Худал мэдээлэлд төөрөлдсөн иргэд үнийн зохиомол хөөрөгдөл үүсгэх нь

ЗГМ: Сэдэв
  • Хятадын хүнсийг нь бохир гэлцдэг монголчуудын тархи бүр ч “бохир” болохыг эдгээр өдрүүдэд харууллаа
  • Өнөөдөр борлуулах махаа авахаар Хүчит шонхор зах дээр очиход үнэ нь 800-1000 төгрөгөөр нэмэгдчихсэн байна. Махны үнийг шийддэг дундын ченж нар эрэлт их байгаа учир үнээ нэмсэн гэж хэлсэн
  • ХААХҮЯ-ны мэдээлснээр улсын хэмжээнд 158 хоногийн гурил, 15 мянган тонн махны нөөц бий тул хүнс, тэжээлийн дутагдалд орохгүй хангалттай бий
  • Худалдааны төвийг хаах тухай ямар ч захирамж, тушаал ирээгүй. Харин эрүүл ахуйг сахих ёстой гэж сануулсан

Урд хөршид дэгдсэн коронавирусийн халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоо өдөр бүр нэмэгдэж буйг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Гэхдээ энэ нь одоохондоо Хятадын дотоодын хямрал хэвээр байна. Харин бусад улс орон вирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийг иргэддээ зөвлөж, улс руугаа нэвтрэх постууд дээр хяналтаа чангатгаад буй. Вирусийн тохиолдол илэрсэн улс орнуудад байдал хэвийн, иргэд нь амар тайван байгаа бол манайд эсрэгээрээ. Вирус хятадад биш монголд дэгдээ юу гэлтэй өдрүүдийг бид өнгөрөөж байна. Хятадын Ухань хотод мал амьтны зах дээрээс халдвар анх тархсан байх магадлалтайг хангалттай мэдээлсэн. Улмаар тус улсын иргэдийн хүнсний хэрэглээ, эрүүл ахуйн бохир, завааныг бас хангалттай муулсан. Тэгвэл монголчуудын тархи, толгой, сэтгэхүй хандлага нь бүр ч бохир болохыг ойрын өдрүүдийн Монголын нийгмийн дүр төрх бидэнд харуулж байна. Коронавирус тахал болж, эгээтэй л “Бусан хүрэх галт тэрэг” кинон дээр гардаг шиг байдал Монголд бий болох нь гэж “айсан” монголчууд зах, худалдааны төв, томоохон сүлжээ дэлгүүрийн хүнсний тасгуудыг хоосолж байгааг сошиал сүлжээгээр нэг шуугив. Бодит байдлыг сурвалжлахаар зарим худалдааны төвийг зорилоо.

Т. Алтанхундага: Угаасаа гурилан бүтээгдэхүүн өдөртөө зарагдаад дуусдаг

Хамгийн түрүүнд E-mart худалдааны төвийн лангуу хоосорч, гурилан бүтээгдэхүүний хомсдолд орсон гэх мэдээллийг нягтлахаар тус дэлгүүрийг зорилоо. Газар дээрээ түгээлт, борлуулалт хэвийн, харин үйлчлүүлэгч ихтэй байв. Дэлгүүрийн худалдагч нар бүтээгдэхүүний хомсдол бий болсон гэх мэдээллийг няцаалаа. E-mart худалдааны төвийн маркетингийн албаны дарга Т.Алтанхундага “Манай дэлгүүр хэрэглэгчийн судалгаа, тоон мэдээлэлд үндэсэлж нийлүүлэлтээ хийдэг. Тиймээс талх, гурилан боов, сүү, тараг зэрэг хадгалах хугацаа богинотой хүнсний бүтээгдэхүүн өглөө ирээд, өдөртөө дуусдаг. Өчигдрийн хувьд үйлчлүүлэгч бусад өдөртэй харьцуулахад арай их байсан. Сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоосонтой холбоотой байх. Хүүхэд нь гэрт байхаар эцэг эхчүүдийн худалдан авалт нэмэгдэх хандлагатай байдаг. Тиймээс гурилан бүтээгдэхүүний лангуу бусад өдрийнхөөс 1-2 цагийн өмнө суларсан. Үүнийг хүмүүс хомсдол бий болсон гэж ойлгоод, зураг авч, нийтэд цацсан байх. Тэр мэдээллийн улмаас гурил, будааны худалдан авалт нэмэгдэж, дэлгүүрийн нөөц багассан. Гэхдээ бид өнөөдөр бүх бараагаа дахин татаад, лангуундаа өрсөн. Цаашдаа ч мөн үйл ажиллагаагаа хэвийн явуулж, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэнэ. Талх, гурилан боовыг удаан хугацаанд хадгалах боломжгүй, шинээр нь хэрэглэх ёстой хүнс. Гэтэл хүмүүс 10-20 уутаар нь авч, нөөцлөөд байгааг ойлгохгүй байна. Цөөхнийг нь идээд, бусдыг нь хатахаар хаяна шүү дээ. Үүний оронд дэлгүүрийн лангуунаас шинээр нь аваад хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Худалдааны төвийг хаах тухай ямар ч захирамж, тушаал ирээгүй. Харин эрүүл ахуйг сахих ёстой гэж сануулсан. Тиймээс гар ариутгагч байршуулж, хаалга, үүдний бариулыг спирттэй даавуугаар ороож байна. Манай улсад вирус дэгдэж, хүмүүс хорионд орох нөхцөл бий болоогүй байгаа учир иргэд бие, биедээ худал мэдээлэл тараахгүй байж, зохиомол эрсдэл бий болгохоос сэргийлээсэй гэж хүсэж байна” хэмээлээ. Кассан дээр ирэхэд битүү оочир. Мөн ихэнх худалдан авагч ариун цэврийн цаас, ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн, гурил, будаа сагсалсан харагдана. Үүнээс иргэд, олон нийтийн дунд хөл хорио тогтоож болзошгүй гэх айдас бий нь харагдаж байлаа. Нэг сагсандаа хүнс, нөгөөд нь гэр ахуйн бүтээгдэхүүн савласан Х.Батшугараас вирусын эрсдлээс сэргийлж, худалдан авалт хийж буй нь эсэхийг нь тодруулахад “Корона вирус Монголд илэрвэл худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоох байх гэж бодоод сарын хэрэглээгээ базааж байна. Үйл ажиллагаагаа явуулж байсан ч вирус ороод ирчихвэл худалдан авалт хийхэд сэтгэлд сэвтэй. Тиймээс энэ өвчин намдтал дахиж дэлгүүр, хоршоо орохгүйгээр л хэрэгцээгээ хангаж байна. Цахим сүлжээгээр ч мөн бараагаа нөөцлөх нь зүйтэй гэсэн мэдээлэл их байна” гэсэн юм. Харин Ц.Гүндэгмаа “Өвгөн бид хоёрыг хүнс, бараагаа базаагаарай гэж хүүхдүүд утасдаад суулгахаа байсан. Эхэндээ ч дэмий хөөрцгөөгөөд гэж бодоод нэг их тоогоогүй. Гэтэл хүмүүс дэлгүүр хоршоо хаана, хилээр бараа бүтээгдэхүүн оруулж ирэхээ болино гэж яриад байх юм. Олны үг ортой. Гар хумиад суугаад байж болохгүй юм шиг байна. Өчигдөр гэрийн хажуугийн “Баянзүрх” зах орж жаахан мах нөөцөлсөн. Тэнд хүн ихтэй байна лээ. Өнөөдөр гурил, будаагаа авч байна. Жаахан юм аваад, далд хийчихсэн байхад буруугүй. Ямар хоол нэхэх биш. Тэгээд ч тэтгэвэр нэмэх сураг сонсогдоод байна. Хэдэн төгрөг нэмэх сургаар нь юмны үнэ тэнгэрт хадчихдаг шүү дээ” хэмээлээ.

Нэг хоногийн дотор махны үнэ 800-1000 төгрөгөөр нэмэгджээ

Хоосон цуурхалд хий сандралдсан иргэд хүнсний бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөж буй нь харагдлаа. Тухайлбал, Баянзүрх худалдааны төв дээр очиход мах, гурил, будаа зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдан авалт эрс ихэссэн гэх бөгөөд үнэ ч мөн нэмэгдсэн байлаа. Тус худалдааны төвийн дарга Г.Энхтөр “Хүмүүс өчигдөр гурил, будаа, мах их хэмжээгээр худалдаж авсан. Гадаа машин, дотор хүн түгжирч, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Гэхдээ жимс, ногоо, бараа бүтээгдэхүүний лангуу худалдан авагчгүй, мах гурил дээр л шавж харагдсан.Тухайн үед яагаад тэгж байгааг ойлгоогүй. Орой интернет ороод л хомсдол бий болж болзошгүй гэсэн мэдээлэл гарсныг харлаа. Монголчууд мэдээллийн үнэн худлыг нягтлахгүй л "шуурчих" юм. Түүнээсээ болоод өөрсдийнхөө нуруун дээрх ачааг нэмж байна. Учир нь өчигдөр худалдан авалт ихсэж, бүтээгдэхүүн эрэлттэй байсантай холбогдуулан нийлүүлэлтийн үнэ нэг хоногийн дотор л өссөн байна. Бүтээгдэхүүн борлуулах үнийн өсөлт манай худалдагчдаас шалтгаалахгүй. Учир нь ханган нийлүүлэгчид эрэлт их байхаар бүтээгдэхүүний үнээ нэмээд эхэлсэн. Тухайлбал, өчигдөр нэг кг мах 8500 төгрөг байсан бол өнөөдөр 9500 болоод ирлээ. Цагаан сар болох гэж байхад махны үнэ ингэж өсөх нь иргэдэд хүндрэл үүсгэнэ. Хэдий зохиомол айдсын улмаас үнэ өссөн ч баяраас өмнө буухгүй. Ийнхүү олон нийтийн сүлжээнээс хүлээж авсан худал мэдээлэлд итгэж, сэвээд байгаа нь багагүй уршигтай. Үнэн хэрэг дээрээ, зах, худалдааны төв хаах талаар ямар ч мэдээлэл бидэнд ирээгүй. Манай худалдааны төвд коронавирустэй холбоотой нэг ч лаангуу үүд хаалгаа бариагүй, бүгд л хэвийн ажиллаж байна.Бараа бүтээгдэхүүний олдоц багассан ч юм алга. Өчигдөр орой гурилын лангуу хоосон болчихсон байсан. Одоо бүгд бараагаа татаад, эгнүүлээд өрчихсөн байгаа биз. Харин ч худалдан авалт их байгаа болохоор их хэмжээгээр татсан харагдаж байна. Хаалгаа эгнүүлээд, зай завсаргүй л эрийлгэчихсэн байна” гэж нөхцөл байдлыг танилцууллаа.

Махны үнийг дундын ченжүүд өсгөж байна

Махны үнийг Хүчин шонхор захын дундын ченжүүд нэмдэг байна. Тэд малчдын гар дээрээс махаа худалдаж аваад, зах, худалдааны төвд нийлүүлэхдээ хэдэн төгрөгөөр өгөхөө шийддэг аж. Коронавирустэй холбоотой цуу ярианы улмаас мах худалдан авах хүмүүсийн тоо нэмэгдсэн учир эрэлт ихэсвэл үнээ нэмнэ гэх үндэслэлээр махны үнийг нэг шөнийн дотор 1000 орчим төгрөгөөр нэмсэн байна. Энэ талаар махны тасгийн худалдагч Ж.Хажидмаа “Нийслэлийнхэн дунджаар долоо хоног хэрэглэх махаа худалдаж авдаг. Гэтэл өвчин дэгдсэнтэй холбоотой ихэнх хүн багадаа нэг сар хэрэглэх махаа авч, нөөцөлж байна. Үүнээс болоод захуудад өчигдөр махны хомсдол бий болсон. Мөн борлуулалт ч хэд дахин нэмэгдсэн. Харин өнөөдөр борлуулах махаа авахаар хүчит шонхор зах дээр очиход үнэ нь 800-1000 төгрөгөөр нэмэгдчихсэн байна. Махны үнийг шийддэг дундын ченж нар эрэлт их байгаа учир үнээ нэмсэн гэж хэлсэн. Хүмүүс мах их авсан учир сар гаруйн хугацаанд бид худалдан авагчгүй болно гэсэн үг. Тиймээс ядаж түрээсийнхээ мөнгийг төлөхийн тулд тэдний хэлсэн үнээр нь худалдаж аваад, эрэлттэй үед нь иргэдэд нийлүүлж байна. Өчигдрийг бодоход өнөөдөр мах авч буй хүмүүс цөөхөн байна” хэмээсэн юм. Дэлхий нийтийг цочроогоод буй халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлж, өөрийгөө хамгаалж байгаа нь зүйн хэрэг ч цахим сүлжээгээр цацагдсан худал мэдээлэлд шүүлтүүргүй хандаж, хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр нөөцлөх нь зохиомол хомсдол бий болгож, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэх нөхцөл бүрдүүлж байна. Угаасаа Монголд нэг өссөн үнэ эргэж буурдгүй стандарт бус дүрэмтэйг хэлэх үү. Гэтэл сар хүрэхгүй хугацааны дараа болох монгол түмний уламжлалт цагаан сарын баяраар хөөрөгдсөн үнэтэй хүнсний бараагаар угтах эрсдэл тулж буйг иргэд харин ойлгохгүй байх шиг. Одоогоор манай улсад хил хааж, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа зогсоох нөхцөл үүсээгүй гэжалбаныхан мэдээлсэн тул иргэд, олон нийт цахим сүлжээнд байршиж тараагдаж буй мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, эх сурвалжаа нягтлах нь эдийн засгийн эрсдлээс өөрийгөө сэргийлж буй хэрэг юм. Мөн ХХААХҮЯ-ны мэдээлснээр улсын хэмжээнд 158 хоногийн гурил, 15 мянган махны нөөц бий тул хүнсний дутагдалд орохгүй гэж албаны эх сурвалж хэллээ.
САНАЛ БОЛГОХ