Ганцаардал гэж юу вэ?

UB Info

40 секунд тутамд нэг хүн амиа хорлодог гэсэн ДЭМБ-ын тоон баримт байдаг. 2016 оны тооцооллоор манай улсад 100 мянга хүн тутамд ногдох амиа хорлолтын тоо 13.3 (дэлхийд 40-д эрэмбэлэгдэнэ), эрэгтэйчүүдийн хувьд 23.3 (дэлхийд 22-т эрэмбэлэгдэнэ), эмэгтэйчүүдийн хувьд 3.8 (дэлхийд 99-д эрэмбэлэгдэнэ) байна. Энэ асуудалтай холбоотой нэгэн сэдвийг хөндөхөөр шийдлээ.

Ганцаардал. 1-р хэсэг

Хүн бүр л хааяа ганцаарддаг. Үдийн цайгаар хамт зооглох хүн байхгүй үед ч, шинэ газарт нүүн суурьшихад ч, амралтын өдрүүдээр хүмүүс танд зав цаг гаргах боломжгүй үед ч тэр. Харин сүүлийн хэдэн арван жилд хааяа л мэдрэгддэг байсан энэ мэдрэмж нь олон сая хүний хувьд архаг өвчний түвшинд хүрчээ. Их Британид 18-34 насны хүмүүсийн 60% нь ганцаардах хандлагатай байдаг гэсэн аж. Харин АНУ-д нийт хүн амын 46% нь юм гэнэ. Бид хүмүүний түүхэнд анх удаа нэгэнтэйгээ маш хялбар аргаар, цаг алдалгүй холбогдож чаддаг боллоо. Гэтэл бид урьд нь дурдагдаж байгаагүй их хэмжээгээр алслагдсан мэт байдалд орсон байна. Ганцаардах, ганцаараа байх хоёр нь ижил зүйл биш билээ. Хүн ганцаараа байхдаа тун их аз жаргалыг мэдэрч болно, мөн олон түмний дунд байгаа ч ганцаардлыг ч мэдэрч болно. Тус ойлголтын тухай нэгэн буруу үзэл нь хүнтэй ярьж чаддаггүй, өөрийгөө илэрхийлэхдээ муу хүмүүс л ганцаарддаг гэх үзэл юм. Харин үүний тухай хүн амын судалгаанаас харахад тухайн хүн олон нийтэд хэр сайн дасан зохицох, өөрийгөө хэр сайн илэрхийлэх нь ганцаардах байдалтай шууд холбогддоггүй юм гэнэ. Танд хэр их мөнгө байна, хэр үзэсгэлэнт хүн байна, хэр алдартай хүн байна... энэ бүгд таныг ганцаардлаас хамгаалах чадваргүй юм. Учир нь ганцаардах мэдрэмж нь таны биологийн нэгэн хэсэг билээ.

1. Ганцаардал гэж юу вэ?

Ганцаардал нь өлсөхтэй төстэй юм. Аливаа хүн өлсөх тохиолдолд өөрийн бие махбодын хэрэгцээгээ бодож түүндээ санаа тавьдаг. Ганцаардал нь тухайн хүний нийгмийн хэрэгцээнд санаа тавих сэдлийг төрүүлдэг. Таны нийгмийн хэрэгцээний тухай бодох болсон шалтгаан нь хэдэн сая жилийн өмнө таны нийгмийн хэрэгцээнээс хамааран та хэр удаан амьд үлдэж, тэсэх вэ гэдгийг тодорхойлдог байсан аж. Байгалийн шалгаруулалт биднийг хамтран ажиллах тохиолдолд шагнал өгч, ганцаараа байх тохиолдолд хусаад орхидог рефлексийг үлдээсэн билээ. Бусадтай хамтарч, нийгэмших нь бидний биологийн бүтцийн нэг хэсэг болсон юм. Хэрэв та хэдэн мянган жилийн өмнө төрсөн бол 50-150 орчим хүний бүрэлдэхүүнтэй бүлэгт төрөх байж. Тэгээд эдгээр хүмүүстэйгээ үхэн үхтлээ амьдрах юм. Тэр үед биедээ хангалттай их калор авах, дулаан, аюулгүй орчинд байх, үр хүүхдээ тэжээх явдлууд нь ганцаараа амжуулахад бараг л боломгүй зүйлүүд байсан аж. Хамтарч ажиллаж, амьдрах нь оршин тогтнохтой, харин ганцаараа байх нь үхэлтэй тэнцдэг байсан байна. Тиймээс бусадтай санал нийлж, зөвшилцөх нь нэн чухал байсан аж. Мөн таныг сүргээсээ холдож, ганцаараа хэт удаан байх, бусадтайгаа үл ойлголцолд хүрэх тохиолдлоос сэргийлэх зорилгоор таны тархи нэг төрлийн өвчин, өвдөлтийг бий болгожээ. Энэ өвчин, өвдөлтийг байхгүй болгохын тулд эрт дээр үед аливаа сүргийн гишүүд өөрсдийгөө өөрчилж, сүргийн сайн сайхны төлөө тэмүүлдэгт хүргэсэн аж. Хэрэв сөрсөн гишүүн өөрийгөө өөрчлөхгүй бол тухайн гишүүн сүргээс хөөгдөж, улмаар ганцаараа үлдэж... үхэхэд хүрдэг байсан юм гэнэ. Тиймээс ч өнөөдөр бид хэн нэгэнд гологдоход тэгж их өвддөг аж. Ганцаардах ч мөн тэр. Биднийг хамт байлгадаг байсан энэхүү энгийн механизм нэг хэсэгтээ тун дажгүй ажиллаж байжээ. Гэтэл хүмүүн бид өөрсдөдөө технологийн дэвшилтэт шинэ ертөнцийг бий болгосны улмаас нөгөө механизм нь тийм ч сайн ажиллахаа больжээ.

Дараагийн хэсэг болох 'Орчин үеийн амьдралын сөрөг тал' маргааш, нөгөөдрөөс орох байх. Тус бичвэр нь цуврал хэлбэрээр орох болно. Мөн бичих сэдэл нь Kurzgesagt-н Loneliness бичлэгээс гаралтай

Тус бичлэгийн аяыг сонсоорой

Зураг: Kurzgesagt сувгийн бүтээл

САНАЛ БОЛГОХ