“Эрдэнэс Тавантолгой” ногдол ашиг хуваарилна

ЗГМ: Сэдэв


  • 1072 хувьцаатай иргэн хувьцааны дансаа баталгаажуулж, банкин дахь өөрийн дансаа бүртгүүлснээр 96480 төгрөг авах боломжтой

"Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгох шийдвэр гаргалаа. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар мэдээлэл хийв. Д.Сумъяабазар энэ талаар “Компанийн тухай хууль, холбогдох журмын дагуу анх удаа ногдол ашиг хуваарилах шийдвэрийг тус компанийн ТУЗ гаргалаа. Энэ бол бэлэн мөнгө тараалт биш. 2018 онд нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар тооцоолж байсан ч Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон коксжих үйлдвэр, уурхайн бүтээн байгуулалтад зарцуулсан. Түүний үр дүнд тус компани өнгөрсөн жил нэг тэрбум гаруй ам.долларын борлуулалтын орлого оллоо. Ийн нэгж хувьцаанд 90 төгрөг, 1072 хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгохоор шийдвэрлэж байна. Уг шийдвэрийг энэ оны тавдугаар сарын 1-ний дотор хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн шийднэ” гэв. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “2016 онд компани маань маш их өртэй байсан. Түүнийг 2018 онд бүрэн дарж дуусгаад, 2019 онд ямар нэгэн өр төлбөргүй ажилласан. Тиймээс хувьцааны 85 хувийг эзэмшиж байгаа Засгийн газар, 14.5 хувийг эзэмшдэг 2.5 сая иргэн, 0.5 хувийг эзэмшигч ААН-үүдэд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ” хэмээсэн юм. Түүний тайлбарласнаар 1072 хувьцаатай 1.080 мянган иргэн тус бүр 96480 төгрөг, 750 хувьцаатай 667.8 мянган иргэн 67500 төгрөг гэх мэтээр өөрийн эзэмшиж буй хувьцаанд ногдох мөнгийг 2020 онд хүртэх аж. Мөн тэрбээр хувьцааны бүтгэлээ хийлгээгүй 580 мянган иргэнийг ирэх тавдугаар сарын 1 хүртэл бүртгэхээр болсныг мэдэгдлээ. Мэдээллийн дараа УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад тайлбар өгөв.

-Сонгуулийн өмнө ингэж мөнгө тараах нь улс төрийн зорилготой юм биш үү?

-Үүнд улстөржсөн байдлаар хандаж болохгүй. Энэ бол Компанийн тухай хуулийн дагуу хийж буй ажил. Засгийн газар хөрөнгө оруулалтын ажлыг үргэлжлүүлж байгаа. Засгийн газарт оногдох 85 хувийн ногдол ашгаар энэ ажлуудыг хийнэ. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Ханги чиглэлийн авто зам барих бэлтгэл ажлыг хийж байна. Засгийн газраас энэ компанийг өнгөрсөн жил ногдол ашиг хуваарилах хэмжээнд ажилласан гэж үзээд чиглэл өгсний дагуу иргэдэд хувьцааны ашгийг нь олгох гэж байгаа юм.

-Бэлэн мөнгө тараах хэлбэр биш гэж мэдээллээ. Энэ нь иргэдэд бэлэн мөнгө өгөхгүй гэсэн эргэлзээг үүсгэж байна. Үүнийг тодорхой тайлбарлаач?

-2016 онд Засгийн газраас “Сайн хувьцаа” гэж зүйл тараасан. “Сайн хувьцаа” бол Засгийн газар давуу эрхийнхээ дагуу иргэдэд байсан хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авсан. Мөн ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 1072 хувьцааг худалдаж авсан. Энэ бол бэлэн мөнгө тараасан заалтад хамаарна. Харин энэ удаа Компанийн тухай хуулийн холбогдох заалт, ногдол ашиг хуваарилах журмын дагуу өгч байгаа мөнгө. Тиймээс цэвэр компанийн үйл ажиллагаатай холбоотой ажил. Иргэд хувьцааны дансаа баталгаажуулж, банкин дахь өөрийн дансыг бүртгүүлснээр ногдол ашгийн мөнгөө авах боломжтой.

-Шинээр төрсөн хүүхдүүдэд хувьцаа эзэмшүүлэх боломж байгаа юу?

-2012 он дөрөвдүгээр сараас өмнө төрсөн хүүхдүүдээр тасалбар болгож хувьцаа олгосон. Түүнээс хойш төрсөн 600 мянга гаруй хүүхэд бий. Тэдэнд хувьцаа олгох бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Энэ асуудал Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүдэд танилцуулсны дараа тодорхой болно.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргах ажил ямар шатанд байгаа вэ. COVID-19 өвчнөөс үүдээд нүүрсний борлуулалт буурсан нь энэ ажилд нөлөөлөх үү?

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн Зүүн Цанхийн талбайд олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох буюу (IPO) гаргах ажил үргэлжилж байгаа. IPO гаргахтай холбоотойгоор миний ярьж болох болон болохгүй зүйлийг компанийн санхүүгийн зөвлөхүүд, хуулийн зөвлөхүүд тогтоочихсон нарийн дүрэм журамтай. Тиймээс үүнээс илүү мэдээлэх боломжгүй байна. Одоогоор бүх ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа. Нүүрсний борлуулалтад бид тооцоолол хийж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компани эрсдэлийн менежментээ боловсруулж байна. Коронавирус өвчин дэлгэрснээс шалтгаалан эрэл нийлүүлэлт гацсан болохоос дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ тогтвортой байна. Мөн олон улсын хэмжээнд өвчний хорио цээр тавигдахаар нүүрсний борлуулалт нэмэгдэхийг экспертүүд хэлж байгаа.
САНАЛ БОЛГОХ