Төгрөгийн ханшийн уналт хөрөнгө оруулагчдыг үргээлээ

ЗГМ: Сэдэв
  • Засаглалын хямрал төгрөгт итгэх итгэлийг үгүй хийв
  • Албан ханш 2746 төгрөгт хүрч, иргэд төгрөгийн хадгаламжаа ам.долларт хөрвүүлэх нь хэвийн үзэгдэл
Импортын бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ улам дийлдэхгүй болох шинжтэй. Төгрөгийн бусад валюттай харцах ханшийн уналт дан ганц худалдаанд алдагдал болоод зогсохгүй манайх шиг үйлдвэрлэгч бус хэрэглэгч оронд инфляцыг хөөрөгдөх нэг үндсэн нөхцөл болдог. Тэгвэл өнөөдөр төгрөгөөр цалинжих орлоготой өрх болгонд валютын ханшийн өсөлт нэрмээс болж, амьдрах өртөг зардал тэр чинээгээр нэмэгдсээр. "Дүнжингарав", "Нарантуул" зэрэг томоохон худалдааны захаар ороод үзээрэй та. Хамгийн хямд байж болох бүхэн энд шинэ үнээр орж ирж байна. Шалтгаан нь, валютын ханшийн өсөлт гэдгийг худалдаачид нэгэн дуугаар хэлнэ. Гадаад валютын дуудлага худалдаагаар төв банк энэ он гарснаас хойш зах зээлд 213.9 сая ам.доллар нийлүүллээ. Гэвч ам.долларын ханш тогтворжиж байгаа юм огт алга. Ам.долларын ханшийг дагаад юанийн ханш ч төгрөгийн эсрэг улам чангарч эхэллээ. Тиймээс иргэн та ирэх УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчдээс ам.долларын ханшийн өсөлтийг хэрхэн бууруулах, төгрөгийн ханшийн уналтыг цаашид тогтоох талаар ямар бодлого, мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг нь асуувал дараагийн дөрвөн жилийн амьдралд тань хэрэг болно байх. Албан ханш 2746 төгрөгт хүрч, иргэд төгрөгийн хадгаламжаа ам.долларт хөрвүүлэх нь хэвийн үзэгдэл боллоо. Төв банк, төр нь үндэсний мөнгөн тэмдэгтээ хайхрахгүй байгаа энэ үед үүнээс өөр яах билээ. Манай улсын валютын албан нөөц өнгөрсөн онд дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн. Харин төгрөгийн ханш тасралтгүй суларсаар. Валютын нөөц нэмэгдсэн ч гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсаар байна. Авлига, хүнд суртлын уршгаар ам.доллар авчрах хөрөнгө оруулалт хумигдаж, мега төслүүд саатаж, засаглалын хямрал төгрөгт итгэх олны итгэлийг үгүй хийсээр. Валютын хадгаламж 2019 оны 12 дугаар сарын байдлаар 3.5 их наяд төгрөг болж, өмнөх оны эцсээс 464.2 тэрбум төгрөгөөр өсөв. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, дээрх хугацаанд ам.доллартай харьцах төгрөгийн ханш өмнөх оны эцсээс 3.4 хувиар суларсан байна. 2012 онд нэг сая төгрөгийн цалин 830 ам.доллартай тэнцэж байсан бол найман жилийн дараа буюу өнөөдөр 364 ам.доллартай тэнцдэг боллоо. Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөгийн худалдан авах чадвар гурав дахин буурсан гэсэн үг. Төгрөгийн ханшийн уналтаас болж таван сая төгрөгийн үнэтэй байсан автомашин өнөөдөр 15 сая төгрөг болж, үнэ нь гурав дахин нэмэгдлээ. 2016 оноос хойш ялимгүй буурч байсан хадгаламжийн долларжилт эргээд өсөөд эхэлчихлээ. Нийтээрээ ямааны “зовлон” ярьж, хэрэгтэй, хэрэггүй мэдээлэлд хошуурч байх зуур ам.долларын ханш 2746 төгрөг болж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш навс уналаа. Төгрөгийн ханшийн уналт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэх хэмжээнд ноцтой нөхцөл байдалд байна. Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай тэдний хамтарсан шийдвэр өнөөдөр валютын ханшаар үр дагавар нь илэрч, төсвөөс гадуурх бэлэн мөнгөний нийлүүлэлт нэг их наяд төг рөгт хүрэх нь. 2020 оны улсын нэгдсэн төсвийн зарлага 13.9 их наяд төгрөг бөгөөд үүний багагүй хэсэг нь импортыг дэмжихээр байгаа. Өөрөөр хэлбэл, төсвийн түүхэнд байгаагүй өндөр зардал өнөөдөр ам.доллар тэргүүтэй валюттай харьцах төгрөгийн ханшийг улам суллаж байна. Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдын чухалд тооцдог, хамгийн их ач холбогдол өгдөг үзүүлэлт бол төгрөгийн ханшийн тогтвортой байдал. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш нь тогтворгүй орноос хөрөнгө оруулагчид зайлсхийж, зарим нь орхин гарч байна. Ханшийн эрсдэл тухайн төслийн үр ашгийг үнэгүйдүүлэх, хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж чадахгүйд хүргэдэг. Өнөөдөр ийм шалтгаанаас болоод Монголд хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгаа хөрөнгө оруулагч цөөнгүй байна. Тэдэнтэй уулзахад хууль эрх зүйн орчноос илүү валютын ханшийн эрсдэлийг ярьдаг. Валютын ханшийн эрсдэлээс болоод анхны хөрөнгө оруулалтаа нөхөж чадаагүй компани нэг бус. Гаднын уул уурхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй боловч Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж чадаагүй зарим компани мөн л ханшийн эрсдэлээс халгаж явна. Хууль эрх зүйн орчин, засаглалын тогтвортой байдал, гэрээний соёл яах аргагүй хөрөнгө оруулагчдын харгалзан үзэх, эцсийн шийдвэрт нь нөлөөлөх хэмжээний хүчин зүйл. Хэдий тийм боловч хөрөнгө оруулахаар зэхэж буй орны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш үүнээс илүү чухал үзүүлэлт болж байна. Үндэсний валют нь суларч байгаа оронд засаглалын чанар тэр хэрээр муу байдаг аж. Өөрөөр хэлбэл, популизмынхаа өртгөө даахгүй эдийн засаг нь сүйрч байгаа гэсэн үг. Ийм улсад хэн итгэж хөрөнгө оруулалт хийх билээ. Манай улс энэ жишгээр замнаж явна. Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй” судалгаагаар, Монгол Улс урагшлах бус хэд хэдэн байр ухарсан. Гэтэл төгрөгийн ханшийн уналтыг эх оронч хэмээн цээжээ дэлдсэн түшээд жишим хийхгүй сууна.
САНАЛ БОЛГОХ