27 хоногтой нярай угаарын хийнд хорджээ

ЗГМ: Сэдэв
  • Энэ сарын 19-ний шөнө таван хүүхэд угаарын хийнд хордож, эмнэлэгт хүргүүлснээс хамгийн бага нь 27 хоногтой нярай байжээ
Нийслэлийн гэр хорооллын өрхүүдэд суурилуулах угаар мэдрэгчийн эхний ээлжийн 20 мянган ширхгийг тарааж бараг дууссан гэж нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй хэллээ. Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар НМХГ, НОБГ болон Агаарын бохирдолтой тэмцэх газар хамтран долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт өгдөг мэдээллийн үеэр угаарын хийд хөнгөн хэлбэрээр хэчнээн хүн хордсоныг мөн хэлэв. Амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон 17 өрхийн 46 иргэн хандсан байна. Тэдний 24 нь хүүхэд бол 22 нь насанд хүрсэн хүн байжээ. Тэд бүгд эмнэлгийн тусламж, зөвлөгөө аваад буцсан гэдгийг хэллээ. Мөн амралтын өдрүүдэд нэмж ирсэн 50 мянган ширхэг угаар мэдрэгчийг дүүргүүдэд хуваарилж дууссан бөгөөд айл өрхүүдэд тараах ажил эхэлжээ. НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Амралтын өдрүүдэд холбогдох байгууллагуудаас 18 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг хөдөлгөөнт эргүүл хийж, түлш борлуулах цэгүүд дээр ажиллалаа. Мөн Улаанбаатар хотын найман товчоонд 24 цагийн хяналтыг дээрх гурван байгууллагын алба хаагчид хийсэн. Улаанбаатар хотод зөвшөөрөлтэйгөөр 29 тээврийн хэрэгслийн 630 тонн түүхий нүүрс нэвтэрсэн. Энэ амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Нүхтийн 13-ын 1 тоотод баригдаж буй хоёр давхар барилгад 27 шуудай түүхий нүүрс байгааг илрүүлсэн. Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу 711 тонн түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад буулгуулан, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна” гэв.

Үүний дараа НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүйгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ сарын 19-ний шөнө таван хүүхэд угаарын хийнд хордож, эмнэлэгт хүргүүлсэн гэсэн. Дөрвөн хүүхэд нь дөрвөн настай, хамгийн бага нь 27 хоногтой нярай байсан талаар мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Үнэн. Угаарын хийнд хордсон дуудлага бүртгэгдсээр байгаа. Хоногт 10-18 дуудлага Яаралтай түргэн тусламжийн төвд ирдэг. Дуудлагын дагуу түргэн шуурхай ажиллаж байна.
-Хүүхдүүдийн биеийн байдал ямар байна вэ?
-Эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа. Хордлогын төвд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн биеийн байдлын талаар мэдээлэл авахыг хүсвэл Нийслэлийн эрүүл мэндийн газраас асууж болно.


САНАЛ БОЛГОХ