Маск магнаг болох цагаар

ЗГМ: Сэдэв


  • Өдөрт 40 мянган ширхгийг үйлдвэрлэдэг хэдий ч эрүүл мэндийн байгууллагууд руу нийлүүлж буй учраас эмийн сангуудыг хангаж чадахгүйд хүрлээ
  • Польшид ажиллаж, амьдарч буй эмч нар 40 мянган маск илгээжээ. Мөн Европт амьдарч буй монгол тамирчид спортын салбарынхандаа зориулж 10 мянган ширхгийг явуулсан байна. БСНУ-д ажиллаж буй элэг нэгтнүүд гэсэн ч 10 мянган ширхэг амны хаалт явуулжээ
  • Амны хаалт хийх нь тийм ч хэцүү ажил биш л дээ. Жижигхэн алга дарам хэмжээтэй дөрвөлжин даавууны өмнө бүхэл бүтэн улсаараа сөхрөөд байх нь утгагүй биз
  • Нэг иргэн амны хаалт худалдаж авахад сард ойролцоогоор 60-100 мянган төгрөг зарцуулах нь 

Дэлхий дахиныг түгшээж буй коронавирусийн халдвар хүн бүрийг ариун цэвэр сахих дадалд сургаж байна. Халдвараас хамгаалахын тулд амны хаалт хэрэглэх шаардлага ч тулгарлаа. Өнөөдөр долоон тэрбум хүний гол хэрэглээ нефть, зэс биш амны хаалт болж хувирлаа. Энэ их хүнийг амны хаалтаар хангана гэдэг амар биш ажил. Эм, эмнэлгийн хэрэгслийн компаниудад өдөр, шөнөгүй ажиллах хүнд ачаа нэмэгдэж буй бөгөөд тахал намжтал амны хаалт хэрэглэнэ гэвэл хэдэн сар ч болж мэдэхээр байгаа юм. ОХУ-ын эмч нар л гэхэд дөрөв, тавдугаар сард вирусийн тархалт оргил үедээ хүрнэ гэж үзэж буйгаа мэдээлсэн. Тиймээс ядаж л ойр дотныхноо болон өөрийгөө халдвараас хамгаалахын тулд амны хаалтгүйгээр нэг ч өдрийг өнгөрөөж болохгүй гэсэн үг. Эрэлт ихсэхийн хэрээр хомсдол үүсдэг нь зах зээлийн зарчим. Тиймээс дэлхий даяараа амны хаалтын хомсдолтой байна гэж албаны эх сурвалж хэллээ. Гэхдээ улс орон бүр бэлэн байдлыг хангаж, тодорхой хэмжээний нөөц бүрдүүлсэн нь ойлгомжтой. Харин манай улс халдварт өвчний үед барьц алдаж байна. Хүн амын нягтаршилтай сая гаруй иргэнтэй нийслэлд “Мөнхийн тун” гэдэг ганц үйлдвэр амны хаалт үйлдвэрлэж буй. Өдөрт 40 мянган ширхгийг үйлдвэрлэдэг хэдий ч эрүүл мэндийн байгууллагууд руу нийлүүлж буй учраас эмийн сангуудыг хангаж чадахгүйд хүрчээ. Энэ нь иргэдийг амны хаалтын эрэлд гарахад хүргэж байна. Нөгөөтэйгүүр зарим хэсэг нь бөөндөж нөөцөлснөөс болоод хомсдол үүсэв. Энэхүү аймшигт вирусээс болоод хүмүүс эдийн засгийн үргүй зардал их гаргах боллоо. Нэг хүн өдөрт амны хаалт худалдаж авахад ойролцоогоор 3000 төгрөг зарцуулах нь. Гаднаас импортолсон хамгийн сайн шүүлтүүртэй N95 маск нэг ширхэг нь 3500-4000 төгрөгийн үнэтэй байна. Энэ амны хаалтыг 48 цаг хэрэглэх зориулалттай болохоор хоёр өдөр зүүж болно гэсэн үг. Харин нэг удаа хэрэглэх зориулалтын цэнхэр маск ширхэг нь 400 төгрөг болжээ. Энэ нэг удаагийн амны хаалтыг хоёр цаг хэрэглээд солих ёстой гэж тооцвол өдөрт тавыг хэрэглэнэ гэсэн үг. Тэгэхээр таван ширхэг нь дор хаяж 2000 төгрөг болж байгаа юм. Гэхдээ нэг удаагийн амны хаалт нүдний гэм болсон тул арга буюу үнэтэйг нь худалдаж авахаас өөр сонголт алга. Иймд нэг хүн амны хаалт худалдаж авахад сард ойролцоогоор 60-100 мянган төгрөг зарцуулах болоод байна. Энэ бол зөвхөн нэг иргэний амны хаалт худалдаж авах зардал. Нэг өрх дөрвөн ам бүлтэй гэж тооцвол зөвхөн амны хаалт худалдаж авахад 250-400 мянган төгрөг зарцуулах шаардлага гарч байна. Үүнээс гадна гар ариутгагч, гэр орноо халдваргүйжүүлэх хлормины уусмал гээд вирусээс хамгаалах зардал нэмэгдэх нь ойлгомжтой. Тэгэхээр нэг өрхийн ариутгал, халдваргүйжүүлэлтэд зарцуулах зардал 500-600 мянган төгрөг болох тооцоо харагдлаа. Тэгэхээр халдварт өвчин тархах эдийн засагт ямар эрсдэлтэйг харж болно. Иймээс эмийн сан, эмнэлгийн байгууллагууд руу бурууг чихэж, амны хаалт хайж бухимдаж явахаар өөрсдөө оёод зүүчихсэн нь эдийн засгийн хэмнэлттэй болох нь. 1990-ээд оноос өмнө эмч нар самбай даавууг гурав давхарлаж хийсэн амны хаалт зүүдэг байлаа. ХСҮТ-ийн мэс заслын эмч Я.Эрдэнэ-Очир самбай даавуугаар амны хаалт хийж зүүгээд хагалгаанд орсон хуучны дурсамжаа санагалзсан талаараа цахим хуудсандаа бичсэн харагдсан. Хавдар судлалын эмнэлэг маскны хомсдолд орж, эмч нар нь аргагүйн эрхэнд амны хаалт хийж зүүсэн юм билээ. Ийм байдлаар эмч нар хүртэл боломжтой аргаа хэрэглэж байна. Тиймээс жирийн иргэд ч амны хаалтаа өөрсдөө оёж зүүцгээе. Үр хүүхдүүддээ ч гэсэн амны хаалт хийж өгцгөөх нь олон талын ашигтай. Гадаадад байгаа монголчууд эх орондоо маск илгээж буй сайхан мэдээ сонор мялаах боллоо. Польшид ажиллаж, амьдарч буй эмч нар 40 мянган маск илгээжээ. Мөн Европт амьдарч буй тамирчид спортын салбарынхандаа зориулж 10 мянган ширхгийг явуулсан билээ. БСНУ-д ажиллаж буй элэг нэгтнүүд маань ч гэсэн 10 мянган ширхэг амны хаалт явуулсан. Ийн дэлхийн өнцөг булан бүрээс эх орондоо санаа зовнисон халуун сэтгэлт элэг нэгтнүүдийн илгээсэн амны хаалт ядарсан монголчууд коронавирусийн халдвараас хамгаалахад хэрэг болж байна. Мөн Гаалийн ерөнхий газар хилээр оруулж ирэх нэг удаагийн амны хаалтыг татвараас чөлөөллөө. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн дагуу ЭМЯ-ны зөвшөөрөлтэй тохиолдолд хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг татвараас ийнхүү чөлөөлж, лицензгүй импортолж байна. Амны хаалт эм, тариа шиг хэд дахин нугардаг ашигтай бараа биш болохоор эмийн компаниуд ч хангалтаа сайжруулахад анхаарахгүй байгаа бололтой. Уг нь амны хаалт хийх нь тийм ч хэцүү ажил биш л дээ. Жижигхэн алга дарам хэмжээтэй дөрвөлжин даавууны өмнө бүхэл бүтэн улсаараа сөхрөөд байх нь утгагүй санагдана. Тиймээс бүгдээрээ эдийн засагт хэмнэлттэй аргаар хэрэгцээгээ хангаж, аюулт тахлаас өөрсдийгөө хамгаалцгаая.



САНАЛ БОЛГОХ