Ч.Улаан: Яамныхаа нэр хүндийг сэргээхийн тулд Б.Пүрэвдоржийг шалгуулна

ЗГМ: Тодруулга
  • Б.Пүрэвдорж: Авлига авч малчдыг хохироож байгаа Ч.Улаан сайдыг огцруулна
  • “Малчин бог мал тутмаас 20 мянга, бод мал тутмаас 200 мянган төгрөгийн авлигыг Ч.Улааны халаасанд шууд бусаар төлж байна” гэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах санал гаргалаа. Харин уншигчдадаа мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Ч.Улаан сайдаас тайлбар, тодруулгыг мөн авсан юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг өргөн барьж буйгаа албан ёсоор мэдэгдэв. Тэрбээр Ч.Улаан сайдыг огцруулах болсон шалтгааныг малчдын малын үнийг унагааж, орлогыг нь багасгасан, Монголын махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулж дампууруулах хэмжээнд хүргэсэн, БНХАУ-ын махны үйлдвэрийн эздийг дэмжсэн бодлого явуулсан зэрэг үндэслэлийг дурдаж, нотлох баримт буй гэв. Тэрбээр энэ тухай ярихдаа “Өнгөрсөн оны есдүгээр сард малын үнэ сайн өссөн. Төлөг 100 мянга, эм хонь 130 мянга, эр хонь 160 мянган төгрөгт хүрээд байсан бол өнөөдрийн байдлаар тус бүрийн үнэ 30 мянган төгрөгөөр буурсан. Бод малын үнэ 200 мянган төгрөгөөр унасан. Махны үнэ ингэж унасан шалтгаан нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны гаргасан Хятад компаниудад өгсөн квоттой шууд холбоотой. Монгол Улс 140 гаруй махны үйлдвэртэй. Эдгээрийн зөвхөн 10 хувьд нь мах экспортлох квот олгосон. Ингэхдээ авлигаар квот өгсөн. Квотгүй үлдсэн 130 гаруй махны үйлдвэр квот авсан 10 гаруй компанийн нэр дээр махаа экспортлох хүсэлт тавьдаг. Харин квоттой компаниуд “Бид авлига өгч мах экспортлох квот авсан учир нэг кг адууны мах тутамд 12 юанийн төлбөр авч байж, махыг чинь экспортолно” гэсэн шаардлага тавьдаг болжээ. Үүнээс болж дотоод зах зээлд кг нь таван мянган төгрөгийн үнэтэй адууны махыг энэ үнэтэй дүйцэхүйц үнээр буюу кг тутмыг нь 4800 төгрөгөөр авч авлига бий болгож байна. Энэ төлбөрийг төлсөн махны үйлдвэрүүд ямар замаар мөнгөө буцаан олж авдаг вэ гэхээр өөрсдийн ашгаа бууруулахгүйн тулд малчдын малын үнийг унагаахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл квот тогтоосноос хойш малчин бог мал тутмаас 20 мянга, бод мал бүрээс 200 мянган төгрөгийн авлигыг Ч.Улааны халаасанд шууд бусаар төлж байна” гэсэн юм. Мөн Б.Пүрэвдорж гишүүн Ч.Улаан сайдыг буруутгах бас нэг шалтгааныг тайлбарлахдаа “Нийт махны квот авсан 12 компанийн ес нь хятадын компани. Дотоодын гурван компани нь сайд, дарга нарын компани байгаа. Ийм луйврын системийг үе үеийн ХХААХҮ-ийн сайд нар хийж байгаагүй юм. Энэ хулгайн системийг ганцхан сайд Ч.Улааны үед хийж эхэллээ. Өнөөдөр махны компаниуд бүгд хүнд байдалд орсон. Тиймээс квот нэрийн дор дотоодын махны компаниудын үйл ажиллагааг боомилж эсрэгээрээ Хятадын компаниудыг дэмжсэн Ч.Улааныг огцруулах нь зүйтэй гэж үзэн 250 мянга гаруй малчдын өмнөөс хуулийн төсөл өргөн барилаа” гэв. Ийн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ХХААХҮ-ийн сайдыг огцруулах санал гаргалаа. Харин Ч.Улаан сайд түүний хийсэн мэдээллийн эсрэг тайлбар хийв. Тэрбээр өөрийн болон яамныхаа байр суурийг хүргэхдээ “Б.Пүрэвдорж гишүүн намайг огцруулах саналыг хоёр дахиа гаргаж байна. Өмнө нь бас огцруулах санал гаргасан. Сайдыг огцруулах гэж байгаа бол хуулиараа явах ёстой. Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох хууль бий. Түүнээс биш хуулийн төсөл өргөн барьж огцруулахгүй л дээ. Огцруулах санал гаргаж байгаа бол үндэслэлээ нотлох хэрэгтэй. Б.Пүрэвдорж гишүүний хийсэн мэдээлэл, огцруулах үндэслэлтэй нарийн танилцаагүй байна. Хэрэв тэр хүн худлаа мэдээлэл тараасан, гүтгэсэн бол хууль, хяналтын байгууллагад хандана. Өнгөрсөн онд мах экспортлох квотыг 12 компанид өгсөн юм биш. 40 гаруй компани яамтай бодлогын гэрээ байгуулж, зөвшөөрлөө авсан. Тухайлбал, адууны мах экспортлохоор 18, дулааны аргаар боловсруулсан махны чиглэлээр 12, богийн мах бэлтгэж экспортлоход 29 компани зөвшөөрөл авсан. Хардлага, сэрдлэг байгаа бол хуулийн байгууллагаар шалгуулж болно шүү дээ. Харин миний нэр төрд халдах нэрийдлээр яамны ажилтан, албан хаагч, хамт олны нэр хүндийг гутаан доромжилж байгаа бол би хуулийн байгууллагад хандаж, үнэнийг тогтоолгоно. Хүнсний стратегийн бүтээгдэхүүнийг экспортлохдоо Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр тоо хэмжээ, зөвшөөрлийн квотыг тогтоодог. Нөгөөтэйгүүр импортлогч орны шаардлагыг хангасан үйлдвэрүүдэд бид квот өгдөг. Импортлогч талынхан манай улсад ирж махны үйлдвэр, бүтээгдэхүүнтэй нь танилцаж өөрийн орны хяналт байгууллагын шинжилгээг үндэслэн экспортлох квот олгох үйлдвэрийг тэд сонгодог. Б.Пүрэвдорж гишүүнд баттай мэдээлэл байгаа бол “Яамныханд авлига өгч квот авсан учраас авлигаа шингээсэн нөхцөлөөр мах авна” гээд явж байгаа компанийг хамт шалгуулъя. Би ч яамныхаа нэр хүндийг авч гаръя, тэр хүн ч Махны холбооныхоо нэр хүндийг хамгаалаг. Харин хувь хүн миний болон яамны нэр хүндэд халдаж сонгуулийн шоу хийх гэж байгаа бол хуулийн байгууллага дээр уулзъя. Авлига өгсөн гээд байгаа компани нотолгоогоо гарга, Б.Пүрэвдорж гэрчил. Авлига авсан бол бүгд л хариуцлагаа хүлээнэ. Би ч ялгаагүй. Харин Б.Пүрэвдорж гүтгэсэн бол хуулийн шийтгэлээ хүлээх хэрэгтэй. Үүнийг би цэвэр хувь улстөрчийн сонгуулийн шоу гэж үзэж байна. Тиймээс түүний мэдээлэл миний болон яамны нэр хүндэд халдсан гүтгэлэг” гэв.


САНАЛ БОЛГОХ