Ө.Ганзориг: Сонгуулийн жил төсөв тэлэх бодлого барьдаг нь зохимжгүй

ЗГМ: Зочин

Тэтгэврийн зээлийг тэглэхээс өмнө тэтгэврийн шинэчлэлийг хийх ёстой байсан. Дараа нь шинэчлэлд хамаарахгүй байгаа ахмадуудад зориулсан халамжийн бодлого гаргаж болох байлаа

Эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа. Тэрбээр тэтгэврийн зээл тэглэх, инфляц, ханшийн өсөлт болон бондуудын төлбөр гэх мэт тулгамдаад байгаа асуудлуудын талаар байр сууриа илэрхийлсэн юм.

-Дотоодын нийт бүтээгдэхүүний алдагдлын хэмжээ буурсан үед зарцуулалтыг нэмэгдүүлж байгаа нь Монгол Улсын ирээдүйд хэр ач холбогдолтой юм бэ?
­ -Сонгуулийн жил бүр алдаг­далтай төсөв баталдаг. Халамжийн мөнгө бол нэг удаа зарцуулагддаг учраас төсөвт их хэмжээний алдагдал учруулдаг. Тухайлбал, төсвийн алдагдлыг нөхөх зорил­гоор төгрөгийн ханшийг барихын тулд Монголбанкнаас мөнгөний хатуу бодлого явуулдаг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн жил бүр төсвийг тэлэх, мөнгийг хумих бодлого баримталдаг. Энэ нь төг­рөгийн ханшийг сулруулж байна.
-Монголбанк инфляцыг зургаан хувь болгон бууруулах байр суурьтай байсан. Гэтэл халамжийн шугамаар иргэдэд мөнгө өгч эхэлснээр инфляц өсөх эрсдэлтэй. Энэ тал дээр таны байр суурь ямар байна?­
-Тэтгэврийн зээл нь төсвийг тэлж байгаа. Харин эдийн засгийн суурь анализ хийсэн бодлого уу эсвэл сонгогчдын санал авахын тулд гаргаж байгаа бодлого уу гэдэг нь маргаантай. Үүнийг эдийн засагт нөлөө үзүүлэхгүйгээр зөөлөн аргаар шийдэх ёстой байсан. Гэвч сонгуулийн хавар мөнгө тараадаг сөрөг жишгээр гэнэт гаргаж ирлээ. Энэ нь инфляцад сөргөөр нөлөөлнө. Инфляцаас гадна төгрөгийн ханш руу дамжиж нөлөөлдөг. Тэтгэврийн зээлийг тэглээд дахиад зээл өгөхгүй гэж ойлгосон. Энэ бол зөв. Тэтгэврийн зээлийг хязгаарлахгүй бол болохгүй. Учир нь залуус хөгшин настай аав, ээжээрээ далимдуулан тэтгэврийн зээлийг хэрэглээний зээл болгож авч байна. Үүнийг эдийн засгийн гажиг гэнэ.
-Тэтгэврийн зээлийг тэглэхийн өмнө нийгмийн даатгалын сангийн шинэтгэлийн асуудал хөндөгдсөн. Гэвч улс төрийн шийдвэрт дарагдаад өнгөрөх эрсдэл бий боллоо?­
-Тэтгэврийн зээлийг тэглэхээс өмнө тэтгэврийн шинэчлэлийг хийх ёстой байсан. Дараа нь шинэчлэлд хамаарахгүй байгаа ахмадуудад зориулсан халамжийн бодлого гаргаж болох байлаа. Өнөөгийн нөхцөлд Нийгмийн даатгалын хуулийг тогтолцоо нь зөрчөөд байна. Хуулийн дагуу нэрийн данс нь байгаа. Нэрийн дансанд нь нийгмийн даатгал, тэтгэврийн даатгал нь алдагдалтай байна. Энэ бол 1990 оноос хойш явсан эдийн засгийн маш буруу шийдвэр. Манайх шиг төгрөгийн ханшаа алдсан хуучин социалист улс бараг байхгүй.Ам.долларын эсрэг төгрөгийн ханш 1000 дахин суларчихаад байна шүү дээ.
-Импортод суурилсан эдийн засагтай орны хувьд валютын ханшийн нөлөөг хэрхэн даван туулах вэ. Энэ оны төлөв ямар байна вэ?
-Макро эдийн засгийн төлөв­лөлтийн суурь асуудлын нэг нь төгрөгийн ханш унах юм. Ам.долларын эсрэг 2480 байсан төгрөгийн ханш одоо 2730 гарсан. Ойролцоогоор 300 төгрөгөөр суларчээ. Үүнийг би хүлээлтийн сулрал гэж харж байна. Тухайлбал, Монгол иргэдийн төгрөгт итгэх итгэл нь буурч, төгрөгийн хадгаламжаа ам.доллар руу шилжүүлж байна. Харин төрийн зүгээс энэ хүлээлтийг нь дэмжсэн шийдвэр гаргаад байна. Төгрөгийн ханш суларснаар иргэдийн худалдан авах чадвар буурч, ядуурал ихэснэ. Монголбанкны валютын нөөц 2016 онд 400 сая ам.доллар байсан. Одоо 4.4 тэрбум ам.доллар болжээ. Мөнгөний нийлүүлэлт өндөр байгаа нь төгрөгийн ханш сулрахад мөн нөлөөлж байна. Монголбанкны зүгээс макро эдийн засгийн суурь хүчин зүйлээ нэгдүгээрт тавьж, иргэдийн төгрөгтөө итгэх итгэл буурч байгааг зогсоох хэрэгтэй.
-2021 онд Монгол Засгийн газрын гадаад өр төлөлтийн асуудал яригдана. Үүнийг хэрхэн давж гарах вэ?­
-2020 онд Хятадын төв банкны своп хэлцлийг сунгах асуудал яригдана. Хэрвээ сунгаж чадахгүй бол төлөхөөс өөр аргагүй. 2021 оноос том дүнтэй бондын төлөлтүүд яригдаж эхэлнэ. Одоо байгаа нөөц болон эдийн засгийн чадавхыг харахад төлөх боломжгүй учир сунгахаас өөр аргагүй. Аль болох бага хүүгээр санхүүжилтын зардлаа бууруулах үүднээс эрэлттэй байх хэрэгтэй. Засгийн газрын бонд ес гаруй хувиар буурсан. Үүнийг Монголын ард түмэн л төлж байна. 2020, 2021 онд бид бэлэн байхын тулд Монгол Улсын гадаад нэр хүнд өсөх хэрэгтэй.
-Тэтгэврийн зээлийг тэглэхдээ үнэт цаас гаргана. Үүнийг худалдан авах эрэлт хэрэгцээ байгаа юу?­
-Төгрөгийн хувьд, зургаан хувийн өгөөжтэй бондыг хэн ч сонирхохгүй. Харин ам.доллараар гаргавал боломжтой. Засгийн газрын зүгээс ам.доллараар хэдий хэмжээний бонд гаргана, эргүүлээд төгрөгийнхөө хэмжээг сулруулна. Бүх татварын орлого төгрөгөөр байна.
САНАЛ БОЛГОХ