Төрийн хишиг үү, эмэгнэл үү

ЗГМ: Сэдэв

  • Олон жил дугаарлаж авсан болохоор сурчихаж” гэх хүн олон байна
  • Хоёрдугаар сарын эхний долоо хоногтоо багтаж, тэтгэврийн мөнгө дансанд орох тул дугаарлахгүй байхыг анхааруулсан ч ахмадууд үүнийг тоосонгүй. Амны хаалт зүүх нь зүүж, зүүгээгүй нэгэн нь “зүүж сурахгүй юм” гэж өөрийгөө зөвтгөнө
  • Сонгинохайрхан дүүргийн VII хорооны иргэн Э.Балжинням гуай “Өглөөнөөс хойш зогслоо. Урагшилдаггүй ээ. Бусад салбар ямар байдгийг мэдэхгүй. Манай энэ салбарынх ачаалал ихтэй. Тийм болохоор тэвчээртэй хүлээх хэрэг гарна. Бас болоогүй загнуулна аа, заримдаа” гэв
  • Үйлчил­гээний­ зааланд­ олон­ хүн­ битүү­ чихэлдсэн­ тул ­агаар ­муу­тай ­байлаа.­ Заримынх нь­ даралт ­ихэсч,­ гарч агаар­ амьсгалахын­ зэрэгцээ ­хаалгаа­ онгойл­гож­ салхи ­оруулахыг­ нэгнээсээ­ шаардана
Тэтгэврийн зээлтэй ахмадууд зээлээ нэг удаа тэглүүлж, энэ сараас тэтгэврээ бүтэн авч байна. “Тэтгэврээ авлаа, зээл тэглэсэн байна” гэх үгийг олон хүний амнаас сонслоо. Шинэ оны босгон дээр тэтгэврийг нэг удаа тэглэх болсныг сонссон ахмадууд саяхныг хүртэл тэтгэврийг тэглэх, эсэхэд эргэлзэж байв. Зээлийг тэглэхдээ зургаан сая төгрөг хүртэлхийг бүрэн барагдуулж, үүнээс их зээлтэй бол үлдэгдлийг нь өөрөө дарах шийдвэр гарсан. Нэгэнт шийдвэр гарсан тул ахмадууд хоёрдугаар сарыг тэсэн ядан хүлээсэн нь лавтай. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд “Хаан” банкны карттай иргэдийн нэгдүгээр сарын тэтгэврийн зөрүү орж ирсэн нь олны хүлээлтийг тайлав бололтой. Тэтгэвэрээ тэглүүлэхээс гадна нэмэгдэл авч байгаа болохоор хөгшчүүд баяртай байна. Ингээд илүү, дутуу хачиргүйгээр дараах сурвалжлагыг хүргэе.
Гадаа хүйтэн ч хөгшчүүдийн сэтгэл дулаан байна
Бидний хамгийн түрүүнд очсон газар бол Баянхошууны хуучин эцэс буюу Тойрог. Энд Төрийн банкны салбар бий. Биднийг очиход нэлээд урт дараалал үүссэн байв. Өглөө 06:00 цагаас эхлэн дугаарлаж зогссон ахмадууд бухимдаж, уурлах маягтай. Арга ч үгүй биз. Идэр есийн хасах хорин хэдэн хэмийн хүйтэнд гадаа зогсоно гэдэг хэцүү. Сонгинохайрхан дүүргийн VII хорооны иргэн Э.Балжинням гуай “Өглөөнөөс хойш зогслоо. Урагшилдаггүй ээ. Бусад салбар ямар байдгийг мэдэхгүй. Манай энэ салбарынх ачаалал ихтэй. Тийм болохоор тэвчээртэй хүлээх хэрэг гарна. Бас болоогүй загнуулна аа, заримдаа” гэв. Тэрбээр цааш нь үргэлжлүүлэн ярихдаа “Уг нь оочер бага байдаг юм. Гэвч энэ сард илт ихэссэн байна. Нөгөө тэтгэврийн зээл тэглэсэнтэй холбоотой юм болов уу” хэмээн ярьж зогстол хажуугаас нэг эмээ “Тэр ч ойлгомжтой. Олон хүнд буян болсон төр засагтаа баярлаад барахгүй байна. Гадаа хүйтэн ч тэтгэврээ бүтэн авна гэж бодохоор энэ зэргийг ажрахгүй давна биз дээ” гээд инээв. “Виза карт, ATM нэвтрээгүй байхад ганц банкинд дугаарлаад болдог л байсан. Одоо ч олон банктай болжээ, бас картаа захиалбал мөнгө нь шууд ороод ирнэ. Амар болсон ш дээ” гээд л хэдэн хөгшин ам уралдуулан ярьж эхэллээ. Ийн ярьж байтал нэг нь “Одоо хүнээ оруулах болоогүй юу. Арай л удах юм” гэж шаардлаа. Гэтэл банкны хамгаалалтын ажилтан “Мөнгө дууссан” гэх нь тэр. Өглөөнөөс хойш дугаарлан даарч бээвийсэн хөгшид уулга алдан орилолдож, бухимдлаа илэрхийлж эхлэв. Эмх замбараагүй байдал үүсэхийн даваан дээр ашгүй мөнгө нь ирснээр тэд буцаад дараалалдаа орж зогслоо. Картаа захиалаад, гэртээ дулаахан сууж байж болдоггүй юмуу гэхэд Э.Балжинням гуай “Банкинд дугаарлаж авсаар байгаад сурчихаж. Уг нь тэр картыг нь авбал амар л байх. Гэхдээ авъя гэж боддоггүй юм” хэмээн ярилаа. Түүнээс тэтгэврээ аваад хаа хүрэхийг нь сонирхвол “Өнөөдөртөө шууд харина. Авсан хэдэн төгрөгөө гэртээ ганц хонуулах хэрэгтэй. Маргаашаас “Хүчит шонхор” орж мах тэргүүтнээ авна даа. Үнэд орсон сураг байна. Одоо л авахгүй бол бүр үнэтэй болж мэднэ” гэв. Биднийг ийн “буу халж” байх зуур банкнаас 60 орчим насны эмэгтэй гарч ирэв. Түүнтэй уулзахад “Тэтгэврийн зээл тэглэжээ. Миний хоёр сарын зээл дутуу байсан. Сайхан байна, өөр хэлэх үг алга. Тэтгэвэр нэмэгдээд 409 мянга болжээ, дээрээс нэгдүгээр сарын зөрүүтэйгээ нийлээд 500 гаруй мянган төгрөг авлаа. Бидэндээ болж л байгаа юм” гэсээр баяртайяа явж одов.
Тус банкны үүдэнд тэтгэврээ авч буй хөгшчүүдийг ажиглан зогсоход янз бүрийн л дүр зураг харагдана. Зарим нь төрийн хишиг, хайр халамжийг бид дааж явах хэрэгтэй гэсэн бол нөгөө хэсэг нь банкны үйлчилгээг шүүмжлэх маягтай. Тэгснээ хамгаалалтын ажилтнаас лавлагаа авах гэж зүтгэсэн эмэгтэйг зад загнаад, холдуулж байгаа харагдав. Иймэрхүү дүр зураг сар бүрийн эхэнд болдог бололтой. Зарим нь тэтгэврээ аваад шууд гэртээ харьдаггүй шинжтэй. Гурав, дөрвөөрөө нийлж сугалдалцаад “Эхлээд нэг цай олж уух уу” гэж байна. Баянхошууны хуучин эцэс буюу Тойрогт байрлах Төрийн банкны салбарын байр жижиг тул хүмүүс гадаа дугаарлаж зогсохоос өөр аргагүй бөгөөд дүр зураг нь нэг иймэрхүү. Үүний дараа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Хайлаастын 17 дугаар сургуулийн буудалд орших банкийг зорилоо. Энд өмнөхөөс арай өөр дүр зураг угтав. Гадаа нарлаж суугаа хэдэн хөгшнийг эс тооцвол хүн алга. Ажиллахгүй байгаа юм болов уу гээд дотогш ортол ёстой л түм түжигнэж, бум бужигнаж байна. Дуу чимээ ч ихтэй. Ахмадууд тэтгэврээ авч буй тул өөр ямар нэгэн үйлчилгээ үзүүлэх боломжгүй аж. Заал томтой учраас ирсэн ахмадуудаа дотроо дугаарлуулжээ. Үйлчилгээний зааланд олон хүн битүү чихэлдсэн тул агаар муу тай байлаа. Заримынх нь даралт ихэсч, гарч агаар амьсгалахын зэрэгцээ хаалгаа онгойлгож салхи оруулахыг нэгнээсээ шаардана. Шаагилдсан олон дунд хэн, юу ярьж байгаа нь бараг сонсогдохгүй, дэмий л орилолдсоор. Банкны хамгаалалтын ажилтнууд эмх замбараагүй байдлыг зохицуулах гэж хэрэндээ л хичээж байгаа харагдав. Хөл хөдөлгөөн ихтэй атлаа гурван хүн тутмын нэг нь л амны хаалт зүүжээ. Салбарын эрхлэгчээс нь “Энэ олон хүнийг ингэж дугаарлуулж байхаар дансанд нь шууд хийж болоогүй юм уу. Арай л хүндрэл учруулж байгаа юм биш үү” гэхэд “Бид тайлбарлаад нэмэр алга. Огт ойлгохгүй байна. Өглөө дугаарлаж эхэлсэн цагаас нь л хэлсэн. Карттай хүмүүс нь заавал дугаарлах шаардлагагүй. Та бүхний мөнгө дансандаа ордгоороо л орно гэж хэлээд огт үг хүлээж авахгүй юм” гэв. Тэтгэвэртээ дугаарлаж зогссон нэг өвгөн “Та нар хаанаас яваа юм. Өглөө бүр зодоон болсон шүү дээ. Тэр үед ирэхгүй яасан юм бэ” гэсээр угтаад “Тэтгэврийн зээл тэглэсэн биш оочер дугаар дийлдэхээ байлаа. Тэтгэвэр тэглэсэн нь олон хүнд буян болжээ. Би тэтгэврийн зээл авсан ийм шийдвэр гарахаас өмнө зээлээ төлөөд дууссан байлаа. Энэ хүмүүсийн өмнөөс баярлаж байна” гэв. Харин Чингэлтэй дүүргийн иргэн А.Цэцэгбадам “Картаа захиалсан байгаа. Одоо тэтгэврээ авахад картыг минь өгөх юм билээ. Тэгэхээр дугаарлаж зогсохгүй амар болох биз. Өглөөнөөс хойш нэлээд удаан “гүрийлээ”. Дотор бүгчим, гарч салхилах гэхээр байрлалаа алдчих гээд хэцүү. Гараад ороод ирэх хооронд бөөн хэрүүл шуугиан болж байна. Би гурван сая төгрөгийн зээл тэглүүлсэн. Үүнээс илүү баяр баясгалан гэж юу байх вэ. Төртэй иргэн гэдгээ мэдэрч л явна” хэмээн ярилаа. Гадаа хүйтэн ч сэтгэлдээ галтай байгаа тул ахмадууд өвлийн жаврыг ажрахгүй тэтгэвэртээ дугаарлаж байна. Дэлхий дахинд дэгдээд буй коронавирусийн улмаас тэтгэвэр авах хүмүүсийг банкинд урт дараалал үүсгэхгүй байхыг албаныхан сануулсан. Хоёрдугаар сарын эхний долоо хоногтоо багтаж, тэтгэврийн мөнгө дансанд орох тул дугаарлахгүй байхыг анхааруулсан ч ахмадууд үүнийг тоосонгүй. Амны хаалт зүүх нь зүүж, зүүгээгүй нэгэн нь “зүүж сурахгүй юм” гэж өөрийгөө зөвтгөсөөр төрийн хайр хишгийг хүртэхээр түүртсэн шинжгүй “тэмцэлдсээр”.
САНАЛ БОЛГОХ