SWAMP WORKS LAB: Саран дээрх бүтээн байгуулалтыг туршиж буй лаборатори

UB Info

Хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт дэлхийгээс өөр сансрын биет дээр амьдрахаар, эсвэл суурьшиж судалгаа хийхээр бол хамгийн ойр орших бидний дагуул сар жагсаалтын эхэнд бичигдэх биз ээ. Гэвч саран дээр амьдрах, хэрэгтэй бүтээн байгуулалтыг босгох гэх мэт ажиллагааг явуулахад олон хүндрэл тулгарна. Тэр бүхнийг даван туулах чухал туршилтуудыг АНУ-ын Флорида муж дахь нэгэн лабораторит судлаач, инженерүүд хийсээр байна.

SWAMP works-т энэ зурагт харагдаж буй асар том синтетик сарны хөрснөөс бүрдсэн туршилтын өрөө байдаг. Энэхүү цаг уурын хяналтат орчиндоо эрдэмтэд олон техникүүдийн туршилтыг явуулдаг байна. Эдгээрийн нэг нь мөн зурагт харагдаж буй RASSOR нэртэй ровер юм. RASSOR-ийн зорилго нь дэлхийгээс сансар огторгуй руу аливаа ачааг зөөвөрлөх шаардлага болон зардлыг багасгах явдал болно. Сарны гадаргуу руу 1 килограмм ачаа зөөхөд 1 сая орчим доллар зарцуулагддаг. Тийм болохоор машин техник болон барилгын материалыг урт хугацаанд үргэлжлэх даалгаврын туршид сар луу зөөхөд асар их үнэтэй болно гэсэн үг. Энэ асуудлыг шийдэх нэг гарц нь зөөх шаардлагатай зүйлсээ пуужингаар явуулахын оронд сарны хөрсийг ашиглах явдал юм. Хэрэгтэй материалуудаа хийхийн тулд их хэмжээний сарны хөрс цуглуулах шаардлагатай болно.

Гэвч тэр нь тийм ч амар биш ээ. Сарны татах хүч дэлхийнхээс бага учраас ухаж байгаа юм нь хаа сайгүй тараад хийсчих магадлал ихтэй. RASSOR харин өөрийнх нь хөдөлгөөний чиглэлээс эсрэг чигт эргэлдэх нарийн сүвтэй "хувингуудын" тусламжтайгаар 90 кг орчим сарны хөрсийг цуглуулах чадвартай аж. Яаж ажиллаж байгааг нь доорх бичлэгээс үзээрэй.

 RASSOR амжилттай хэрэгжих юм бол сар гэлтгүй Ангараг гараг дээр ч түүнийг ажиллуулах боломжтой.

Саран дээрх бас нэгэн шийдэхэд төвөгтэй асуудал нь тоосжилт юм. Тоос нь маш нарийн ширхэгтэй бөгөөд цахилгаан цэнэгтэй байдаг учраас үсэндээ үрж байгаад таазанд тогтоодог шаар шиг л хаа сайгүй наалдчихдаг эд аж. (Шинэ жилээр гоёлын саанаас салах гэж яадаг билээ, тэрнээс ч долоон дор :D ) Бас дээрээс нь галт уулын чулуулгаас бүтсэн учраас машин механизмын завсар орвол эвдрэл үүсгэх аюултай. SWAMP works харин үүнээс хамгаалах тоосны хамгаалалтыг бас боловсруулж байна. EDS гэх нэртэй энэ хамгаалалт нь өнгөгүй электродуудыг аливаа механизмын гадаргууд байрлуулж, түүгээр багахан цахилгаан гүйдэл гүйлгэх замаар сарны төвөгтэй тоосжилтоос хамгаалах юм.

Эх сурвалж:technology-ksc.ndc.nasa.govwww.wired.com

САНАЛ БОЛГОХ