Халдваргүйтгэл хийх нэрээр бусдыг залилжээ

ЗГМ: Сэдэв


  • ЗАА-ны мэдэгдэл, Монголын ариутгал халдваргүйтгэлийн холбооны тамга, үнэмлэхгүй газруудаар хийлгэж болохгүй
  • Хорио тогтоосон үед аж ахуйн нэгж, байгууллагууд 2-3 удаа халдваргүйтгэл хийх шаардлагатай байдаг

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас (ЗАА) худалдаа үйлчилгээ эрхэлдэг 11 мянга гаруй аж ахуйн нэгжид ариутгал, халдваргүйтгэлийг энэ сарын 8-ны өдрөөс хийж эхэлсэн. Ингэхдээ нэг ам метрийг 200 төгрөгөөр тооцон хийж байгаа аж. Гэтэл “Баатарван жаргалант” ХХК 800-1000 төгрөгөөр тооцож, халдваргүйжүүлэх нэрээр бусдыг залилсан хэргийг НМХГ шалгаж байгааг Монголын халдваргүйтгэл, ахуйн шавж, мэргэчтэй тэмцэх холбооны нарийн бичгийн дарга А.Баасанжав хэллээ. Мөн тэрбээр цаашид ийн залилах хандлагатай учир сэрэмжтэй байхыг анхааруулав. Халдваргүйтгэл, ариутгалыг ирэх сарын 31-нийг хүртэл ЗАА хийх аж. Ингэхдээ ариутгалыг үндсэн хоёр чиглэлээр хийх ба нэгдүгээрт, томоохон хүнсний зах, супермаркет, баар, ресторануудад тусгай зөвшөөрөл бүхий ариутгалын байгууллагууд нэг ам метрийг нь 200 төгрөгөөр тооцож, заавал ариутгал хийлгүүлэх аж. Мөн гэр хорооллын ус түгээх байр, хоёрдогч түүхий эд хүлээн авах цэг, орон сууцны дундах хогийн цэг, дугуй засвар, нийтийн тээвэр, автобусны буудал, ТҮЦ, тэдгээрийн дэргэд буй сандал, хогийн сав зэрэг нийтийн зориулалтын хэрэгцээнд байдаг эрсдэл бүхий объектуудад Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 108 сая төгрөгийг гаргаж, үнэ төлбөргүй ариутгал хийж буй аж. Одоогийн байдлаар 6500 орчим цэгт халдваргүйтгэл хийжээ. Монголын халдваргүйтгэл, ахуйн шавж, мэргэчтэй тэмцэх холбооны нарийн бичгийн дарга А.Баасанжав “Хөл хорио тогтоосон энэ үед 14 хоногт нэг удаа агаарын бүрэн халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ажиллаж байгаа. Хорио тогтоосон үед аж ахуйн нэгж, байгууллагууд 2-3 удаа халдваргүйтгэл хийх шаардлагатай байдаг. Халдваргүйтгэл хийдэг байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд 800 төгрөгөөр хийдэг тарифыг 200 төгрөг болгосон. НМХГ-аас халдваргүйтгэл хийлгээгүй газруудад торгууль ногдуулж, хийлгэнэ. Олон нийтийг хамарсан энэ ажлыг далимдуулж, бусдыг хууран мэхлэх тохиолдол гарч байна. Тиймээс Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн мэдэгдэлгүй, Монголын ариутгал халдваргүйтгэлийн холбооны тамга, түр үнэмлэхгүй газруудаар халдваргүйтгэл хийлгэж болохгүйг мэдэгдье.  Тиймээс аж ахуйн нэгжүүд бичиг баримтыг нь шалгаарай. Халдваргүйтгэл хийх тусгай зөвшөөрөлтэй 37 байгууллагын нийт 160 орчим хүн уртасгасан цагаар ажиллаж байна” хэмээлээ.

САНАЛ БОЛГОХ