Арьсан бүтээгдэхүүний зах зээлд өнгө нэмэх “Aмка” брэнд

ЗГМ: Сэдэв


  • Японд 500 мянган төгрөгөөр худалдаалдаг цүнх Монголд хоёр дахин хямд зарагддаг
  • Өнгөрсөн жилээс хүү маань бидэнд захиалга өгдөг болсон. Эхнэр бид хоёр зөвхөн захиалсан бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэдэг. Бусад ажилд нь оролцдоггүй юм. Залуу хүн бие дааж дорвитой хийж үзэг гэж боддог юм. Үндсэндээ миний хүү бидэнд ажил олгож, дэм болж байна
  • Хоёр жилийн дараа АНУ руу докторт сурахаар төлөвлөж байна. Харин энэ хугацаанд брэндээ хөгжүүлж, би байхгүй байсан ч тогтмол үйл ажиллагаа явуулдаг байх хүсэлтэй ажилладаг. Өөрөөр хэлбэл, намайг сурч байхад дансанд мөнгө орж байх хэмжээнд хүргэх

“Паскаар эхэлсэн бизнесээ зах зээлд өрсөлдөхүйц брэнд болгохын тулд багагүй хөлс дуслуулсан, одоо ч хичээсээр байна. Мэдээж шантрах үе бишгүй тохиолддог. Гэвч бууж өгөөгүй, өгөх ч үгүй” хэмээх шавилхан биетэй, хөдөлмөрч залуугийн үүсгэн байгуулсан “Aмка” брэндийг энэ удаагийн дугаартаа танилцуулж байна. Арьсан эдлэлийн зах зээлд өөрийн гэсэн дүр төрхийг бий болгоод буй тус брэндийн үүсгэн байгуулагч У.Амарбат 23 настай экологич мэргэжилтэй. Залуу хүнд мөнгө, туршлагаас илүү зориг, зорилго тэмүүлэл хэрэгтэйг үлгэрлэж буй тэрбээр бизнесээ нэг жилийн өмнөөс эхлүүлсэн ч богино хугацаанд цэцэглүүлж чаджээ. Учир нь тус брэнд дотоодын зах зээлд танигдаад зогсохгүй БНХАУ, АНУ-д бүтээгдэхүүнээ гаргаад амжсан байна.

Аав ээждээ ажил олгож байна

Түүний аав С.Ундрахболд, ээж Л.Эрдэнэчимэг нь Японы хөрөнгө оруулалттай “Тод гэрэл жидай” компанитай хамтарч Hushtug брэндийн арьсан цүнх үйлдвэрлээд гурван жил болж байгаа аж. Тэд тус брэндийн бүтээгдэхүүнийг захиалгаар хийдэг бөгөөд сард дунджаар 600-800 цүнх Японы зах зээлд нийлүүлдэг байна. Харин өнгөрсөн жилээс хүү У.Амарбат нь мөн тэдний үйлдвэрт захиалга өгч бүтээгдэхүүн хийлгэдэг болсонд тун баяртай байгаагаа илэрхийлж байв. С.Ундрахболд “Манай үйлдвэр үйл ажиллагаагаа явуулаад найман жил болж байна. Өнгөрсөн жилээс хүү минь бидэнд захиалга өгдөг болсон. Эхнэр бид хоёр зөвхөн захиалсан бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэдэг. Бусад ажилд нь оролцдоггүй юм. Залуу хүн бие дааж дорвитой юм хийж үзэг гэж боддог. Үндсэндээ миний хүү бидэнд ажил олгож, дэм болж байна. Анх “ааваа би нэрийн брэндтэй болохоор төлөвлөж байна” гэхийг нь сонсоод чадах эсэхэд нь эргэлзэж л байсан. Гэтэл бодсоноос ч илүү үр дүнтэй ажиллаж байгааг нь хараад баярладаг” гэж хүүгээрээ бахархан өгүүллээ. Тэдний арьсан урлалын үйлдвэр 10 гаруй хүнийг ажлын байраар хангаж, нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлдөг хариуцлагатай компани юм. Мөн тэд ихэнхдээ захиалгын дагуу бүтээгдэхүүн гаргадаг аж. Тодруулбал, хамтарч ажилладаг “Тод гэрэл жидай” компани нь мөнгөө урьдчилж төлөөд, захиалгаа өгөх системээр үйл ажиллагаа явуулдаг байна. Ингэснээр төлөвлөгөөний дагуу ажиллах боломжтой бөгөөд бүтээгдэхүүний илүүдэл гарах, хэрэглэгч хайх зэрэг хүндрэл үүсдэггүй байна. Тиймээс “Aмка” брэнд ч тус арга барилаар ажиллаж, захиалгын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэхдээ Монголын нөхцөлд зөвхөн энэ аргаар борлуулалт хийх боломжгүйг онцоллоо. Монгол арьсаар дэлхийд таашаагдсан эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилготой тус брэнд одоогоор үйлдвэртээ болон “Улаанбаатар галлериа”-д бүтээгдэхүүнээ борлуулдаг бөгөөд Ard.mn онлайн шопоор дамжуулан хэрэглэгчдэд хүрдэг байна. Мөн өөрсдийн цахим хуудсыг хөгжүүлж, хүмүүст танигдаж буй бөгөөд энэ нь бүтээгдэхүүний захиалга авах, борлуулах нэг чухал суваг гэнэ.

Японд 500 мянган төгрөгөөр худалдаалдаг цүнх Монголд хоёр дахин хямд зарагддаг

Hushtug брэндийн цүнх гурван удаагийн хяналт шалгалтыг давж байж зах зээлд гардаг байна. Японы зах зээлд чанараараа танигдах зорилготой брэнд учир эдэлгээ удаантай, бат бөх бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь тэдний эрхэм зорилго. Үнийн хувьд, нэг цүнхийг дунджаар 500 мянган төгрөгөөр борлуулдаг байна. Харин тус үйлдвэрийн дотоодын хэрэглэгчдэд зориулан урлаж буй “Aмка” брэндийн цүнх үүнээс хоёр дахин хямд үнээр зарагддаг. Чанарын хувьд Япон улс руу гаргадаг цүнхнээс ялгарах зүйлгүй төдийгүй загвараа дотоодын хэрэглэгчдийн онцлогт нийцүүлэн урладаг байна. У.Амарбат “Манай үйлдвэрийн ажилчид чадварлаг, туршлагатай. Үйл ажиллагаа нь жигдэрсэн учир хамтарч ажиллахад таатай байдаг. Мөн аав, ээж хоёр маань хариуцаж ажилладаг болохоор надад бүтээгдэхүүнээ чанарын шаардлага хангаагүй гарах вий гэх айдас байдаггүй юм. Тэд цүнхээ үйлдвэрлэхдээ ширхэг утсанд хүртэл анхаарч, нарийн хийцтэй урладаг. “Aмка” брэндийн бүтээгдэхүүн Hushtug-ын цүнхтэй ижил чанартай гардаг нь манай бас нэг онцлог. Харин загварын хувьд дотоодын хэрэглэгчдэд тохируулан бага зэрэг өөрчилж урладаг юм. Тухайлбал, монголчууд хаяг, лого бүхий чамин хийцтэй бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой. Харин япон хүмүүс ямар нэг гоёл чимэггүй энгийн загвар их захиалдаг. Мөн Хятад, АНУ-д бүтээгдэхүүнээ гаргахдаа ч хэрэглэгчдийн судалгаа их хийдэг. Улс, үндэстэн бүхний онцлогт тохирох зүйл хийж байж л хүмүүст хүрнэ. Тиймээс зах зээлээ мэдэрч, загвараа гаргахыг хичээдэг. Гэхдээ үнийн хувьд манай бүтээгдэхүүн хоёр дахин бага байдаг. Үүнд тээвэрлэлт мэдээж нөлөөтэй. Гэхдээ Hushtug-ын цүнхний зөвхөн борлуулалт дээр зургаан хүн ажилладаг болохоор ажилчдаа цалинжуулахаас эхлээд өртөг ихтэй. Харин би бүтээгдэхүүн борлуулах, хөгжүүлэх, орлого зарлагаа тооцох зэрэг ажлыг өөрөө л хийдэг. Ингэснээр багагүй мөнгө хэмнэдэг юм. Сургуулиа төгсөөд удаагүй, хуримтлуулсан мөнгө багатай бизнес эхлүүлнэ гэдэг амаргүй юм билээ. Мөн би энэ тал дээр ямар ч мэдлэггүй, номын дуу сонсоогүй хүн. Гэхдээ болохгүйгээс болгох хүртэл нь л зүтгэж байна. Бизнес эрхлэгчдийн сургалтад сууж, аль болох өөрийгөө цэнэглэхийг хичээдэг. Хажуугаар нь мэргэжлийн ажлаа хийдэг юм. Мастертаа ч сурдаг. Хоёр жилийн дараа АНУ руу докторт сурахаар төлөвлөж байна. Харин энэ хугацаанд брэндээ хөгжүүлж, намайг эзгүйд ч тогтмол үйл ажиллагаа явуулдаг болгох хүсэлтэй ажилладаг. Өөрөөр хэлбэл, намайг сурч байхад дансанд минь мөнгө орж байх хэмжээнд хүргэх мөрөөдөлтэй” гэлээ.

Амка брэнд бүтээгдэхүүнээ Монгол арьсаар хийдэг

Арьсаар бүтээгдэхүүн урлахад хамгийн чухал зүйл бол түүхий эд байдаг. Тус үйлдвэр түүхий эдээ дотоодоосоо хангадаг байна. Учир нь Монгол арьс бат бөх, чанар сайтай, эдэлгээ удаан зэрэг олон давуу талтай. Мөн тэд дотоодын үйлдвэрээ дэмжиж хамтарч ажиллахыг хүсдэг гэнэ. Гэхдээ бүсний арал, цүнхний цахилгаан зэрэг туслах бүтээгдэхүүн хийдэг үйлдвэр ховор учир тэдгээрийг дотоодоос хангах боломжгүй байдаг аж. Энэ талаар “Бид бүтээгдэхүүнээ “Мон ирээдүй” үйлдвэрийн боловсруулсан арьсаар хийдэг. Хятадын арьсаар хийж болох ч нимгэлгээ авахдаа муу, бат бөх биш зэрэг цөөнгүй сул талтай юм билээ. Гэхдээ монгол малын арьс бэлчээрлэлтээс шалтгаалсан шарх, өвчлөлөөс үүссэн сорви ихтэй байдаг. Энэ нь бүтээгдэхүүн гаргахад бага зэрэг хүндрэл учруулдаг юм. Бидний хамтарч ажилладаг “Мон-Ирээдүй” компани арьсаа өндөр түвшинд боловсруулдаг. БНХАУ, Итали, Турк, Япон, БНСУ зэрэг орнуудад боловсруулсан арьсаа гаргадаг юм билээ. Мөн Michael Kors, ZARA зэрэг дэлхийн алдартай брэндүүд тэдний арьсаар цүнх хийдэг. Түүнийгээ Монголд оруулж ирээд шаггүй үнэтэй зардаг шүү дээ. Манай үйлдвэр маш сайн боловсруулсан түүхий эд хэрэглэдэг учир бүтээгдэхүүнээ нүүр бардам худалдаалдаг” гэлээ. Тус брэндийн хамгийн гол давуу тал нь Японы зах зээлд хөлөө олсон брэндтэй эн зэрэгцэж, туршлага судалж, бүтээгдэхүүнээ гаргаж байгаа явдал юм. Түүнчлэн арьсан эдлэлийн дотоодын үйлдвэрүүдтэй харьцуулахад үнэ ч хямд байлаа. Тухайлбал, Монголд нэг бүс дунджаар 50-60 орчим мянгаар борлуулдаг бол энд 20-30 мянган төгрөг. Харин цүнх 200-300 мянган төгрөгөөр худалаалж байв. Мөн загвар давтахгүйг хичээж, чанарыг эрхэмлэдэг нь тэдний онцлог. Үүнээс гадна, бүтээгдэхүүндээ нэг жилийн баталгаа өгдөг бөгөөд энэ хугацаанд гарсан эвдрэл, гэмтлийг үнэ төлбөргүй засаж өгдөг нь хэрэглэгчдийн таашаалд хэдийн нийцжээ.

САНАЛ БОЛГОХ