Чүт урт, чүт хүнд сэдэвтэй бичвэр

UB Info

Админуудын нэг нь өнгөрсөн намар МУИС-ийн ОУХНУС-ийн ОУХ-ны тэнхимийн "Олон улсын улс төрийн эдийн засгийн үндэс" хэмээх нэг хичээл судалсан билээ. Тус хичээлд аливаа улсын хөгжил, ядуурал ямар, ямар хүчин зүйлсээс үүдэн бий болдог тухай орсон бөгөөд хичээлийн хүрээнд гурван чухал ном уншсан.

Үүнд:

1. "Иргэншил хоорондын мөргөлдөөн ба шинэчлэгдэн буй дэлхийн дэг журам", Самуэл П. Хантингтон. 1996

2. "Улс үндэстний уналт доройтлын шалтгаан: Эрх мэдэл, хөгжил цэцэглэлт, ядуурал", Дарон Асемоглу, Жеймс А. Робинсон, 2012

3. "Чингис хаан: түүний амьдрал ба өв", Пауль Рачневский, 2018

Эдгээр номыг уншиж, багш болон ангийн хамт олонтойгоо олон хэлэлцүүлэг хийсний дүгнэлтэд аливаа улсын төр засгийн институцийн түвшин/хөгжил ба түүний тогтвортой, шударга болон нээлттэй хэлбэр нь тухайн улсын хөгжил дэвшилд шууд нөлөөлдөг гэж ойлгосон билээ.

"Улс үндэстний уналт доройтлын шалтгаан" номын зохиолч нар аливаа улсын төр засаг нь хоёр төрлийн институцийн хэлбэрт орох боломжтой гэсэн байдаг. Нэг нь "жам ёсны институци", харин нөгөөдөх нь "зүй бус институци" юм.

Жам ёсны институц

Энэ хэлбэрээр төр барьж буй засгийн газар нь улсынхаа иргэд болон хуулийн этгээдүүдэд хүртээмжтэй, үндэсний баялгийг зөв болон тэгш хуваарилдаг, зөв зохистой хяналттай, боловсрол, шинжлэх ухаан, техник технологийн өсөлт сайтай бөгөөд дэмжих хандлага өндөртэй байдаг билээ. Өөрөөр хэлбэл хөгжингүй улсууд байгаа юм.

Зүй бус институц

Аливаа улсын засгийн газар тодорхой хэсэг бүлэг хүмүүст л хуулийн давуу эрх олгож, цөөн хэдэн эрх мэдэлтнүүдийн гарт хөрөнгө ихээр хуримтлагдаж, авилга, хээл хахуулийн түвшин өндөртэй, төсвийн зарцуулалт олон нийтэд нээлттэй биш, хяналтын систем ба түүний механизм сул байх тохиолдолд зүй бус институцийн хэлбэр бүрддэг. Тухайн институцийн хэлбэрт ихэвчлэн ядуу, буурай мөн хөгжил дэвшилт, шинжлэх ухаан, техник технологид хангалттай их хөрөнгө оруулалт хийдэггүй улсууд багтдаг аж.

natureindex.com-оос нийтэлсэн мэдээллийн дагуу 2019 онд шинжлэх ухаан, техник технологийн дэвшилт, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй 10 улс ийн жагсжээ.

Үүнд:

1. АНУ
2. Хятад улс
3. Герман улс
4. Их Британи
5. Япон улс
6. Франц улс
7. Канад улс
8. Швейцар улс
9. Өмнөд Солонгос улс
10. Австрали улс

Мөн судалгаа, хөгжүүлэлтэд хамгийн их төсөв хуваарилдаг 10 улсыг харвал:

1. Хятад улс
2. АНУ
3. Япон улс
4. Герман улс
5. Өмнөд Солонгос улс
6. Энэтхэг улс
7. Франц улс
8. Их Британи
9. Орос улс
10. Бразил улс

Энэ эрэмбэд манай улс 75-д жагсаж байна. Энэ хоёр жагсаалтад багтах улсуудын дийлэнх нь хоёр институцийн хэлбэрийн эхний буюу Жам ёсны институцэд багтах билээ.

Энэ бичвэр нь сүрхий их судалгааны үр дүнд суурилаагүй, мөн хоёр үзүүлэлтэд нөлөөлөх бусад хүчин зүйлс болон үр дагаврыг хамруулаагүй ч эндээс маш энгийн нэгэн холбоо харж болох юм. Шинжлэх ухаан, техник технологийн хөгжилд хөрөнгө оруулалт хийж судалгаа, хөгжүүлэлтийг эрхэмлэх тохиолдолд магадгүй аливаа улсын хөгжил нь хурдсаж, хөгжиж буй... ядуу гэх тодорхойлолтоос холдох боломж бий болох байх.

Манай улсын хувьд 2006 - 2017 хүртэлх жил бүрийн судалгаа, хөгжүүлэлтэд зориулсан улсын төсвийн хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.4%-д хэзээ ч хүрч байгаагүй аж. Харин дээрх жагсаалтад багтах арван улсын ихэнх нь 1-5% хүртэлх хэмжээг төсөвлөдөг байна. Мэдээж эдгээр том улсуудтай харьцуулах нь шударга бус ч гэлээ магадгүй хэдүүлээ өөрсдийгөө томоор төсөөлж, төлөвлөх хэрэгтэй юм болов уу...

FUND SCIENCE!

Зургийг: Wall Street Journal-н The Dividends of Funding Basic Science өгүүллэгээс

САНАЛ БОЛГОХ