Монголын хөдөлмөрийн зах зээл цахим шилжилтэд бэлэн биш

ЗГМ: Сэдэв
  • Ажил эрхлээгүй иргэдийн дөнгөж дөрөвний нэг нь ажил хайж байгаа нь мэргэжилтэй боловсон хүчин, хомсдолтой ажлын байрны уялдаа алдагдсаныг илтгэнэ
  • Он гарсаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянга болгосон нь арван жилийн өмнөхөөс 280 мянгаар өссөн дүн. Гэвч тухайн үед нэг ам.доллар 1,463 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2,742 төгрөг болж өсөөд байна. Цалин хөлсийг амьжиргааны зардлаа хангаж чадахуйц хэмжээнд хүргэх эрмэлзэл эдийн засгийн бусад үзүүлэлтийн өмнө сөхөрсөөр байна.
  • Европын холбооноос 2060 оноо өнөөдөр төлөвлөөд, хөгжлийн зүг тэмүүлж байхад тэр зах зээлд өрсөлдөхийг эрмэлзсэн Монгол Улс энэ тооцоо судалгаанаас өөр байх шалтгаан үгүй баймаар

Ажилтай, орлоготой дундаж давхаргын тоог нэмэх нь аль ч Засгийн газрын гол зорилго байсаар ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл энэ зорилгоо хангаж чадалгүй эдийн засгийн хямралд унагаж, эргүүлж босгохоор оролдож ирснийг тоо илтгэнэ. Зах зээлийн нийгэмд шилжих үед гэнэт бий болсон “ажилгүйчүүдийн армийг” ажлын байраар хангах асуудал өнөөг хүртэл амжилт олоогүйн гол шалтгаан нь боловсрол, хүний нөөцийн эрэлттэйгээ уялдаагүй бодлогын алдаа, мөн цалин хөлсний асуудал юм. Он гарсаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянга болгосон нь арван жилийн өмнөхөөс 280 мянгаар өссөн дүн. Гэвч тухайн үед нэг ам.доллар 1,463 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2,742 төгрөг болж өсөөд байна. Цалин хөлсийг амьжиргааны зардлаа хангаж чадахуйц хэмжээнд хүргэх эрмэлзэл эдийн засгийн бусад үзүүлэлтийн өмнө сөхөрсөөр байна. Өнгөрсөн оны III улирлын байдлаар Монгол Улсад нэг сая 253 мянган иргэн ажил эрхэлж байгаагаас 193.6 мянга нь төрийн албан хаагч байв. Хамгийн найдвартай ажлын байр гэж үнэлэгдсэн төрийн албанд орох хүсэлтэй ажил горилогчдын цуваа хэзээ ч тасраагүй. Тэгвэл 105.6 мянган ажилгүй иргэний дөнгөж 25 мянга нь идэвхтэй ажил хайгчийн санд бүтгэлтэй, ажилгүйдлийн түвшин 6.6 хувьтай байна. Ажил эрхлээгүй иргэдийн дөнгөж дөрөвний нэг нь ажил хайж байгаагаас мэргэжилтэй боловсон хүчин, хомсдолтой ажлын байрны уялдаа алдагдсаныг харж болно. Их дээд сургууль төгссөн хуульч, эдийн засагч, бизнес удирдлагын бакалавруудыг шингээх ажлын байр алга. Харин эмч, сувилагч, инженер, цаашлаад шинэ эрин зуунд нэн шаардлагатай мэдээллийн технологийн мэргэжилтнүүд эрэлттэй хэвээр байна.


400 орчим сая ажлын байр автоматжуулалтад өртөнө, харин Монголд...

Хөдөлмөрийн зах зээлд зайлшгүй хийх нэг реформ нь их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын хөтөлбөрийг эрэлттэй мэргэжилтэй уялдуулж, элсэлтийн журмаа зохицуулах шаардлага юм. Гэтэл хавар болгон “ирэх онд эрэлттэй байх мэргэжлүүд” гэж ганц жилийн цаадахыг харсан төлөв салбарын мэдээлэлд дурддаг. Дөрвөн жилийн дараа боловсон хүчин болж гарах элсэгчид хэт ойрын ирээдүйн төлвөөс болж алдаатай шийдвэр гарган, мэргэжлээ буруу сонгох нь олон. Монголын компаниуд дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц болохын тулд боловсон хүчний чадвар мөн адил түвшинд байх ёстой. Европын холбооноос 2060 оноо өнөөдөр төлөвлөөд, хөгжлийн зүг тэмүүлж байхад тэр зах зээлд өрсөлдөхийг эрмэлзсэн Монгол Улс энэ тооцоо судалгаанаас өөр байх шалтгаан үгүй баймаар. Өнөөдөр компаниудад тулгамдаж буй асуудал нь хүний нөөцийн хомсдол. Нийгмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг нэгэн компани сошиал медиа менежерийн ажлын байр зарласан боловч одоог хүртэл мэргэжилтнээ олж чадаагүй жишээ бий. Уг ажлын байранд мэдээллийн технологийн мэргэжилтэн, эсвэл өөр салбарын хүн ажиллах ёстой эсэхийг тодорхойлж чадаагүй аж. Гэтэл сошиал медиад ажиллах нь хүүхэд гутлаа зөв харуулж, баруун зүүнээ ялгадаг болохтой л ижил эзэмших чадвар болчихоод байгаа өнөө үед маркетингийн менежерийн хөтөлбөрт энэ мэргэжлийг оруулж өгөх ёстой байв. Өнөөдрийг хүртэл мэргэшсэн боловсон хүчин үгүй тул зөв төлөвшил, хандлагыг нь харж ажилд авсан хүнээ бүтэн жилийн турш сургасаар байгаа аж. Зүй нь бол их, дээд сургуульд эрэлттэй мэргэжлүүдийг судалж, хөтөл бөртөө богино хугацааны “манёвр” хийснээр шууд ажлын байранд бэлэн мэргэжилтэн төрүүлэх ёстойсон. Тун удахгүй, 2030 он гэхэд дэлхийн нийт ажиллах хүчний 14 хувь буюу 375 сая ажлын байр автоматжуулалтын шуурганд өртөж, роботуудад зайгаа тавьж өгөх судалгаа бий. Түүнчлэн мэдээллийн технологи, анагаах ухаан болон био инженерчлэлд суурилсан боловсролыг чухалчилж байна. Ирээдүйд эрэлттэй байх мэргэжлүүд ч эдгээр салбартай салшгүй уялдаатай. Тухайлбал, эдийн засаг, нийгмийн салбарын тэргүүлэх агентууд 2030 он хүртэл эрэлттэй байх мэргэжлүүдийг өөр өөрийн өнцгөөс тодорхойлжээ. Хамгийн их давтагдсан нийтлэг мэргэжлүүд нь шинжлэх ухаан, мэдээллийн технологи, инженерчлэлийн салбарт хамаарч байна. Тухайлбал, хүний эд эрхтнийг үүдэл эс болон бусад эх сурвалжаас шинээр бүтээх мэргэжилтэн нэн чухалд тооцогдож, нэгдүгээрт эрэмбэлэгдсэнийг олон төлвөөс харж болно. Анагаах ухааны нээлт тун удахгүй амьдралд нэвтэрч, энэ төрлийн мэргэжилтэн эрэлт ихтэй болох арван жил айсуй. Гэтэл дэлхийд хэдийн эмчилдэг болсон өвчнүүд монголчуудын нас баралтын шалтгааны ихэнх хувийг эзэлсээр байна. Хэрэв шинжлэх ухаан, инновацад хөрөнгө оруулалт хийж, мэргэжилтнүүдээ дэлхийн хэмжээнд бэлдэн, тоног төхөөрөмжөөр хангадаг байсан бол хүн амын өсөлтөө дагаад эдийн засаг ч өнөөдрөөс дээр байх байлаа. Дэлхийн эко системийг хамгаалахтай холбоотой хог хаягдлын дахин боловсруулалт, шинэ технологиор байгаль дахь хог, бохирдлыг цэвэрлэх зорилготой ажлын байрууд мөн эрэлттэй байх нь. Түүнчлэн крипто валютын эрсдэл, боломжийг судалж, эдийн засгийн зөв удирдлагаар хангах дижитал валютын зөвлөх ирээдүйн зах зээлд үнэ цэнтэй мэргэжилтэнд тооцогдох юм. Технологийн салбарт ч шинэ ур чадвар эрэлхийлнэ. Өнөөдрийн нислэгийн удирдлагын төвийн мэргэжилтнүүд шиг дроны хөдөлгөөн зохицуулагч, жолоочгүй машины электроникч, барилгын 3D хэвлэлийн инженер гэх мэтчилэн хөвөрнө. 400 сая орчим хүний ажлын байрыг “булаах” роботуудыг хүмүүстэй баг болж ажиллах менежментийг хариуцсан менежер хүртэл шинэ ажлын байруудын нэг. Сэтгэл судлал болон ком пьютер, инженерчлэлийн хос мэргэжилтнүүд эдгээр ажлын байрны эзэд болох аж. Энэ мэтчилэн дэлхийн хандлага эрс өөрчлөгдөх ирэх арван жилийн хугацаанд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл, боловсон хүчний бодлого ямар байхыг төсөөлөөд үз дээ. Эдийн засгаа төрөлжүүлж, үйлдвэрлэл хөгжүүлэх нь хөгжлийн гарц гэдгийг өмнөх хөрш бэлхнээ харуулж байна. Гэтэл бид уул уур хайн орлогоос шууд хараат байдлаар дэлхийн зах зээл дэх эрдсийн ханшийн уналт өсөлтийг дагаж сөхөрч, өндийсөөр байгаа нь харамсалтай.
САНАЛ БОЛГОХ