Оюутнуудын 75 хувь нь бэлгийн дарамтад өртжээ

ЗГМ: Сэдэв
  • Хохирогчийг буруутгах нийгмийн тогтсон хандлага бэлгийн дур хүслээ ёс бусаар хангагчдыг гааруулж байна
  • 2019 оны хүний эрх, эрх чөлөөний талаарх 18 дахь илтгэлд "Боловсролын салбарт ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, илэрсэн даруйд таслан зогсоох талаар бодит ажил хийх шаардлагатай байна. Их дээд сургуульд бэлгийн дарамт ноцтой асуудал болоод байгаа ч байгууллагын зүгээс ямар нэг үр дүнтэй арга хэмжээ авахгүй байна" хэмээн онцолжээ
  • "Сургалтын орчин дахь бэлгийн дарамтлал" судалгаагаар оюутнуудын 42 хувь нь бэлгийн дарамтад өртсөн хэн нэгнийг мэднэ гэж хариулсан бол 75 хувь нь ямар нэг байдлаар бэлгийн дарамтад өртөж байснаа илэрхийлсэн байна
  • Багш нар эмэгтэй оюутнуудын нуруугаар илэх, гуян дээр гараа тавих зэрэг нь хэвийн үзэгдэл болсон бөгөөд дүнг нь ахиулахын тулд тусдаа уулзахыг санал болгодог
Ёс суртахуун, эрдэм мэдлэг "цэцэглэх" ёстой боловсролын салбарт бэлгийн дарамт үүрлэжээ
Сүүлийн хэдэн сар ажлын байрны бэлгийн дарамтын талаар хурцаар ярих болж, хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж буй. Гэвч охид, эмэгтэйчүүд бэлгийн дарамтад ажлын байрнаас гадна гудамж талбай, олон нийтийн үзвэр үйлчилгээний газар тэр ч бүү хэл суралцах орчиндоо ч өртөж байна. Ялангуяа их дээд сургуулийн оюутнуудад багш нар болон хамт суралцагч хөвгүүд нь бэлгийн дарамт үзүүлэх нь хэвийн үзэгдэл болжээ. “Сургалтын орчин дахь бэлгийн дарамтлал” судалгаагаар оюутнуудын 42 хувь нь бэлгийн дарамтад өртсөн хэн нэгнийг мэднэ гэж хариулсан бол 75 хувь нь ямар нэг байдлаар бэлгийн дарамтад өртөж байснаа илэрхийлсэн байна. Түүнчлэн ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг ТББ­уудын эвслээс 2004 оны нөхцөл байдлыг 2017 онтой харьцуулахад ажлын байрны бэлгийн дарамт үйлдэгддэг газрын тоо, төрөл тэмдэглэлт баярын үеэр, сургууль дээр, үдийн цайны үеэр гэсэн байдлаар нэмэгдсэн байгаа нь анхаарал татаж буй. ХЭҮК болон Шихихутуг судалгааны хүрээлэнгээс ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал, хуулийн хэрэгжилт ямар байгааг тодруулахаар есөн байгууллагын 1120 хүнийг хамруулан судалгаа авахад АШУҮИС, ҮБХИС, ХААИС, МУБИС гэсэн дөрвөн сургуулийн төлөөлөл 113 хүн “Бэлгийн дарамт тай холбоотой үйлдэл гарч байсан” гэж хариулсан байна. “Охид эмэгтэйчүүдийн ажлын байран дахь бэлгийн дарамтын төлөв байдал, хандлага 2004/2007” харьцуулсан судалгаагаар бэлгийн дарамт үзүүлэгчдийн таван хувийг багш сурган хүмүүжүүлэгчид эзэлж байна. Гэвч энэ нь зөвхөн оюутан сурагчдаас авсан судалгаа биш. Хэрэв бүх их дээд сургуулийг хамруулсан томоохон судалгаа хийвэл ямар үзүүлэлт гарч ирэх бол гэхээс дотор арзаймаар. Эцэг эх нь цэцэг цэврүү шиг охидоо эрдэм мэдлэг сургахаар явууллаа хэмээн итгэж суухад ёс суртахуун, боловсрол ярьсан эрхэм сурган хүмүүжүүлэгчид хүчирхийлэл дарамт үйлдэж байгаа нь эмгэнэл. Тэнд нийгмийн соён гэгээрүүлэгч, улс орны ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэгчид ажиллах ёстой.
Хохирогчийг буруутгах нийгмийн тогтсон хандлага бэлгийн дур хүслээ ёс бусаар хангагчдыг гааруулж байна
Сургалтын орчин дахь бэлгийн дарамтаас үүдэн сурагч, оюутнуудын сурах хүсэл эрмэлзэл буурч, хичээлдээ муудах, сургуулиа солих эцсийн дүндээ сургуулиа орхих ч тохиолдол байдаг талаар мэргэжлийн байгууллагын судлаачид хэлж буй. 2016 онд салбар болон нас харгалзахгүйгээр онлайнаар хийсэн судалгаагаар бэлгийн дарамтаас үүдэн ямар хохирол үүссэн талаар асуухад судалгаанд оролцогчдын 3.7 хувь нь хичээлээ тасалсан, 4.8 хувь нь сургуулиа орхисон, 21.2 хувь нь нэр төр хохирсон хэмээн хариулжээ. Энэ мэтчилэн нийгмийн хамгийн соёлтой, ёс зүй, дүрэм журам үйлчилж байх ёстой салбарт бэлгийн дарамт үүрлэсэн байгаа нь харамсалтай. ХЭҮК-оос гаргасан 2019 оны Хүний эрх, эрх чөлөөний талаарх 18 дахь илтгэлд “Боловсролын салбарт ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, илэрсэн даруйд таслан зогсоох талаар бодит ажил хийх шаардлагатай байна. Их дээд сургуульд бэлгийн дарамт ноцтой асуудал болоод байгаа ч байгууллагын зүгээс ямар нэг үр дүнтэй арга хэмжээ авахгүй байна” хэмээн онцлон дурдсан нь энэ асуудал сургалтын орчинд ямар хэмжээнд бугшсаныг харуулна. Бэлгийн дарамтад өртсөн хохирогчид ч энэ төрлийн асуудлаар санал гомдол гаргаж, өөрийнхөө төлөө тэмцдэггүй. Учир нь нийгэм, эргэн тойрных нь хүмүүс түүнийг тэр аяараа чичилнэ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар хохирсон эмэгтэйчүүдийг буруутгах хандлага бусад эмэгтэйчүүдэд их байгааг тогтоосон бөгөөд энэ нөхцөл байдал манайд ч ялгаагүй байна. Судалгаагаар “Ажлын байрын бэлгийн дарамтад өртсөн талаараа дээд шатныхаа удирдлага болон байгууллагад гомдол гаргасан уу гэсэн асуултад ихэнх оролцогчид “хаана хандахаа мэдэхгүй, нэр хүндгүй болох вий гэж айсан, гомдол гаргавал дарамт шахалт ирнэ, хандсан ч нэмэргүй, эрх зүйн орчин байхгүй” гэж хариулсан нь дээрх асуудлыг бэлхнээ батална. Ажлын байран дээр гарсан, өөрийн гэсэн орлоготой, бие, сэтгэхүй, боловсролын хувьд бүрэн төлөвшсөн эмэгтэйчүүд ч энэ төрлийн дарамтыг тэсвэрлэж, бусдад мэдэгдэхээс зайлсхийж байхад дөнгөж амьдралд хөл тавьж буй, их сургуулийн орчинг сайн сайхнаар төсөөлж ирсэн оюутны хувьд айж, эмээх нь наад захын асуудал.
Монгол Улс дэлхий нийтээс хоцорч байна
Олон улсад бэлгийн дарамттай тэмцэх чиглэлээр их, дээд сургуулийн хийх ёстой хамгийн эхний алхам бол тохиолдлын тоог бууруулах ямар нэг арга хэмжээ авах явдал гэж үздэг. Бэлгийн дарамт зөвхөн манай улсад тулгамдсан асуудал биш. Гэхдээ манай улс шиг багш сурган хүмүүжүүлэгчид нь сурагчдадаа бэлгийн дарамт үзүүлдэг, энэ тал дээр ямар нэг бодлого зохицуулалтгүй орон алга. Тухайлбал Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс 1998 онд “Бэлгийн дарамтыг зохицуулах дүрэм” баталсан байдаг. Гэтэл манайх бүтэн хорин жилээр хоцорч явна. Тус дүрэмд сургуулийн орчинд оюутнууд болон ажилтнуудыг бэлгийн хүчирхийлэл болон дарамтад өртөхөд хүргэдэг эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлсон. Мөн дээд боловсролын байгууллагын бүхий л салбарт бэлгийн дарамтаас сэргийлэх, гомдол гаргах журам болон бэлгийн дарамт гэж юуг хэлдэг талаар тодорхой бичсэн байх ёстой бөгөөд шинэ оюутнуудад чиглүүлэх хуудас өгдөг аж. Мөн бодлогын хэрэг­ жилтийг хариуц­сан Хүний нөөцийн газар нь ажилтнууд, оюутнуудад чиглэсэн бэлгийн хүчирхийллийн талаарх сургалт хариуцаж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд нь зориулж төсөв хуваарилсан байх ёстой. Харин БНСУ­-д хохирогч болон бэлгийн дарам­тын гэрчийн хам­гаалалтыг нарийвч­лан тусгасан байдаг. Мөн нууц хадгалах, шалган тогтоох үүргийг тусгасан бөгөөд эдгээр болон бусад зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд захиргааны шийтгэл, торгууль ногдуулж, улмаар гомдол гаргагч, хохирогчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц бол гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулдаг. Гаднын улсуудад гарч буй бэлгийн дарамт үйлдэгчдийн ихэнх нь багш, сурган хүмүүжүүлэгч бус хамтран суралцагч байдаг гэдгийг онцлон хэлмээр. Өөрөөр хэлбэл багш нь сурагчдаа дарамталдаг зүй бус үйлдэл манайд хамгийн түгээмэл байна. Филиппин улс гэхэд энэ асуудлын эсрэг бодлого баримталж оюутан сурагчдад бэлгийн дарамттай холбоотой асуудал үүслээ гэхэд хэнд мэдэгдэх, ямар хариуцлага хүлээлгэж , асуудлыг хэдий хугацаанд шийдвэрлэх, багшийн зүгээс бэлгийн дарамт үзүүлсэн бол суралцах эрмэлзэлд нөлөөлөхгүйгээр яаж шийдэх зэрэг асуудлыг шат дараатай тусгаж өгсөн байдаг. МУИС болон АШУҮИС бэлгийн дарамт үзүүлэхтэй холбоотой заалтыг ёс зүйн дүрэмдээ тусгасан боловч ямар арга хэмжээ авах, тухайн хохирогчийг хэрхэн хамгаалахтай холбоотой нарийвчилсан заалт огт алга.
Бэлгийн дарамтад өртөж байсан эсэхийг оюутнуудаас тодрууллаа.
Багш оноо нэмээд, гуян дээр гараа тавьсан
Шинэ төгсөгч Х
Багш надад онцгой сайн ханддаг байсан. Чат ч бичнэ. Багштайгаа юу гэж чатлах ёстой юм бол гэж бодоод хариу ч өгдөггүй байсан. Ер нь бол тухайн үед дөнгөж хоёрдугаар курсийн хүүхэд байсан болохоор ойлгоогүй л дээ. Бэлгийн дарамтын талаар ч мэдэхгүй. Дүнгээ гаргуулах гээд ортол надад шууд арван оноо нэмсэн. Би гайхаад багш руу хартал “Чи сайн оюутан учраас багш нь оноог нь нэмж байгаа юм” гэж хэлээд гуян дээр минь гараа тавьсан. Тухайн үед сандарсандаа гараад гүйчихсэн. Дараа нь найзууддаа үнэхээр муухай санагдсан тухай яриад л өнгөрсөн. Дахиж тэр багшийн хичээлийг сонгоогүй.
Нуруугаар илэх бол хэвийн үзэгдэл
Оюутан Н
Багш хичээл заахдаа хөөрхөн охидод онцгойлж ханддагийг бүгд л мэднэ. Энэ тухай жиг жуг ч хийдэг. Охидын өмссөн хувцсыг ийм тийм байна, өнөөдөр тэгж харагдаж байна гэж эрээ цээргүй үг хэлэх нь ч бий. Ер нь ажаад байхад охидын нуруугаар тэврэх, байнга гуян дээр нь санамсаргүйгээр гараа тавих үйлдэл гаргадаг. Миний нуруугаар ч илж байсан. Завсарлаж байсан болохоор яарч байгаагаа хэлээд эвтэйхэн мултарч байсан.
Эрэгтэй оюутнууд ч бэлгийн дарамт үзүүлдэг
Оюутан Б
Багш надаас “Чиний дүн хангалт­гүй байна. Гэхдээ бодож үзэж болно. Ямар ч дүн тавьж болно. Оронд нь чи юу хийж өгөх вэ” гэж асуусан. Би “Энэ дүнгээ авъя аа” гэж хэлээд гараад ирсэн. Дүнгээ нэмүүлээд 100 гарсан оюутан хэд хэд байсныг ч мэднэ. Ямар тохиролцоо хийснийг мэдэх юм алга. Гэхдээ тэр явдлаас хойш би багшаас байнга дөлдөг болсон. Надад ч гэсэн таагүй хандаж, үргэлж жижиг сажиг зүйлсээр өөлөөд байх шиг санагддаг. Бас багшаас гадна эрэгтэй оюутнууд ч гэсэн хөхөвч нөөс татах, биеийн эм­ зэг газарт хүрэх үйлдэл гаргадаг.
Хаана хандаж, хэнд хэлэхээ мэддэггүй
Оюутан Б
Азаар ч гэх үү надад ийм зүйл тохиолдож байгаагүй. Гэхдээ найзуудад маань тохиолдож байсан. Настай багш найзыг маань оролдож, санаатайгаар унагааж ч байсан. Тэглээ гээд бид хаана хандаж, хэнд хэлэх нь тодорхой бус. Оюутнууд ер нь ийм зүйл боллоо гээд айж ичээд л өнгөрдөг. Сургуульд ч тодорхой дүрэм, журам зохицуулалт байхгүй. Хэллээ гэхэд өөрөө л муу нэртэй болж дуусах болохоор өөр арга хайж, чимээгүй тэвчээд л өнгөрөөдөг. Олон эрэгтэй оюутантай учраас бүр ч хэл амын бай болно. Эрэгтэйчүүд “энэ охин ийм, тийм” гэх зэргээр охидоос илүү муулж ярьдаг. Харин гаднын их сургуулиудад ямар арга хэмжээ авч ажилладаг талаар хилийн чанадад сурч буй оюутнуудаас тодруулсан юм.
Урьдчилан сэргийлэх ажил маш сайн хийдэг
Герман улсад суралцаж буй оюутан Х
Бүр цэцэрлэгийн хүүхэд байхаас нь эхлээд бэлгийн боловсрол олгодог учир манай сургуульд тийм зүйл огт байдаггүй. Багш нарын тухайд бол бүр огт байхгүй. Ажлын байраа алдаж, дахиад хэзээ ч багшилж чадахгүй байх. Хэм хэмжээ, бусдын хувийн орон зай, ёс зүйг хүндэтгэдэг. Ер нь урьдчилан сэргийлэх асуудлыг маш чухалчлан авч үздэг.
Бусад руу удаан ширтэхээс ч зайлсхийдэг
БНХАУ-д суралцаж буй оюутан Ж
Тийм зүйл ёстой болж байгаагүй. Дотуур байрыг эрсдэлтэй орчин гэж үздэг. Гадаад оюутнуудын аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр маш сайн ажилладаг. Дүрэм журам бүх зүйлс нь тодорхой. Хүн рүү удаан ширтэхээс ч зайлсхийж болгоомжтой ханддаг.
Оюутнууд эрхийнхээ төлөө сайн тэмцдэг
АНУ-д суралцаж буй оюутан С
Их сургуулиуд бэлгийн дарамтын тухай нийгмийн шинжтэй сурталчилгаа, богино хэмжээний кино хийж үзүүлэх, дэд хөтөлбөрүүд зохиох гэх мэт бие даасан, нөлөөллийн ажлыг оюутнуудтайгаа хамтран зохион байгуулдаг. Мөн хэлэлцүүлэг өрнүүлж, семинарын үеэр энэ талаар дэлгэрэнгүй ярьж байсан. Оюутнууд нэг нэгэндээ бэлгийн дарамт үзүүлдэг байж магадгүй. Харин багш нар тийм асуудал үүсгэх боломж маш бага. Ер нь оюутнууд өөрсдөө эрхийнхээ төлөө сайн тэмцдэг учраас тэр бүр хохироод байдаггүй.


САНАЛ БОЛГОХ