2554

Далайн боомтоор нүүрсээ экспортлох боломж бүрдсэн ч бэлтгэл хангалтгүй байна

ЗГМ: Сэдэв


  • Ерөнхийлөгчийн Японд нүүрс нийлүүлэх тохиролцоог биелүүлэх боломж ойрын жилүүдэд бүрдэхгүй нь ээ
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК, ОХУ-ын “Фэско” групптэй хамтран нүүрсний терминал байгуулахаар ажиллаж буй нь уул уурхайн бүтээгдэхүүнээ далайгаар тээвэрлэж, гуравдагч оронд хүргэх бүрэн боломж бүрдсний илэрхийлэл юм
  • Төмөр замын транзит тээвэр, далайн боомт ашиглах эрх олж авсан ч дотоодын хүчин зүйлс далай ашиглах боломжоос хойш чангааж байна
  • Түүхий эд экспортлох ганц гарцтай байх нь ямар эрсдэлтэйг цар тахалтай холбогдуулан хилийн боомтуудаа хаасан энэ өдрүүдэд хангалттай мэдэрлээ. Тиймээс уул уурхайн бүтээг­дэхүүнээ далайн тээврээр гуравдагч оронд хүргэх асуудал чухалд тооцогдож байна

Монголчууд бидэнд их далайг ашиглах, тээвэр хийх нь алсын мөрөөдөл мэт санагдавч тийм боломж бүрэн бий. Бидний хүрэх зорилт бол уул уурхайн бүтээгдэхүүнийг далайгаар тээвэрлэж, гуравдагч оронд хүргэх явдал. Цаашилбал хөдөө аж ахуйн түүхий эдийг ч олон улсад нийлүүлэх гарц юм. Түүхий эдээ экспортлох ганц гарцтай байх нь ямар эрсдэлтэйг цар тахлын улмаас хилийн боомтуудаа хаасан энэ өдрүүдэд хангалттай мэдэрч байна. Манай эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэдэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гарцууд хаагдахаар далайн тээврээр гуравдагч оронд хүргэх асуудал яах аргагүй хөндөгдөж байна. Монгол Улсын төрийн далбааг 389 хөлөг онгоц ашиглаж байгааг харгалзан НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас манай улсыг далайн гүрэн мөн гэдгийг баталгаажуулж, далайд тээвэр хийдэг бүх орон хүлээн зөвшөөрсөн. Энэ бол холын далай бидэнд ойртсоны том нотолгоо. 2016 онд Олон улсын далайн байгууллагаас (ОУДБ) Монгол Улсын Далайн захиргаанд аудитын шалгалт хийж, үндэсний хууль тогтоомждоо олон улсын гэрээ, конвенцын заавал мөрдөх хэм хэмжээг тусгах зөвлөмж өгсөн юм. Үүний дагуу 2018 онд Засгийн газраас ерөнхий төлөвлөгөө боловсруулан далай ашиглахтай холбогдсон 29 гэрээ, конвенцод нэгдээд буй. Мөн УИХ-аар Далай ашиглах хуулийн шинэчилсэн найруулгыг батлахад бэлэн болжээ. Тус хууль хэрэгжсэнээр хөрш орнуудтай хийсэн дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрүүд ч амилах учиртай. Монгол Улсыг далайн гүрэн гэдгийг хүлээн зөвшөөрснөөр эргийн боомт ашиглах боломжууд ч нээгдсэн. 2017 онд Монгол-ОХУ-ын Засгийн газар хооронд төмөр замаар дамжин өнгөрөх тээврийн тарифын хэлэлцээрийг үзэглэж, 2018 онд баталгаажуулсан. 2014 онд өмнөд хөрштэй хэлэлцээр хийж тус улсын хилээр нэвтрүүлж буй уул уурхайн бүтэгдэхүүний дөрөвний нэгийг Хятадын төмөр замаар дамжуулан өөр оронд экспортлох зөвшөөрөл авсан. Мөн ОХУ-ын болон БНХАУ-ын далайн боомтуудыг ашиглах боломжийг нээгээд буй юм. Манайхаас илүү хөгжилтэй эх газрын Азербайжан, Казахстан зэрэг улс далайн боомт ашиглах бидний боломжид “атаархаж” байгааг энд дурдууштай. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Х.Баттулга Владивостокт Дорнын эдийн засгийн V чуулганд оролцохдоо Японы Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзаж, Тавантолгойн нүүрсийг Японд нийлүүлэх тохироонд хүрсэн. Үүний дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК, ОХУ- ын “Фэско” групптэй хамтран нүүрсний терминал байгуулахаар төлөвлөсөн нь уул уурхайн бүтээгдэхүүнээ далайгаар тээвэрлэж, гуравдагч оронд хүргэх бүрэн боломж бүрдсний илэрхийлэл юм.  Холын далай ойрын зорилтыг маань биелүүлэх ийм сайхан боломж бүрдсэн энэ үед “тултал” ашиглах нь зөв зам мөр гэдэг нь ч тодорхой. Гэвч манай улс хөлөг онгоцонд далбаагаа ашиглуулахаас өөрөөр далайг ашиглаж чадалгүй өдийг хүрлээ. Үүний гол буруутан нь монголчууд бид өөрсдөө юм. Далайн боомт ашиглахын тулд тэнд хүрэх дэд бүтэц, түүхий эдийн хангалтыг бүрдүүлэх ёстой. Харин энэ чухал ажил манай улсад салан задгай байна. Өөрөөр хэлбэл, манай дотоод хүчин зүйлсээс шалтгаалсан доголдол далай ашиглах боломжийг маань хойш татаж буй юм. Далайн тээвэрт угаасан болон коксжуулсан нүүрсийг тээвэрлэх журамтайгаас гадна тээвэрлэлтийн зардал өндөр гардгаас түүхий нүүрс үнэ хүрэхгүй. Мөн боомтод овоолго үүсгэх зорилгоор их хэмжээний нүүрс угаах шаардлага ч бий. Тиймээс манай улс нүүрс угаах, коксжуулах үйлдвэрийн хүчин чадлаа нэмэхгүйгээр далайн тээврээс ашиг олох боломжгүй. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын 72 хувийг нүүрсний экспорт эзэлж буй энэ үед нүүрс угаах үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэхгүй байгаа нь далайн тээвэр хийх боломжийг шууд хумьж байна. Улсын хэмжээнд нүүрс угаах 14 үйлдвэр барьснаас хэдхэн үйлдвэр л угаасан нүүрс экспортолж буй нь туйлын чамлалттай бөгөөд харамсалтай. Тухайлбал, Тавантолгойн нүүрсийг угаах зорилгоор байгуулсан Шивээговийн нүүрс угаах үйлдвэр жилд 1.5 сая тонн, БНХАУ-ын Fu Sheng Import & Export компанитай хамтарсан үйлдвэр жилд 500 мянган тонн нүүрс угаажээ. Мөн 15 сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай “Энержи ресурс” ХХК-ийн үйлдвэр өнгөрсөн онд 4.5 сая тонн орчим, Нарийнсухайтад олборлолт хийж буй “Саусгоби Сэндс” ХХК дөрвөн сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс 800 мянган тонныг л гаргажээ. Тавантолгойг түшиглэсэн үйлдвэрүүд шинэ төмөр зам ашиглан далайн эрэгт хүрэх боломжийг эрэлхийлж байгаа бол Нарийн сухайтын бүлэг ордыг ашиглагч компаниуд нүүрс угаах үйлдвэрээ барьсан ч төмөр замгүйгээс энэ боломжоос хасагдаж байна. Тэгэхээр эхний ээлжинд төмөр замын транзит тээвэр ашиглан далайн боомтод нүүрсээ хүргэх боломж Тавантолгойг тойрсон хэдэн компани, Шивээговийн нүүрс угаах үйлдвэрт л олдож байгаа юм. Ерөнхийлөгч худалдан авагчийг “бэлтгэж”, Засгийн газрын түвшинд төмөр замын транзит тээврийн эрх олж, далайн боомт ашиг лах зөвшөөрөл авсан ч нүүрс угаах үйлдвэрүүдийн хүчин чадал бага, дэд бүтцийн бүтээн байгуулалт дутуугаас далай ашиглах боломж хойшилсоор байна.

САНАЛ БОЛГОХ