Шинэ коронавирусын тухай

UB Info

Хүн бүрийн ярианы сэдэв болж буй 2019-nCoV-ийн талаар бага зэрэг мэдээлэл хүргэе.

Шалтгаан тодорхойгүй уушгины хатгааны анхны тохиолдол 2019 оны 12-р сарын 31-нд Хятад улсын Хубэй муж дахь Ухань хотод анх бүртгэгдэж эрүүл мэндийн зөвлөлөөс нь шинэ тохиолдлыг өөрийн вэб сайтаар дамжуулан мэдэгджээ. Уг мэдээллийн дагуу ДЭМБ БНХАУ-ын ЭМЗ (Эрүүл Мэндийн Зөвлөл) болон суурин төлөөлөгч нартай уулзаж тодорхой мэдээллүүдийг авч 2020.01.03 өдөр гэхэд нийт 44 тохиолдол илэрсэн болохыг олон нийтэд мэдээлсэн.

Энэ үед уушгины хатгааг үүсгэж буй үүсгэгч тодорхойгүй байсан ба SARS, MERS-ийн аюултай үүсгэгчдийн аль нь ч биш гэдгийг мэдэгдэж байв.

2020.01.07-нд нэгэн шинэ төрлийн вирус байна гэж Хятадын талаас мэдэгдэж 2020.01.11-нд вирусийн геномыг (аливаа амьд битийн генийн бүрдэл) бүрэн тодорхойлов. Энэ вирус нь Coronavirdiae бүлийн Coronavirinae дэд бүлийн Бетакоронавирусын бүлэгт орох агуйн сарьсан багваахайгаас хүнд халддаг SARSr-CoV-тай 89%-ийн ижил нуклеотидийн дараалалтай (ДНХ, РНХ-ийн бүтцийн нэгж), хүний SARS-CoV-тай 82%-ийн ижил нуклеотидийн дараалалтай гэж гарсан байна.

Энэ вирус нь Ухань хот дахь далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний захаас гаралтай гэдэг нь тогтоогдсон ба тухайн захад нохой, могой, муур, сарьсан багваахай, гэх мэт амьтдаар хоол бэлтгэдэг байсан гэсэн албан бус мэдээлэл байна. Коронавирус гэдэг нь хөнгөн хэлбэрийн хамрын ханиаднаас эхлээд хүнд хэлбэрийн амьсгалын доод замын өвчин үүсгэдэг ба биологийн шинжээр төстэй бүлэг вирус гэж ДЭМБ тодорхойлжээ.

Дэлхий даяар хүнд халдварладаг 6 төрлийн коронавирус мэдэгдэж байсан ба түүний 2 нь альфакоронавируc αCoV (HCoV-229E, HKU-NL63) 4 нь бетакоронавируc β (HCoV-OC43, HCoV-HKU1, SARS-CoV, MERS-CoV) юм. 2019n-CoV-ийн халдварын үед халуурах, ханиах, ядарч сульдах, цэр гарах, цээжээр өвдөх, амьсгал давчдах шинжүүд ихэвчлэн илэрдэг ба 2-14 хоногийн нууц хугацаатай (халдвар авснаас хойш өвчний шинж тэмдэг илэрч эхлэх хүртэлх хугацаа) байна.

Ингээд 2020.01.20-ны өдрийн байдлаар Хятад улсад 278, Тайланд 2, Япон 1, Өмнөд Солонгост 1 тохиолдол бүртгэгдэж нийт 282 тохиолдлын 51 хүний биеийн байдал хүнд, 12 хүн амь тэнссэн байдалд, 6 нас баралт тохиолдов. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь эрэгтэй, 26-78 (дундаж нас 53).

2020.01.31-ы 10 цагийн байдлаар нийт тохиолдлын тоо 9774, нас баралт 213, эдгэрсэн 171 боллоо.

Зураг: 2020.01.30-ны байдлаар 2019n-CoV тархалт Тус мэдээллийг АШУИС-ийн 6-р дамжааны оюутны тусламжтайгаар бэлтгэв.

Эх сурвалж: www.who.inten.nhc.gov.cnwww.tandfonline.com

САНАЛ БОЛГОХ