Хүнсэндээ хямгатай хандсанаар 870 сая хүнийг өлсгөлөнгөөс аварч чадна

ЗГМ: Сэдэв
  • Их Британид Love Food, Hate Waste зэрэг хөдөлгөөн өрнүүлснээр хүнсний хаягдлаа 21 хувиар бууруулж чаджээ Жилд
  • 1.3 тэрбум хүнсний бүтээгдэхүүн хог хаягдал болон хаягддаг болохыг НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага мэдэгдсэн
Гэртээ их цэвэрлэгээ хийх үед хөргөгчөөс хамгийн их хог хаягдал гардгийг та анзаарсан уу. Гашилсан сүү, хатсан талх, муудсан жимс, ногоо зэргийг хаяхаар хөргөгч ч сэтгэл ч цэвэрхэн, сайхан болдог шүү дээ. Гэхдээ хэрэгцээнээс халж буй хүнс бүхнийг та өртөг зарж авдаг. Тиймээс хүнсний хаягдал бидний санхүүд сөрөг нөлөө үзүүлдэг. Дэлхийн даяар өдөр бүр 3,5 сая тонн хүнсний хаягдал гардаг байна. Ийнхүү жилд 1.3 тэрбум тонн хүнсний бүтээгдэхүүн хог болон хаягддаг болохыг НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага мэдэгдсэн. Үүний ердөө дөрөвний нэг хувийг л хэмнэхэд дэлхий даяар өлсөж буй 870 сая хүнийг хооллож чадах аж. Дэлхийд хамгийн их хүнсний хаягдал бий болгодог улсыг Австрали тэргүүлдэг байна. Тус улсын иргэн бүр жилд дунджаар 361 кг хүнсний хаягдал бий болгодог аж. Харин БНХАУ болон Грек улсад нэг хүн ойролцоогоор 44 кг хүнс хаядгаараа тус жагсаалтыг удаалдаг байна. Хөгжингүй орнуудад хамгийн их хаягддаг таван хүнсний тоонд талх, сүү, төмс, бяслаг, алим ордог бол хөгжиж буй орнууд хүнсний тээвэрлэлтийн горим хангаж чадаагүйгээс шинэ хүнс хэрэглэх боломж хязгаарлагдмал байдаг. Манай улсад хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү, сүүн бүтээгдэхүүн тээвэрлэлт, хадгалалт, хүргэлтийн явцад муудах тохиолдол олон. Үүний улмаас тээвэрлэж буй бүтээгдэхүүний 20-35 хувь нь хаягддаг байна. Хүнсний хог хаягдлыг багасгах хүрээнд дэлхийн улс орнууд анхаарч, ажиллах болжээ. Тухайлбал, Европын орнуудад сүлжээ дэлгүүр, ресторануудад илүү гарсан хоол, хүнсний үлдэгдлийг буяны газарт хандивлах, амьтны тэжээл, бордоо болгоход ашиглаж, дахин боловсруулдаг байна. Түүнчлэн Франц, АНУ-ын Техас мужид илүүдэл хоол, хүнсээ хандивлахгүйгээр хог хаягдал болгосон сүлжээ дэлгүүрт хариуцлага тооцож, шийтгэл ногдуулах тухай хууль баталсан. Харин Их Британид Love Food, Hate Waste зэрэг хөдөлгөөн өрнүүлснээр хүнсний хаягдлаа 21 хувиар бууруулж чадсан байна. Хэдий бид хоол хүнснээс шим тэжээл авч, өдөр тутмын хэрэгцээгээ хангадаг ч эх дэлхий, эрүүл мэндээ хайрлаж, зөв зохистой хэрэглээг хэвшүүлж, эрүүл амьдралын хэмнэлд суралцах хэрэгтэй юм.

Хүнсний хаягдал багасгах арга

Хэрэгтэй зүйлээ худалдаж ав, авсан зүйлээ л ид

Хэрэв та хэрэглэх хэмжээнээсээ хэтрүүлэн худалдан авалт хийдэг бол хөргөгчид тань хөгзөрч муудсан бүтээгдэхүүн их хэмжээгээр хуримтлагдана. Тиймээс хэрэгтэй зүйлээ л худалдаж ав, авсан зүйлээ ид гэсэн дүрэм баримтлаарай. Олон удаа дэлгүүр орохоос цааргалан их хэмжээний хүнс нөөцлөх нь ч буруу юм. Учир нь авсан бүтээгдэхүүнийхээ тал хувийг нь л идээд, муудсан хэсгийг нь хаяж, дахин дэлгүүр орох хэрэг гарна.

Долоо хоногийн хоолны цэсээ төлөвлө

Ихэнх хүн долоо хоногийн ажил, уулзалтаа төлөвлөдөг хэрнээ хэд дэх өдөр ямар хоол хийхээ тооцдоггүй. Энэ нь хүнсний хаягдал бий болох чухал хүчин зүйлийн нэг юм. Ямар бүтээгдэхүүн, хэзээ, хэр хэмжээтэй идэхээ мэдэж байвал хаягдал гарахгүй. Хэрэв та хөргөгч дүүрэн хүнстэй байж хэвшсэн бол энэ дадлыг хэвшүүлж эхлэх үед эл, хуль санагдаж магадгүй. Гэхдээ үргэлж хөргөгч цэвэрлэж, муудсан хүнс ялгахаас өөрийгөө “аварч” буй хэрэг юм.

Хаяж байгаа зүйлсээ тэмдэглэх

Хаяж байгаа бүх хүнсээ тэмдэглэн авч, өөртөө дүгнэлт хийгээрэй. Мөн хогийн сав руу орж байгаа бүх зүйлийнхээ үнийг тэмдэглээрэй. Ингэснээр танд хүч хөдөлмөрөөрөө олсон мөнгөө хог дээр хаяж байгаа мэт санагдах болно.


САНАЛ БОЛГОХ