Олон улсын шинжлэх ухааны салбар дахь эмэгтэйчүүдийн өдөр

UB Info

Энэ өдрийг тохиолдуулан бид Жейн Гудолл, Дайан Фосси болон Бируте Галдикас гэсэн гайхалтай гурван приматологич, антропологич эрдэмтдийг онцолж байна.

Баруун талаас

1. Жейн Гудолл

1935 онд Лондонд төрсөн тэрээр багаасаа амьтдад хайртай нэгэн байсан бөгөөд шинжлэх ухаанд эмэгтэйчүүд оролцох боломж ховор байсан тэр үед ч ээж нь түүний сонирхлыг дэмждэг байсан гэж ярьдаг. 23 насандаа Жейн найзтайгаа Африк тивийг зорьсон аялалд гарсан бөгөөд тэндээ алдарт палеонтологич Луис Лики болон түүний эхнэртэй таарснаар шинжлэх ухаанд албан ёсоор хөл тавих боломжтой болсон.

Луис Лики түүнийг өөрийн туслахаа болгож, Танзани улсад шимпанзе нарыг судлах судалгаандаа дагуулж явсан ба Жейн Гудоллын тэнд хийсэн ажиглалтаараа тогтоосон нээлтүүд нь эрдэмтдийн гайхшралыг төрүүлсэн юм.
Жишээ нь: шимпанзе нар мах иддэг гэдгийг тэр анх ажигласан бөгөөд хоёр шимпанзе мөчирнөөс навчийг нь салгаад, шавжны үүр лүү түүнийгээ хийж хооллож байхыг бас олж харсан байдаг. Үүнээс өмнө эрдэмтэд "хүн" гэдгийг багаж зохион бүтээх чадвартай амьтан гэж тодорхойлдог байсан билээ. Гэтэл модны мөчрөөс навч салгаж, түүнийгээ ашиглаж хоолоо олж идэж байгаа шимпанзе мөн л "багаж" хийж байгаагаас ялгаагүй бус уу гэсэн асуултыг Жейн Гудолл гаргаж тавьсан юм.

Энэ нээлтийн тухай сонссон Луис Лики, "Бид багаж гэж юу болох, эсвэл хүн гэж юу болохыг шинээр тайлбарлах, үгүй бол шимпанзе нар хүн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй боллоо" гэж уулга алдсан байдаг.

Жейн Гудолл нь өөрийн судалж буй шимпанзе нартаа хүний нэр өгч, тэдний зан араншинг олон нийтэд сайнаар таниулж, эдгээр амьтдыг чин сэтгэлээсээ хамгаалах хүслийг олон хүний дотор бадраасан, бадраасаар ч байгаа нэгэн билээ.

2. Дайан Фосси

Амьтдад хайртай бас нэгэн бяцхан охин Дайан Фоссигийн гэр бүл харамсалтай нь түүнийг биологийн шинжлэх ухаанд хөл тавихад нь дэмжээгүй юм. 10 жилийн турш сэтгэл зүйчээр ажилласан тэрээр 1963 онд бүтэн жилийн цалингаа цуглуулж байгаад Африк руу аялсан байдаг.

Тэнд очоод Дайан мөн л Луис Ликитэй танилцаж, түүнтэй хамт 1967 оноос хойш гориллуудыг судлах болсон юм. Эхлээд гориллуудтай дасаж, айлгахгүй ажиглахад хэцүү байсан боловч тэдний үйл хөдлөл, биеэ маажиж буй байдал, дуу авиа зэргийг дуурайх болсноор тэднийг ойроос ажиглах боломжтой болсон байдаг. Гэвч ажиглалт, судалгаа хийхээс гадна Дайан Фосси хулгайн антай хүчтэй тэмцэгч нэгэн байсан юм. Гориллын савар, үс, бие эрхтнүүд нь хулгайн анчдын гарт ихээр өртдөг төдийгүй "тэжээвэр амьтан"-тай болох гэсэн хүмүүсийн муйхар хүслээс болж хулгайн анчид гориллын зулзагануудыг олноор нь барьж авдаг байж. Гэвч зулзагаа хамгаалах гэж тэмцэх эцэг, эх нь ихэнх тохиолдолд амиа алдаад дуусдаг байсан ажээ.

Өөрийнх нь хайртай горилл Дижит хулгайн анчдын гарт амиа алдсаны дараа Дайан тэдний эсрэг жинхэнэ дайн зарласан бөгөөд хулгайн анчидтай бүх л чадлаараа тэмцэж эхэлсэн юм. Харамсалтай нь 1985 онд тэрээр ойн байшиндаа хэрцгийгээр хутгалуулж амиа алдсан байдаг.

Олон хүмүүс түүнийг хулгайн анчдын гарт амиа алдсан гэж боддог ч одоог хүртэл түүний алуурчид олдоогүй л байгаа юм. Түүнийг Угандад Дижитийнх нь хажууд оршуулсан байдаг.

3. Бируте Галдикас

Жейн болон Дайан нарын адил амьтдыг хайрлаж өссөн нэгэн болох Бируте Галдикас нь орангутан бичнүүдийн талаар олон судалгааг тэргүүлсэн нэгэн юм. Антропологийн чиглэлээр мастерын зэргээ хамгаалж байхдаа орангутан бичнүүдийг судлах тухай ярихад нь эргэн тойрон дахь бүх хүмүүс нь үүнийг боломжгүй гэж хэлж зэмлэж байсан гэдэг.

Орангутан нар ойн гүнд, өмхий намгийн ойролцоо ганцаарчилж амьдардаг тул тэднийг судлах нь  бараг л боломжгүйд тооцогддог байжээ. Гэвч энэ бүхэнд бууж өгөөгүй тэрээр Индонезийн ширэнгэн ойд ирээд 100,000 цагийг орангутан бичнүүдийг ажиглаж зарцуулсан байдаг. Энэ нь зэрлэг байгаль дээрх нэг судлаачаар ахлуулсан хамгийн урт хугацааны ажиглалт судалгаанд тооцогддог.

Бүр 3 настай хүү нь орангутан нартай л найзалж, тэдэн шиг аашлах болсон тул нийгэмшүүлэхийн тулд аавд нь өгч явуулж байсан гээд л төсөөл дөө. Галдикас нь орангутан нарын нөхөн үржих урт хугацааг анх тогтоосон хүмүүсийн нэг юм. Түүний ачаар бид орангутан нар 8 жилд 1 удаа л зулзага гаргадаг бөгөөд зулзаганууд нь эхтэйгээ тэр 8 жилийг хамт өнгөрөөдөг болохыг мэдэж авсан.

Ийм урт нөхөн үржихүйн циклтэй тул эдгээр амьтад устаж үгүй болох нөхцөл байдалд маш мэдрэмтгий гэсэн үг юм. Дээрх гурван эрдэмтдийн судалгаа нь хүн төрөлхтөн бид энэ дэлхий дээр тийм ч онцгой нэгэн биш бөгөөд, бидэнтэй ижил сэтгэж, ижил авир гаргаж буй эдгээр амьтдыг аварч хамгаалах нь ямар чухал болохыг дэлхий нийтэд таниулсан юм.

Шинжлэх ухаанд дуртай охид, хөвгүүд ээ, хэзээ ч битгий бууж өгөөрэй!

САНАЛ БОЛГОХ