С.Шаарийбуу: Монгол хүнээр оролдвол осолтой гэдгийг малайзчуудад харуулах хэрэгтэй

ЗГМ: Зочин
  • Би Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт гаргасан. Намайг хүлээн авч, дахин уулзана гэдэгт найдаж байна
  • Малайзаас манай УИХ-ыг тогтоол гаргаж, илгээхийг хүссэн юм билээ. Амжилттай болвол хоёр орны парламентаас хамтарсан ажлын хэсэг байгуулж, шүүх хурал шударгаар явагдах эсэхэд хяналт тавих боломжтой. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга энэ асуудалд анхаарал хандуулбал ганц надад биш ард түмэнд ч хэрэгтэй. “Улс орон маань иргэнийхээ амь насыг хамгаалдаг юм байна. Анхаардаг цаг үе иржээ” гэдгийг харуулах болно
  • Монголчууд өөрсдөө Малайзын иргэнийг хороосон мэт хүлцэнгүй байсан үе бий. Үүний цаана өчнөөн наймаа нуугддаг. Тэр ч бүү хэл их хэмжээний нөөцтэй алтны ордоо 30 жилийн лицензтэй нь хамт Нажибт бэлэглэсэн байдаг
  • Малайзаас би ганц л юм хүснэ. Уучлаарай гэдэг үг. Манай төр засаг энэ үгийг хэлүүлэхийн төлөө явах ёстой
  • "Энэ хэрэг зуун жилийн дараа ч яригдаж байж мэднэ" гэж хуульч маань хэлж байсан. Алуурчид 14 жилийн турш эрх чөлөөтэй амьдарсан. Тэдэнд ямар ч боломж олгохгүйгээр хэргийг шуурхай шийдэхийг би Малайз улсаас шаардаж байгаа

Малайз улсад 14 жилийн өмнө харамсалтайгаар амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу гуайтай ярилцлаа. Энэ хүнтэй ярилцаж суухад “үхтэл үр харам” гэх үг өөрийн эрхгүй бодогдож байв. Магадгүй эцэг хүн л ингэж тэмцэж чадах байх. Тэр зөвхөн охиныхоо төлөө тэмцэж яваа аав биш. Тэр хүний эрхийн төлөө тэмцэж яваа, монгол хүний амь нас үнэ цэнтэй гэдгийг баталж яваа нэгэн. Хэчнээн олон эцэг, эх ийм тэмцэлд шар махтайгаа хатаж, шаналахаас өөр зүйл хийж чадахгүй суугаа бол. Энэхүү ярилцлагаар өнгөрсөн хугацаанд хэвлэлээр цацагдсан худал, үнэн мэдээллүүдийг нэг тийш болгож, тодорхой бус байсан олон асуудлын талаар мэдээлэл өгөхийг зорилоо.

Нажибад одоо бурхнаас гуйх ганц л зам үлдсэн. Гэхдээ нүгэл хийсэн хүнд бурхан байсан ч тусалдаггүй юм Нажибад одоо бурхнаас гуйх ганц л зам үлдсэн. Гэхдээ нүгэл хийсэн хүнд бурхан байсан ч тусалдаггүй юм

-Ш.Алтантуяа агсны хэрэг 14 жил дамнан үргэлжилж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар Малайзын парламентын дэд даргатай уулзаж, хоёр орны парламент хамтарсан ажлын хэсэг байгуулах санал тавьсан. Өнгөрсөн хугацаанд танд энэ хэргийг шийдвэрлүүлэхийн төлөө яваагүй газар, хандаагүй хүн цөөхөн байх?

  -Хэргийн захиалагч нь хэн бэ гэдэг л чухал болохоос хэн үйлдсэн бэ гэдэг нь чухал биш. Нэгэнт Нажиб захиалагч нь мөн учраас эрх мэдэлтэй байх үедээ өөрийгөө яллахгүй гэдэг нь тодорхой. Аз болж 2018 оны сонгуульд сөрөг хүчин ялсан. Энэ ялалтад Малайзын ард түмэнд илгээсэн миний захидал ч нөлөөлсөн. Сонгуулийн дараахан Малайзын Ерөнхий сайдтай уулзахаар болсон юм. Яг энэ үед Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаа Малайз улс руу иргэнийхээ амь насыг нэхэж, захидал илгээсэн нь хэргийн үйл явцад чухал нөлөө үзүүлсэн. Малайзын Ерөнхий сайд Махатхир надтай уулзахдаа прокуророо дуудаад “Би энэ хэргийг шударгаар шийдвэрлээсэй гэж хүсэж ирсэн. Тиймээс тантай уулзахаар шийдлээ. Би Нажибаас ямар нэг байдлаар өш хонзон авахыг хүсээгүй. Шударга үнэнийг л хүсэж байна. Хэргийг хуулийн дагуу шалгах болно. Мөн танай улсын Ерөнхийлөгч надад захидал илгээсэн. Малайз, Монгол Улсын харилцаа царцанги байдалд ороод байна. Нажиб бол миний шавь. Түүнийг энэ улсыг цаашид авч явах хүн гэж бэлтгэсэн боловч талаар боллоо. Одоогоор тогтоогдоогүй байгаа ч улсын сан хөмрөгийг шамшигдуулсан гэх мэдээлэл ирсэн” гэж хэлсэн. Энэ өдрийг хүртэл манай улсын өндөр албан тушаалтнууд иргэнийхээ амь насаа алдсан хэргийг шударгаар шийдвэрлүүлэхийн төлөө юу ч хийгээгүй. Би цөхөртлөө явсан. Одоо ч хэргийн процесс зогсонги байдалд ороод байна. Сүүлд УИХ-ын дарга энэ талаар Малайзын парламентын дэд даргад уламжилсанд талархаж байна. Ирэх долоо хоногт намайг хүлээн авч уулзана гэлээ. Энэ ажил зүгээр нэг бичиг төдий биш. Малайзаас манай УИХ-ыг тогтоол гаргаж, илгээхийг хүссэн юм билээ. Амжилттай болвол хоёр орны парламентаас хамтарсан ажлын хэсэг байгуулж, шүүх хурал шударгаар явагдах эсэхэд хяналт тавих боломжтой. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга энэ асуудалд анхаарал хандуулбал ганц надад биш ард түмэнд ч хэрэгтэй. “Улс орон маань иргэнийхээ амь насыг хамгаалдаг юм байна. Анхаардаг цаг үе иржээ” гэдгийг харуулах болно.С.Зоригийн хэргийн материалыг Олон улсын парламентын холбооноос шахалт үзүүлсний үндсэн дээр нууцын зэргээс гаргасан юм билээ. Шри-Ланкын төлөөлөгч надад энэ тухай хэлж, зөвлөгөө өгсөн. Хоёр орны парламент хамтран ажиллаж, олон улсын анхааралд өртвөл энэ байгууллагаас дэмжлэг авч, шударгаар шийдэгдэх боломжийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Олон улсын практикт ч ийм жишээ бий. Би Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт гаргасан байгаа. Намайг хүлээн авч, дахин уулзана гэдэгт найдаж байна.

-Одоо хэргийн нөхцөл байдал ямар байна. Эрүүгийн хэрэгт бүрдүүлсэн баримтуудыг иргэний хэрэгт хэрэгсэхгүй гэж үзсэн юм билээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Иргэний хэргийн ажиллагаа явагдаж байгаа. Малайзад Англи-Саксоны эрх зүйн систем үйлчилдэг учраас эрүүгийн хэрэгт авагдсан баримтыг иргэний хэрэгт хэрэглэх боломжгүй. Уг нь энэ системд өөрчлөлт оруулсан боловч малайзууд өнөөг хүртэл хэргийг гацааж, гүрийсээр байна. Иргэний хэрэгт баримт шинээр бүрдүүлбэл өнгөрсөн хугацаанд цуглуулж дуудсан бүх гэрчийг цуглуулахаас эхлээд асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдана. Тэр бүх зардлыг би барагдуулах ёстой. Хөгшин би юу өгөх вэ дээ. Надад улсаас өгсөн хоёр өрөө байрыг би хэрэг хөөцөлдөх хугацаанд аль хэдийн зарж үрсэн. Хэвтрийн хөгшнөө аваад түрээсийн байр дамжиж л амьдарч байна. 12 дугаар сарын 18-ны өдөр би иргэний хэргээ түдгэлзүүлсэн байгаа. Нэхэмжлэлээ шинээр гаргана.

-Эрүүгийн хэргийн тухайд?

-Эрүүгийн хэргийн тухайд Нажибыг аллага захиалсан гэдгийг батлах, шалгах үйл ажиллагаа явагдаж байна. Аллага үйлдсэн офицер Азила Хадрид 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Ерөнхий сайд асан Нажиб, Батлан хамгаалахын сайд Мусса нар өөрт нь үүрэг өгсөн” гэж мэдүүлсэн. Харин аллагыг захиалгаар үйлдсэн нэг офицер нь өнөөг хүртэл Австралид орогнож байна. Нажиб сүмийн өмнө очиж, коран судар дээр гараа тавиад би энэ хэргийг үйлдээгүй гэж тангараг өргөсөн байна лээ. Нажибын тангараг өргөх хэмжээ дууссан. Түүнд бурхнаас гуйх ганц л зам үлдсэн. Гэхдээ нүгэл хийсэн хүнд бурхан байсан ч тусалдаггүй юм.

Эх орон нь иргэнээ хаясан гэдгийг миний охины хэрэг харуулсан

-Нажиб Ерөнхий сайд байхаа больсон ч хэргийн явц удаашралтай байгаа нь юутай холбоотой вэ?

-Малайзад шашны хууль гэж бий. Тэр хуулийн дагуу шашны сүм нь төрөөсөө хэрэгтнийг худалдан авах боломжтой. Энэ хуулиар шийтгэвэл хүзүүнд нь хүнд дөнгө зүүж, насан туршид нь сүмийн шал угаалгах юм. Нажиб өнгөрсөн 12 жилийн хугацаанд хэрэгтэй холбоотой баримтуудыг ч үгүй хийж ирсэн. А.Р.Багиндатай хамт байсан, хэргийг харсан гол гэрчийг 2018 онд зүрх нь өвдсөн нэрээр эмнэлэгт хэвтүүлж байгаад хөнөөсөн. Охины маань ясны хэлтэрхийнээс ДНХ-ийн шинжилгээ авсан эмч ор сураггүй алга болсон. Хөнөөхөөр авч явахад хамт байсан гэх эмэгтэй мөн сураггүй. Миний өмгөөлөгч Карпал Сингхийг ч бас машинаар дайрч хөнөөсөн. Энэ хэргийг илчлэхгүйн тулд Нажиб байж болох бүх л муу муухайг хийж байна. Дээрээс нь малайзууд төрийнхөө нэр нүүрийг бодож байгаа юм. Энэ улсад 61 жил ноёрхсон, гурван сая гишүүнтэй Малайзын үндэсний нам нэр төрөө бодохгүй гээд яах вэ.

-Цаазын ялыг гүйцэтгэхгүй байсан нь ч бас Нажибтай холбоотой юу?

-Нажиб Абдул Разак Багиндагаа цагаатгаж, Англи руу гаргасан. Мөн аллага үйлдсэн хамгаалагчаа Австрали руу гаргаж, энэ хэрэгт холбоотой гол гэрчүүдийн амийг бүрэлгэсэн. Гэтэл Малайзад байгаа этгээд “Бид хоёр нэг хүнийг хамтарч алсан. Аюултай тагнуул гэсэн тушаал аваад түүнийгээ л гүйцэтгэсэн. Тушаал биелүүлснийхээ төлөө нэг нь Австралид цагаадаж, нөгөө нь цаазлуулах ёсгүй” гэж хаандаа захидал бичиж, өршөөл гуйсаар байсан. Энэ хэрэгтэй холбоотой маш олон хүн амиа алдсан. Би тэнд очоод хэд хэдэн буудал дамжиж, зугатааж байсан ч удаа бий. Шүүх хурлын дараа хэргийн талаар сурвалжилсан 20 гаруй сэтгүүлчийг хорьсон байсан.

-Манай төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт холбогдож, хэргийг шийдвэрлэх процесст саад учруулсан гэлээ. Үүнийг тодруулахгүй юу?

-Манай нэр нөлөө бүхий хүмүүс өнгөрсөн 12 жилд энэ хэрэгт маш их нөлөө үзүүлсэн. Нөлөөлөх нөлөөлөхдөө дандаа хор болж байсан. Эцэст нь би аргаа бараад, надад тус болохгүй юм бол битгий ус болооч гэж гуйж байлаа. Энэ хэргээр хөлжсөн, авлига авсан бүх хүний баримт надад бий. Нажибын тухай ярих бүрт Монгол руу маш их мөнгө орж ирдэг байсан. 2006 оны 11 дүгээр сард миний нисэж ирсэн онгоцоор монгол мөнгөөр хоёр тэрбум төгрөгтэй тэнцэх бэлэн мөнгөтэй Малайзын хоёр иргэн Монголд бууж, хэвлэлийнхэнтэй уулзсан байдаг. Манайхан ч овсгоотой юм билээ. Тэр үеийн хэвлэлүүд охины минь тухай хар бараан, худал хуурмаг мэдээ цацаж, мөнгө авсан баримт нь ч байдаг. 2008 онд Нажибын туслах Багиндаг цагаатгахад ч манай улсаас албан ёсоор нөлөөлсөн. Түүгээр ч зогсохгүй Аллах тэнгэрээсээ асуух нэрийдлээр түүнийг суллахад юу ч дуугаралгүй өнөөдрийг хүрлээ. Энэ нь тэдэнд ял завших, цаг хожих боломж олгосон.

-Та улстөрчидтэй холбоотой баримтуудыг дэлгэх үү?

-Разак Нажиб, түүний эхнэр Росмах Монсар нарыг улсынхаа асар их баялгийг завшсан гэж шүүж байгаа. Малайз улсын үндэсний хөгжлийн сангаас 60 тэрбум ам.доллар завшсан юм билээ. Түүнтэй адил хулгайчдын нүгэл нүдээ олно. Энэ бол цаг хугацааны л асуудал. Монголчууд өөрсдөө Малайзын иргэнийг хороосон мэт хүлцэнгүй байсан үе бий. Түүний цаана өчнөөн наймаа нуугддаг. Тэр ч бүү хэл их хэмжээний нөөцтэй алтны ордоо 30 жилийн лицензтэй нь хамт Нажибт бэлэглэсэн байдаг. Ийм байдлаар зарагдсан олон уурхай байгаа. Авлигатай тэмцэх газар анхааралдаа авна биз. “Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр Нажиб өөрт нь тусалсан монголчуудыг илчлэх байх” гэж Малайзын хэвлэлээр бичиж байна. Манайхан Нажибтай найзалж, мөнгө салгадаг боломж дууссан гэдгийг хэлье.

-Шүүх хуралд оролцоход маш их зардал гардаг. Өнгөрсөн хугацаанд танд төрөөс санхүүгийн ямар нэг дэмжлэг үзүүлсэн үү?

-Хэрэв би АНУ-ын иргэн байсан бол энэ хэрэг аль хэдийн шийдэгдэх байсан. Манайхан өөрсдийгөө “жижиг орны зовлон” гэх үгээр өмгөөлдөг. Гэхдээ миний охины хэрэг эх орон нь иргэнээ хаясан гэдгийг харуулсан. Хүн л бол хүн. Алддаг. Манай улс Малайзтай эрх зүйн гэрээгүй. Албан ёсны консулын газар ч байхгүй. Хаа байсан Тайландын арал дээр байгаа Элчин сайд нь хариуцдаг төдий. Иргэн нь тэнд үхнэ үү, үрэгдэнэ үү, зарагдана уу хамаа ч байхгүй. Байдал ийм л байна. Хүний эрхийн байгууллагууд, тусална барина гэдэг зарим хүн, ер нь хэн ч бодит үнэнг туулаагүй, зовлонг нь мэдэхгүй. Надад яамнаас нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлсэн.

-Та тэтгэврийн зээл авч байсан уу?

-Ядарсан амьдралаа өртэй үлдээмээргүй санагдаад зээл аваагүй. Авдаг л байж гэж харамсаж сууна. Малайз руу нисэхэд тийз нь гурван сая төгрөг байдаг. Хэрэгтэй ч байсан юм уу, хэн мэдэхэв /инээв/.

Аллагыг Нажибын эхнэр зохион байгуулсан

-Бүх гэрчийг дахин цуглуулахын тулд асар их мөнгө хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд та юу эсийг үзсэн билээ. Монгол хүний мөн чанар ч бас ямар өчүүхэн юм бэ гэдгийг харсан байх?

-Тийм ээ, үзэхээр барах уу. Гэрч нар л гэхэд явна, явахгүй гэж өчнөөн асуудал үүсгэнэ. Надаас мөнгө нэхээд хэвтчихдэг. Мөнгийг нь өгөөд явах болмогц би тэрэнтэйгээ хамт явна. Хамт л биш бол явахгүй гэж гүрийнэ. Тэр хооронд хоёроос гурван ч удаа алга болж, тийзээ буцаагаад мөнгийг нь авчихсан байдаг. Энэ бүх мөнгийг би хувиасаа төлж байгаа юм. Арай гэж явна. Очоод заавал таван одтой буудалд орохыг шаардана. Дэлгүүр хоршоогоор хэсэж, хувцас хунар, үнэтэй цайтай эдлэл авахуулна. Үгүй бол “мэдүүлэг өгөхгүй” гэх. Хүн гэж ийм л амьтан юм билээ. Зовлонг үүрээд ертөнцөөр нэг явлаа. Бурханд мөргөж, ганданд очсоноор буян хураадаггүй. Баярлалаа гэсэн сэтгэлээр буян хураадаг юм билээ.

-Улс төрийн ийм том албан тушаалтны нууцаар үйлдсэн хэрэг чухам яаж илэрсэн юм бэ?

-Энэ их сонин. Хэргийн гол зохион байгуулагч бол Нажибын гурав дахь эхнэр Росмах Монсар. Тэр хүүхэн охины маань авах ёстой ажлын хөлсийг өгөхгүй гэсэн юм билээ. Тэгээд “устга” гэж Багиндад тушаасан. Миний охин таван хэлтэй байсан. “Одоо ганц л хэл сурчихвал НҮБ-ын бүх хэлээр ярьж сурах нь дээ” гээд инээж байсан юм. Усан онгоц худалдан авах гэрээнд гурван хэлтэй орчуулагч хэрэг болж, ажиллахаар болсон. Малайзад манайхтай адил хэн дуртай нь хаанаас ч хамаагүй таксинд явдаггүй. Нэг зогсдог газраа л тогтмол зогсож, үйлчилгээ үзүүлдэг. Охин маань эрсдэлтэй ажил хийж байснаа мэдэж байсан учраас Багинда, Нажиб нартай уулзахдаа хоёр найзтайгаа хамт явдаг байсан. Малайзууд шашны ёсын дагуу нэг сарын турш мацаг барьдаг. Охиныг маань нүгэл хилэнцээс ангид байх мацгийнхаа сүүлийн өдөр дуудаад амь насыг нь хороосон. Хоёр найз нь охиныг ирэхгүй болохоор таксиных нь жолоочоос асуусан юм билээ. Өнөө жолооч нь “мөнгө өгвөл хэлнэ” гэж. Ингээд байсан 100 доллараа өгтөл Багиндагийн байшингийн гадаа очоод хүмүүс аваад явсан гэж хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдэж л дээ. Малайзын хүн амын 60 хувь нь малай үндэстэн. Өөр үндэстнүүдээс гадна хятадууд олон байдаг. Энэ хоёр үндэстэн хоорондоо маш таарамжгүй харилцаатай. Азаар цагдаагийн газрын дарга нь хятад хүн байж. Багинда тухайн үед Шадар сайд хийж байсан. Малай үндэстний өндөр албан тушаалтай хүн холбогдсон хэргийг өнөө хятад яагаад ч зүгээр өнгөрөөхгүй. Ингээд эрчимтэй шалгаад үзтэл хэрэг үйлдсэн этгээдүүд нь Багинда болон Нажиб нарын хувийн туслах, цагдаагийн офицерууд байсан. Серул гэгч өмнө нь долоон хүн захиалгаар алсан, аюултай этгээд. Багинда руу бичсэн мессеж нь ч олдсон. “Би таны тавьсан хүсэлтийн дагуу үүргээ гүйцэтгэнэ. Мөнгөө тохиръё. Эрхэм Багинда та өнөө шөнөөс тайван унтаж болно” гэж бичсэн байдаг. Мөн Багиндагийн “монгол хүүхнийг яах вэ” гэж Нажиб руу бичсэн мессеж ч бий.

-Нажибтай холбоотой гэх сэжүүрийг эхнэр нь баталгаажуулсан гэдэг?

-Тийм ээ. Аллагын дараа Нажибын эхнэр хэргийн газар дээр очиж шалгалт хийсэн байдаг. Малайзад манайхаар бол машин шалган өнгөрүүлдэг пост олон бий . Тэр постуудаар гарахдаа картаа үзүүлдэг юм. Хөдөө аллага үйлдсэн газар руу тэр авгай арваад машин дагуулж, маш олон газар картаа шалгуулж явсан.

-Малайзад манай улсын ЭСЯ байдаггүй ч өргөмжит консул гэж бий. Тэдгээр хүмүүс үүрэгт ажлынхаа хүрээнд ямар туслалцаа үзүүлж байв?

-Малайзад Монголын талаас өргөмжит консул гэж бий. Монголын тугийг машин дээрээ мандуулаад хүлээн авалт хэсээд явах юм. Тэнд байдаг монголчууд замаа алдаж байна. Монголчуудыг зохион байгуулалттайгаар хар тамхины хэрэгт хутгаж, хэргээ тохно, охид хүүхнүүд биеэ үнэлнэ. Хүний наймаанд ч өртдөг. Бүр “Хэрвээ чи хүнд гэмт хэрэгтэй орооцолдсон бол нэг монгол хүнийг таньдаг бай” гэх үг ч бий.

-Та одоо ямар ажил эрхэлж байна. Өнгөрсөн хугацаанд энэ хэргийг шийдвэрлүүлэхийн төлөө тэмцэхийн хажуугаар ар гэрээ хэрхэн авч явж байв?

-Би энэ амьдралдаа бригадын бага сургуулиас МУИС хүртэл 50 жил багшилж явна. Монголын түүх соёл, утга зохиол, шинжлэх ухааны салбарын нэрт эрдэмтдийн тухай 100 гаруй баримтат кино хийсэн. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор төрийн есөн хөлт цагаан тугийг шинэчилж хийхэд оролцож байлаа. Энэ ажил, багшийн мэргэжил хоёроороо өнгөрсөн хугацаанд амьдралаа залгуулж, шүүх хуралд оролцож ирлээ. Надад “Та зардалдаа нэмэрлээрэй” гээд 100 мянган төгрөг хандивлаж байсан ганцхан хүн бий.

Нажиб шиг этгээдээр төрөө удирдуулсан энэ улсын ард түмэн ямар золгүй юм бэ

-Таныг гавьяат цол авсан гэж хэвлэлээр шуугиж байгаад нам жим болсон. Энэ ямар учиртай юм бэ?

-Энэ бол андуурал. Надтай ижил нэрт Манж судлаач, нэрт эрдэмтэн Я.Шаарийбуу багшид гавьяат цол олгосон юм. Тэр үеэр би тэргэнцэртэй нь түрж ордон орсон. Тэр зургийг хараад л андуурсан хэрэг. Гэхдээ амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Авахыг хэн байг гэхэв.

-Танд өнгөрсөн хугацаанд маш олон хүн хандаж, тусламж хүсэж байсан. Талийгчийн хүүтэй хамт хүний эрхийн байгууллага байгуулах бодол бий гэсэн. Энэ ажлынхаа талаар хуваалцахгүй юу?

-Зовлон үзээгүй хүн зовлонг хэзээ ч ойлгохгүй. Хохирогч болсон маш олон хүн надтай уулздаг. Би талийгчийнхаа хүүтэй хамт гадаадад амьдарч байгаа монголчуудын эрхийг хамгаалах холбоо байгуулахаар шийдсэн. Малайзад хүн амины хэргийг хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаггүй. “Энэ хэрэг зуун жилийн дараа ч яригдаж байж мэднэ” гэж хуульч маань хэлж байсан. Алуурчид 14 жилийн турш эрх чөлөөтэй амьдарч, хангалттай цаг хугацаа хожлоо. Тэдэнд ямар ч боломж олгохгүйгээр хэргийг шуурхай шийдэхийг би Малайз улсаас шаардаж байгаа. Дэлхий нийтээр энэ хэргийг анхаарч ирсэн бол одоо дэлхий нийтээрээ шүүгч, өмгөөлөгчийн нүдээр харж, шударга үнэн гэж энэ дэлхийд байдаг эсэхийг үзэх болно. Шүүх ажиллагаанд Монголын төр болон НҮБ-ын төлөөллөөс оруулж, шударга хандах нь нэн чухал. Энэ хэргийг үнэн зөв шийдвэл Малайз улсын алдагдсан нэр хүнд тодорхой хэмжээгээр эргэн ирж, олон улсын итгэлийг хүлээх боломж олдоно. Би Монголын талаас тодорхой тооны хүмүүс ашиг сонирхлын үүднээс хандаж ирсэнд маш их харамсдаг. Назарбаев, Нажиб хоёр худ ургууд шүү дээ. Хуримын бэлэг сэлт ачиж явсан онгоц нь осолдсоноос хойш Малайзын маш олон онгоц осолдсон. Малайзууд үүнийгээ “Монголчууд тэнгэр шүтлэгтэй. Тэнгэрийн гэсгээл ирж байна” гэж тайлбарладаг. Надаас ямар шүтлэгтэйг минь хүртэл асууж байлаа. Ямар ч байсан шударга үнэнийг заавал үзэх болно. Малайзаас би ганц л юм хүснэ. Уучлаарай гэдэг үг. Манай төр засаг энэ үгийг хэлүүлэхийн төлөө явах ёстой. Хүн эрх чөлөөний төлөө хамгийн их тэмцдэг. Тэгсэн хэрнээ хүн л хамгийн муухай гэсэн бүхнийг үйлдэж байна. Миний охин алдсан байж болно. Хүний эрх чөлөө, эд мөнгөнд халдаагүй. Тэр бүхнийг хууль журмаараа л шийдэх ёстой байсан.

-Энэ хэргийн талаар Малайзын жирийн ард иргэд ямар байр суурьтай байдаг вэ?

-Миний өмнөөс дуу хоолойгоо өргөж, хэвлэлд бичиж, кино хийж, ном бүтээж, жагсаал цуглаан хүртэл зохион байгуулсан хүнлэг сэтгэлтэй Малайзын ард түмэнд би талархаж явдаг. Нөгөө талаас ийм хүү төрүүлсэн Багиндагийн амьд байгаа эцэг эх ямар золгүй хүмүүс вэ, Нажиб шиг этгээдээр төрөө удирдуулсан энэ улсын ард түмэн ямар золгүй юм бэ гэж өрөвдөж явдаг юм. Нажиб Разак, Абдул Разак Багинда, Азилах Хадри, Сирул Азхар Умар нарын аймшигтай алуурчид хүн төрөлхтний дунд гэм буруугүй мэт явж байж таарахгүй. Тэд юу ч хийж мэдэх хүмүүс.

САНАЛ БОЛГОХ