Шар тостой саванг ₮3500-гаар худалдана

Би үйлдвэрлэгч

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Микробын нийлэгжлийн лаборатори сүүлний тостой, шар тостой гэх мэт таван төрлийн саван үйлдвэрлэсэн тухай мэдээ олны анхаарлыг татаж байна. Энэ талаар тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан П.Сайнбилэг ярихдаа “Химийн бодисын агууламж өндөртэй савангаас харшилдаг хүн олон. Харин органик саван хэрэглэснээр химийн найрлагатай савангаас үүдэлтэй арьсыг цочроох, хуурайшуулах асуудлыг шийдэх боломжтой. Органик бус савангийн найрлагад парабен, фталат, нефьтээс гаралтай химийн бүтээгдэхүүн, нийлэг ѳнгѳ, үнэр оруулагч бодис ордог. Эдгээр нь хүний биед харшил үүсгэх, батгаших, хуурайших, загатнах зэрэг таагүй нѳхцөлийг бүрдүүлж байна” гэв. Харин шар тосны ач тусын талаар “Шар тос нь арьсанд тэжээл ѳгч, чийгшүүлэх үйлчилгээтэй. Мөн байгалийн антиоксидант болон CLA, омега 3.9 болон витамин A, D, E, K- гаар баялаг учир хүний биед маш сайн шингэдгээрээ давуу талтай. Дээр нь эфирийн тос нэмснээр байгалийн ургамлын үнэр оруулахаас гадна бүтээгдэхүүний хадгалалтыг уртасгах, бактерийн эсрэг давхар үйлчилгээтэй болгодог. Хүний арьсанд ямар нэгэн харшил өгөхгүй” гэж тайлбарлалаа. Дээрх хүрээлэнгээс гаргасан олон төрлийн саванд өнгө хувиргагч будаг ороогүй, химийн бодисоор хийсэн үнэр байхгүй. Анхилам үнэрийг нь мод, ургамлын эфирийн тос ашиглан гаргаснаараа онцлогтой юм байна. Саванг 3500 төгрөгийн үнэтэй худалдаалж байгаа бөгөөд хүргэлт хийж эхэлсэн байна.

САНАЛ БОЛГОХ