"Avengers: Endgame" кинонд дурдагдсан шинжлэх ухааны зарим нэр томьёоллууд

UB Info

Ахмад Америк (Captain America), Хүн Шоргоолж (Ant-Man) болон Наташа (Black-Widow) нар Тони Старктай (Tony Stark) цаг хугацааны аяллын талаар ярилцаж байхдаа ийм нэгэн өгүүлбэрийг хэлдэг.

“Quantum fluctuation messes with the Planck scale, which then triggers the Deutsch Proposition. Can we agree on that?”

Энэ өгүүлбэрт гарсан гурван чухал нэр томьёоллуудыг тайлбарлавал:

Quantum fluctuations - Квант флуктуац нь орон зай дахь түр зуурын энергийн өөрчлөлт юм. Хейзенбергийн тодорхойгүйн зарчмаас мөрдөгдөн гарч ирдэг ойлголт бөгөөд орон зайг яг үнэндээ хов хоосон биш гэдгийг тайлбарладаг. Хоосон орон зайд particle (бөөм) болон anti-particle (эсрэг-бөөм) үүсээд буцаад бие биенийгээ устгаж байдаг. Энэ үйл явц нь асар бага хугацаанд явагдаж байдаг тул орон зай хоосон юм шиг байдаг байна.

Planck scale - Планкийн хуваарь нь ертөнцийн хязгаарлалт буюу Планкийн хуваарьт заагдсан хэмжигдэхүүнээс бага хэмжигдэхүүнд физикийн ямар ч хууль биелэхээ болих бөгөөд ямар хуулиар зохицуулагдахыг нь хэлж мэдэхгүй болох зааг юм.

Планкийн хуваарь нь гурван хэмжигдэхүүнийг заагладаг: 

  1. Орон зайн хувьд 1.62×10^-35 метрээс бага хэмжээнд квант гравитацын үйлчлэл байхгүй. (Планкийн урт) 
  2. Цаг хугацааны хувьд 5.39×10^-44 ceкундээс бага хэмжээнд ямар нэгэн үйл явдал явагдах боломжгүй. (Планкийн хугацаа)
  3. Энергийн хувьд Планкийн уртаас бага орон зайд 1.22×10^19 ГэВ хэмжээний энерги байх боломжгүй. (Планкийн энерги)

Deutsch Proposition - Дойчийн таамаглал гэсэн нэр томьёотой зүйл яг таг байдаггүй. Гэвч амьдрал дээр Дэвид Дойч гэж Их Британийн физикч байдаг бөгөөд 1991 онд "Quantum Mechanics Near Closed Timelike Lines" нэртэй өгүүлэл хэвлүүлсэн ба энэ өгүүлэл нь цаг хугацааны аялалтай холбоотой ойлголтуудыг хөндсөн байна.

Үнэхээр Хүн Шоргоолж квант флуктуац явагддаг хэмжээснээс жижиг хэмжээнд нэвтэрснээр кинонд дурдагддаг "Quantum Realm" буюу Квант орон зайд очдог бөгөөд энэ нь Планкийн хуваариас бага хэмжээсний тухай ярьж байгаа тул Тони Старк онолын хувьд ийм байх боломжгүйг өгүүлдэг.

Дараагийн нэг хэсэгт Тони цаг хугацааны аяллын симуляцийг хийж байхдаа хэлдэг нэг хэсгийг сонирхъё. "I can run one last simulation before we pack in it for the night. This time, in the shape of Möbius strip, inverted, please. Right, give me the eigenvalue of that particle factoring in spectral decomposition."

Нэр томьёоллуудыг дахин задалбал:

Möbius strip - Мёбиусын зурвас (хүрд) бол зөвхөн нэг талтай битүү бус гадаргуу (гурван хэмжээст Евклидийн огторгуйд) бөгөөд давхцаж буй орон зай цаг хугацааг илэрхийлж байж болох магадлалтай гэж эрдэмтэд үздэг.

Eigenvalue - Хувийн утга буюу шугаман алгебрын хамгийн чухал ойлголтуудын нэг бөгөөд квант физикт маш их ашиглагддаг. Мёбиусын зурваст байгаа бөөмийн энергийн хувийн утгыг бодсон байх гэж "Endgame" үзсэн эрдэмтэд таамаглаж байгаа.

Spectral decomposition - Энэ бол бас шугаман алгебрын ойлголт бөгөөд матрицыг хувийн утга болон хувийн векторуудынх нь үржвэрээр задалж бичихийг хэлдэг ойлголт юм.

Жич: Мёбиусын зурвасын хамгийн энгийн зураг. Зөвхөн нэг талтай гэдгийг харж болно.

САНАЛ БОЛГОХ