4181

Үрдээ сайныг өмсгөх гэсэн сэтгэл үндэсний үйлдвэр болон хөгжсөн нь

ЗГМ: Сэдэв


  • Сайн чанарын материал орж ирэх болсон тул оёдлын үйлдвэрүүд сэргэж эхэлжээ
  • Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас гадагшаа явж бараа бүтээгдэхүүн болон хийх материалаа судлаад хоёр сар орчим туршиж, наймдугаар сарын сүүлээр албан ёсоор үйлдвэрээ ажиллуулж эхэлжээ
  • Зөвхөн өөрийнхөө санаанд нийцсэн хувцсыг хүүхдэдээ өмсгөх гэсэн эхийн сэтгэл “Намуу” нэртэй үндэсний үйлдвэр болон хөгжжээ
  • Харахад энгийн мэт боловч хагийн их ажиллагаа шаарддаг зүйл бол дотуур хувцас аж. Дотуур хувцсыг биед эвтэй, харшил өгөхгүй, сайн чанарын даавуугаар хийсэн байх ёстой байдаг
  • Одоогийн байдлаар өнгө, размерын сонголттой 18 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, зах зээлд борлуулж байгаа аж

Эмэгтэй хүн хүүхэд төрүүлж, гэртээ суух хугацаанд мэргэжлийн хувьд өсч дэвжих, магадгүй албан тушаал өгсөх, карьераа нэмэгдүүлэх боломжоо алддаг нь нууц биш. Гэхдээ ямар ч эмэгтэй нялх үрээ асарч, өсгөх энэ хугацааг золиос гэж боддоггүй бөгөөд амьдралын аз жаргал гэж хүлээж авдаг нь хамгийн сайхан. Харин ч өөрийн бизнесээ эхлүүлээд амжилтад хүрсэн олон эмэгтэй гэртээ хүүхдээ харж байхдаа бизнесийн санаагаа бодож олсон талаарх олон түүхийг уншиж байлаа. Эдгээр эмэгтэйн нэг төлөөлөл бол А.Батжаргал. Тэрбээр хүүхдийн биед эвтэйхэн чанартай дотуур хувцас хайгаад олоогүй учир өөрөө хийхээр шийджээ. Зөвхөн өөрийнхөө санаанд нийцсэн хувцсыг хүүхдэдээ өмсгөх гэсэн эхийн сэтгэл “Намуу” нэртэй үндэсний үйлдвэр болон хөгжсөн түүхийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна.

18 төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргаж байна

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах тус үйлдвэрийг зорьж очиход оёдлын машин тасралтгүй тачигнаж, оёдолчин эмэгтэйчүүд биднийг анзаарах сөхөөгүй ажиллаж байв. А.Батжаргал биднийг үйлдвэрийн байрны зохион байгуулалт, үйлчин эмэгтэйчүүдийн гараас “Намуу” брэндийн хувцас хэрхэн “төрж” буй процесстой танилцууллаа. Тус үйлдвэр эсгүүр гаргах өрөө, оёдол, индүүдлэг гэсэн ерөнхий гурван хэсэгтэй. А.Батжаргал “Өнөөдөр захиалга их байгаа болохоор ажилчид маань завгүй л байна. Зарим нь гадуурх ажлаа амжуулахаар явсан” гэв. Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас гадагшаа явж бараа бүтээгдэхүүн болон материалаа судлаад хоёр сар орчим туршиж, наймдугаар сарын сүүлээр үйлдвэрээ албан ёсоор ажиллуулж эхэлжээ. “Монголын нөхцөлд сайн чанарын хөвөн зөөлөн материалтай дотуур хувцас олдоц багатай байдаг. Өдөр тутамдаа байнга хэрэглэдэг эдгээр хувцсыг ихэвчлэн гадаадаас авдаг байсан. Харин хүүхдээ хараад гэртээ сууж байхдаа өмсөх хувцсаа заавал гадаадаас авах шаардлага юу байна. Яагаад эх орондоо үйлдвэрлэж болохгүй гэж бодоод туршилтаар хувцас хийж эхэлсэн” гэж А.Батжаргал ярьсан юм.

“Намуу”-г сонгосон үйлчлүүлэгч дараа заавал дахин ирдэг

“Намуу” брэнд нь дотуур хувцас, нимгэн өмд, халаад, майк шортны хослол, футболк, унтлагын болон жирэмсний хувцас зэргийг үйлдвэрлэдэг. Одоогийн байдлаар өнгө, размерын сонголттой 18 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, зах зээлд борлуулж байгаа аж. Бүтээгдэхүүнээ гаргаад зургаан сар болж байгаа боловч аль хэдийн байнгын үйлчлүүлэгчтэй болоод амжжээ. Нэг удаа “Намуу”-г сонгосон үйлчлүүлэгч дараа заавал дахин ирдэг байна. Улмаар тус үйлдвэрийн дизайнеруудад өөрсдийн хүсэл сонирхлын дагуу захиалга өгч, хувцас хийлгүүлэх болсон аж. Тухайлбал, гэрийн өмдний тухайд илүү загварлаг байлгахыг хүссэн байна. Тиймээс үйлчлүүлэгчдийнхээ саналыг хүндэтгэн үзээд өнгө, загвар, материалаа шинэчилж, өвдөг гардаггүй материалтай, суудал өндөртэй, биед эвтэйхэн загвартай болгосон байна. Мөн үйлчлүүлэгчдийн сонирхлын дагуу эмнэлэгт өмсөх хамбан материалтай халаад хүртэл хийжээ. Тэднийх материалаа БНХАУ болон БНСУ-аас авдаг. Үйлдвэрийн дэлгүүр нь Төв номын сангийн урд байрлах Выставка буюу Сарны титэм худалдааны төвд байдаг аж. Мөн “И-март”, “Номин”, “Миний дэлгүүр” зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна олон хүнд хүргэх зорилгоор “Номин”-гийн орон нутгийн салбар супермаркетуудаар борлуулдаг.

Хүчин чадлынхаа 50 хувийг л ашиглаж байна

Харахад энгийн мэт боловч хамгийн их ажиллагаа шаарддаг зүйл бол дотуур хувцас аж. Дотуур хувцсыг биед эвтэй, харшил өгөхгүй, сайн чанарын даавуугаар хийсэн байх ёстой байдаг. “Олон төрлийн дизайнаас бүтээгдэхүүн болох загварыг сонгодог. Хувцасны материалаа үнэтэй авдаг учраас бүтээгдэхүүн зах зээл дээр хямд гарах боломжгүй. Гэхдээ бид аль болох өндөр үнээр борлуулахгүй байх төлөвлөгөөтэй ажилладаг” хэмээн А.Батжаргал хэлсэн юм. Одоогоор тус үйлдвэр есөн ажилтантай бөгөөд захиалга ихтэй үед гэрээгээр оёдолчин авч ажиллуулдгаа дуулгав. Мөн үйлдвэрийнхээ хүчин чадлын 50 хувиар ажиллаж буйгаа хэлсэн юм.

Хувцас урлалын зах зээл өрсөлдөгч олонтой

Тус үйлдвэрийн хувцаснууд төрлөөсөө хамааран 3500-45000 төгрөгийн үнээр зах зээлд гарч байна. Хамгийн үнэтэй нь 65 мянган төгрөгийн үнэтэй хамба хилэн материалтай гэрийн халаад байв. А.Батжаргал “Монголчууд хувцсаа хаанаас авч буйг судалж үзсэн. Ажил, амины шугамаар гадаад явдаг хүмүүс тухайн орнуудаас хувцсаа авчихдаг. Харин тийм боломжгүй хүмүүс ямар нэгэн брэндийн хямдарсан хувцсыг авч өмсдөг. Дэлхийд алдартай брэндүүд нэг төрлийн хувцсыг маш олноор үйлдвэрлээд, үлдсэн бараагаа 50-70 хувь хямдруулж зардаг. Харин монголчууд ихэнхдээ ингэж хямдарсан хувцсыг авч өмсдөг бөгөөд, гадаадад ийм үнэтэй байдаг гэж ойлгодог. Гэтэл тийм биш. Тухайн компани бүх ашгаа хийчихээд үлдэгдэл бараагаа дуусгах зорилгоор хямдруулж байхад гадаадын бүтээгдэхүүн хямд байхад бараагаа хямдруул гэж дотоодын үйлдвэрлэгчдэд хэлдэг” хэмээн тайлбарлалаа. Тэрбээр “Бид бүтээгдэхүүний оёдол, эсгүүрт онцгойлон анхаарч, өдөр тутамдаа сайжруулсаар олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн Монголдоо үйлдвэрлэхийн төлөө чармайн ажиллаж байна” гэсэн юм. Хувцас урлалын зах зээл өрсөлдөгч ихтэй. Учир нь БНСУ-аас чанартай, олон төрлийн даавуу орж ирдэг болсон учраас оёдлын үйлдвэрүүд сэргэж, хувь хүмүүс хүртэл гэрээр хүүхдийн хувцас, баривч зэрэг олон зүйл үйлдвэрлэх болсон байна. А.Батжаргал Чехэд бизнесийн удирдлага чиглэлээр мэргэжил эзэмшсэн ч цаашид хувийн бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөжээ.
САНАЛ БОЛГОХ