Гашуунсухайтын боомт хаагдсанаар Монгол Улс өдөрт ₮27.5 тэрбумыг алдаж байна
- 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөг коронавирус салхинд хийсгэх нь
- Хэрэв төмөр замтай байсан бол нүүрсний экспортод өнөөдрийнх шиг хүндрэл үүсэхгүй байсныг “Монгол нүүрс ассоциаци” онцолсон юм
Дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн вирусийн улмаас Монголын эдийн засаг хүндхэн сорилттой нүүр тулах нь. Орлогын гол эх үүсвэр нүүрсний экспорт ирэх сар хүртэл зогссоноор нөхцөл байдал улам эмзэг болж ирэв. “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалын хэлснээр манай улс энэ оны эхний улиралд нүүрсний экспортоос олох орлогоо бүрмөсөн алдах нь нэгэнт тодорхой боллоо. 2020 оны төсөвт 42 сая тонн нүүрс экспортолж, үүнээс татварын орлогоор 1.4 их наяд төгрөг олохоор Засгийн газар тооцоолсон. Гэвч коронавирусээс улбаатай хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтаас үүдэн манай улс багагүй алдагдал амсахаар байна. Хэрэв бид дээр дурдсан төлөвлөсөн хэмжээнд нүүрсний экспорт хийж чадахгүй бол цалин тэтгэвэр тавих асуудал цаашид хүндэрнэ гэсэн үг. Орлогогүй төсөв ийм нөхцөлд зардлаа танахаас өөр хувилбаргүй. Төсвөө тодотгоод ч эдийн засгийн уналтыг зогсоож дийлэхгүй. 42 сая тонныг экспортлох Засгийн газрын төлөвлөгөөг коронавирус ийнхүү салхинд хийсгэх нь. БНХАУ-ын Баяннуур хот, Гашуунсухайтаас 130 км-ийн цаана байгаа Халиут гэх газар коронавирусийн халдварын хоёр ч тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ирэх сарын 2-ныг хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтоор нүүрсний экспорт хийхийг хориглох шийдвэр Улсын онцгой комиссоос гаргасан билээ. Монгол Улсын нүүрсний нийт экспортын 51 хувийг Гашуунсухайтын боомтоор тээвэрлэдэг. Зөвхөн тус боомтоор гэхэд жилд 3.5-4 орчим тэрбум ам.долларын уул уурхайн бараа бүтээгдэхүүний борлуулалт хийдэг. Тэгвэл Гашуунсухайтын боомт хаагдсанаас хойш манай улс өдөрт 10 гаруй сая ам.доллар буюу төв банкны мягмар гарагт зарласан албан ханшаар тооцож үзвэл 27.5 тэрбум төгрөг алдаж байна. Үүнийг 30 хоногоор үржүүлж тооцвол 300 гаруй сая ам.долларын орлогоо бид тавиад туух нь. Бусад боомтыг оруулж тооцвол үүнээс илүү өндөр тоо гарах нь дамжиггүй.Төсөв нь орлогогүй, улсын сан хөмрөг нь хоосон улс яаж дэлхий нийтийг хамарсан цар тахалтай тэмцэж, эрүүл мэндийн салбараа тэтгэж, тэжээх чадах билээ. Хамгийн ноцтой нь, Хятадын тал Монголоос авах уул уурхайн бараа бүтээгдэхүүний худалдан авалтаа 30-60 хүртэлх хоногоор хойшлуулж байгаа нь эдийн засагт урилгагүй хямрал дуудлаа. Ядаж байхад яр гэгчээр манай улс ирэх жилүүдэд 2.9 тэрбум ам.долларын гадаад өр төлбөр барагдуулах хатуу хуваарьтай. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, нэгдүгээр сард улсын нийт экспорт 459 сая ам.доллар болж, 2019 оны мөн үетэй харьцуулахад 24.4 хувиар ахисан. Гадаад худалдаа 14.3 сая ам.долларын алдагдалтай гарч, энэ нь эдийн засгийн хямрал нүүрлэсэн 2015 оныг дахин давтлаа. Уул уурхайн эдийн засагч Л.Наран баатар “2020 он сорилттой жил болохоор байна. Аж ахуйн нэгжүүдийн өглөг, авлага хугацаанаасаа хоцорч, зээлийн эргэн төлөлт муудаж байгаа нь ажиглагдах болсон. Уул уурхайн компаниудын сэлбэгийн хангалт тасарснаас болж техникүүд нь сул зогсож эхэллээ. Үүнийг дагаад ажил эрхлэлт муудна. Нөхцөл байдал энэ чигээр дахиад сар үргэлжлэхэд манай эдийн засагт томоохон хямрал авчирч мэдэхээр байна” хэмээн өөрийн нүүр номдоо бичжээ. Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк тэргүүтэй олон улсын санхүүгийн донор байгууллагууд манай улсын энэ оны эдийн засгийн өсөлтийг ихээхэн өөдрөг төсөөлж, тогтвортой өснө хэмээн таамаглаж байсан. Тэгвэл нүүрсний экспорт хумигдаж, аж үйлдвэр болон үйлчилгээний салбарын үйл ажиллагаа саармагжсанаар эдийн засаг агших дүр зураг ажиглагдаж эхэллээ. Хэрэв төмөр замтай байсан бол нүүрсний экспортод өнөөдрийнх шиг хүндрэл үүсэхгүй байсныг “Монгол нүүрс ассоциаци” онцолсон юм. Өмнөд хөршийн нүүрсний эрэлт ихэсдэг хугацаа гэвэл дөрөвдүгээр сараас эхлээд наймдугаар сард оргилдоо хүрч, аравдугаар сараас уруудаж эхэлдэг. Энэ үед дэд бүтэц сайтай орнууд илүү давуу боломж эдлэх нь бий. Харин манай улсын хувьд авто замаар нүүрсээ тээвэрлэдэг учраас урт удаан хугацаанд зогссон салбарынхан бэлтгэл ажлаа хангаж, жигдэртэл багагүй хугацаа орно. Нүүрсний биет хэмжээгээ үлэмж ахиулахад төмөр замын ач холбогдол их. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км урт төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн нүүрс экспортод гаргах боломж бүрдэнэ гэж үзэж буй. Гэвч өнөөдрийг хүртэл уг төмөр зам ашиглалтад орсонгүй. “Чингис” бонд болон “Эрдэнэс Тавантолгой”-н 2018 оны цэвэр ашгаас багагүй хэмжээний мөнгийг энэхүү төсөлд юүлсэн билээ. “Эрдэнэс Тавантолгой”-н нэг тонн нүүрс төмөр замтай болбол тээвэрлэх өртөг найм орчим ам.доллараар буурах бөгөөд автозамын тээврээс дөрөв дахин бага зардлаар нүүрсээ өмнөд хөрш болон гуравдагч зах зээлд хүргэх боломж бүрдэхээр байгаа юм. Нүүрсний экспортоос гадна ирэх тавдугаар сард ОУВС-тай байгуулсан “Өргөтгөсөн санхүү жилтийн хөтөлбөр” дуусахаар байгаа. 2017 оноос хойш хэрэгжсэн энэхүү хөтөлбөр зогссоноор манай улсыг чиглэх гадаадын хөрөнгө оруулалт буурч болзошгүй гэсэн таамгийг мөн хийгээд байна. Тэрчлэн УИХ-ын ээлжит сонгууль энэ онд тохиож байгаа нь ДНБ-ий өсөлт уруудах ээлжит үндэслэлд тооцогдоно. Корнонавирусийн тархалт намжихаас Монголын эдийн засаг өсөх, уруудах нь хамаарахаар байна. Хятадын эдийн засгийн зогсонги байдал тус улсаас хараат эдийн засагтай орнуудад хамгийн хүндээр нөлөөлөх аж. Өмнөд хөршийн эдийн засаг энэ онд агших таамгийг Bloomberg болон J&P Morgan, Economist Intelligence Unit тэргүүтэй байгууллагууд дэвшүүлсэн юм
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй