хүмүүс мэдэж байсан гэнэ” хэмээх цуурхал “худлыг олон давтвал үнэн болдог” жимээр хөврөх нь ээ.

САНАЛ БОЛГОХ