Саарал жагсаалт дахь Монгол Улсад хөрөнгө оруулахаас татгалзсаар байна

ЗГМ: Сэдэв
  • Дөрөвхөн зөвлөмжийг хангачихвал Саарал жагсаалтаас гарах боломжтой юмсан
  • Энэтхэг Монголын бизнесийн зөвлөл хамтын ажиллагаагаа эхлүүлж, тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Уул, уурхай, IT, боловсрол болон хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх дөрвөн төсөл шалгаруулж, хөрөнгө оруулахдаа тулаад гацсан байдалтай гурван сарыг элээв

Өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улс Зимбабве, Исландын хамт саарал жагсаалтад орж, харин мөнгө угаахтай тэмцэх дэглэмээ сайжруулсан Этиоп, Шри-Ланк, Тунис улс хасагдсан юм. Тэд FATF-ийн өгсөн зөвлөмжийн дагуу эрх зүйн орчноо сайжруулж, эдийн засгийн гэмт хэргийн илрүүлэлт, төсвийн бүрдүүлэлт, ил тод байдалдаа анхаарснаар олон улсын хараа хяналтаас “мултарч” чадсан. Тэгвэл саарал шугамын цаана “хоригдогсод” ямар өөрчлөлт хэрэгжүүлж байгааг сонирхлоо. Исландын парламент нийтийн ашиг сонирхлын дагуу хөрөнгө хуваарилах зорилгоор байгуулагдсан, хил дамнасан үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудыг татварын албанд бүртгүүлэх ёстой гэсэн хууль гаргажээ. Ингэснээр манай ТББ-уудтай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүд татвар төлдөг болов. Мөн тэд хилийн чанадаас, олон улсын байгууллагаас авдаг санхүүжилтээ ил тод мэдээлж, татварынхан тайланг хувийн хэвшилтэй ижил хугацаанд гаргадаг болжээ. Түүнчлэн эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын явцад хураагдсан эсвэл царцаасан эд хөрөнгийг зарах эрх мэдлийг парламентад олгодог болов. Тодорхой нөхцөлд үүнийг шүүхийн шийдвэр гаргахаас өмнө хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэ мэтчилэн FAFT-ийн 40 зүйл шаардлагад хангалттай үнэлгээ авахын төлөө хууль тогтоох байгууллагаас эхлээд идэвхтэй ажиллаж байгаа аж. Харин Зимбабве манайхтай нэлээн төстэй. Улс төрийн эрх мэдэлтнүүдийн хүрээнд авлигын үйлдэл “сүлжилдсэн” орон. ОУВС-гийн хяналтын баг тус улсад ажиллаж, саарал бүсэд шилжих эрсдэлтэйг анхааруулж байв. Хэрэв тус улсыг саарал жагсаалтад оруулбал түүнээс гарахын тулд дор хаяж гурван жил шаардлагатайг ч сануулж байв. Гэвч 2019 оны аравдугаар сарын 18-нд Зимбабве улсын мөнгө угаахтай тэмцэх ажиллагаа хангалтгүйд тооцогдон саарал жагсаалтад орсон юм. Олон улсын байгууллагууд тус улсад нягт ажиллаж байгаа бөгөөд, техникийн үнэлгээний тайланг боловсруулжээ. Эрүүгийн гэмт хэрэг болон иргэний хэргийг шийдвэрлэх хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулж, прокурорын эрх мэдлийг нэмэгдүүлсэн байна. Хамаарал бүхий этгээдийн эд хөрөнгө, үнэт зүйлийг бүртгэж, гэмт хэргийн улмаас олж авсан хууль бус мөнгийг илрүүлэх чиглэлд ахиц дэвшил гаргажээ. Мөн “буруу гар”-аар мөнгө олсон нь нотлогдвол тэнсэн харгалзах, дүйцүүлэн төлбөр төлөх ялыг хасаж, эд хөрөнгийг хурааж, заавал биеэр ял эдлүүлэхээр өөрчилсөн байна. Прокурорын байгууллагад хууль бусаар олж авсан өмчийг хурааж, хадгалах, засварлах, зарцуулах ажлыг зохион байгуулах эрх олгожээ. Энэ мэтчилэн зимбабвечуудын зүтгэлийг FATF-ийн үнэлгээний тайланд 11 үзүүлэлтийг ахиулсан дүн тавьсан байна. Харин Монгол Улс саарал жагсаалтад орсноос хойш дөрвөн сарын хугацаанд юу амжуулав. Өнгөрсөн нэгдүгээр сард урьдчилсан тайлангаа гаргаж өгөх ёстой байсан ч энэ талаар мэдээлэл гарсангүй. Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны цахим хуудсанд өнгөрсөн аравдугаар сарын 28-нд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөө “зоосон”, тэр чигтээ. Учир нь хууль тогтоох дээд байгууллага эрх зүйн орчныг бүрэн бүрдүүлэхээс нааш биелэх боломжгүй тул мэдээлэх зүйл ч олдохгүй байна. Санхүүгийн зохицуулах хороо ч мөнгө угаахын эсрэг хэрхэн хяналт тавих тухай сургалт холбогдох байгууллагуудад зохион байгуулахаас хэтрэхгүй. Хамгийн гол нь FATF-ийн зөвлөмжийг хангахын тулд хууль эрх зүйн орчноо бүрэн бүрдүүлж өгөх шаардлагатай. УИХ-аар Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуультай уялдан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай өөрчлөлтийг батлах ёстой байв. Гэвч гишүүдийн олонх дэмжээгүй тул унасан. Эрүүгийн хуулийн 18.3 дахь хэсэгт, 300 мянган нэгж хүртэлх татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн бол хүндрүүлсэн нөхцөлтэйгээр эрүүгийн хариуцлага тооцохоор зохицуулсан байв. “Татварын дансаа нууж, гурван тэрбум төгрөгийн орлого олоод улсад татвар төлөхгүй байхыг хууль ёсны үйлдэл гэж үздэг төрийн түшээд байна” гэж Х.Нямбаатар гишүүн тухайн үед шүүмжилж, саарал жагсаалтаас гарах боломжоос нэг алхам ухарч байна гэдгийг сануулж байв. Харин гадаад ертөнцөд манай улсыг Саарал жагсаалтад орсон тул хөрөнгө оруулахаас татгалзсаар ирлээ. Тухайлбал, Энэтхэг Монголын бизнесийн зөвлөл хамтын ажиллагаагаа эхлүүлж, тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Уул, уурхай, IT, боловсрол болон хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх дөрвөн төсөл шалгаруулж, хөрөнгө оруулахдаа тулаад гацсан байдалтай гурван сарыг элээв. Энэтхэгийн хөрөнгө оруулагчид саарал жагсаалтад орсон улстай хамтран ажиллахдаа болгоомжтой байхыг илүүд үзсэн аж. Харин манай бизнесийнхэн хууль эрх зүйн орчноо сайжруулахыг хүлээж, ирэх дөрөвдүгээр сар хүртэл гэрээгээ цуцлахгүй харзнахыг хүсэв. Энэ мэтчилэн хувийн хэвшлийнхэн улсаа сааралтуулсан гол буруутан төрийн эрх баригчдын эс үйлдэхүйгээс шалтгаалан өсөж дэвжих үүдээ бул чулуугаар даруулсаар байна.

САНАЛ БОЛГОХ