Аялал жуулчлалын салбарт АХБ дахин гар сунгана

ЗГМ: Сэдэв
  • Төсвийн алдагдал буурч, ашигтай гарсан нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үр дүн гэв
  • Төслийн эхний шатны үр дүнд Хөвсгөл нуурыг хуванцар хаягдлаар бохирдож, бэлчээр нутаг талхлагдахаас сэргийлж чадсан явдал юм
  • Төсөв, мөнгөний бодлогод нааштай өөчлөлт гарсан. Гол нь эдгээр эерэг өөрчлөлтийг цаашид тогтвортой хадгалах нь чухал


Азийн хөгжлийн банк хагас жил тутам олон нийтэд хүртээл болгодог “Азийн хөгжлийн төлөв” тайлангаа ирэх дөрөвдүгээр сард танилцуулахаар товлож байна. Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгч, улс орнуудад тулгарч болзошгүй төсөв, мөнгөний бодлогын эрсдэл, ДНБ-ий өсөлтийн төлвийг үүгээр шинэчлэн зарладаг. Тус банк манай улсын энэ оны эдийн засгийн өсөлтийг хамгийн сүүлд буюу оны өмнө гаргасан ээлжит тайландаа 6.3 хувиар төсөөлж байв. Гэвч дэлхий нийтийг түгшээх болсон шинэ төрлийн вирусийн уршгаар дээрх таамаглалд тодорхой хэмжээний зайлшгүй өөрчлөлт орохоор байгааг Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь шинэ суурин төлөөлөгч өгүүлсэн юм. Тус банк эдийн засгийг төрөлжүүлэх бодлогоо үргэлжлүүлэх бөгөөд энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүч болон газар тариалан, хот байгуулалт, бүс нутгийн хөгжилд түлхүү анхаарна гэдгээ илэрхийллээ. Тухайлбал, нутгийн иргэдэд түшиглэн эко аялал жуулчлалыг үргэлжлүүлэн хөгжүүлэхээс гадна Төв, Сэлэнгэ болон баруун аймагт усалгаатай газар тариаланг дэмжиж ажиллахаар судалгаа, шинжилгээний ажлаа хэдийн эхлүүлсэн байна. Тэрчлэн хөдөөгийн эдийн засгийг хөгжүүлэхэд цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүний нэг нь нутгийн иргэдэд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл. Төслийн эхний шатны үр дүнд Хөвсгөл нуурыг хуванцар хаягдлаар бохирдож, бэлчээр нутаг талхлагдахаас сэргийлж чадсан явдал юм. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл үргэлжлэх бөгөөд Хэнтий аймагт мөн хэрэгжээд байна. Азийн хөгжлийн банкны судалгаагаар, 2017 онд аялал жуулчлалын салбар улсын төсөвт 1.2 тэрбум ам.долларын орлого оруулан, 120 гаруй мянган ажлын байрыг бий болгосон бол 2028 он гэхэд тус салбар улсын төсөвт 2.1 тэрбум ам.долларын орлого оруулан, 149 мянган ажлын байрыг бий болгох хүлээлттэй байгаа юм. ОУВС-тай Монголын Засгийн газар гурван жилийн өмнө байгуулсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” энэ оны тавдугаар сар дуусгавар болох юм. Уг хөтөлбөрийн үр дүнг Монгол Улсад суугаа Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран “Онцлох зүйл гэвэл төсвийн алдагдал буурч, төсөв ашигтай гарч эхэлсэн. Цаг тулсан өрийн эргэн төлөлтийг хийсэн. Төсөв, мөнгөний бодлогод нааштай өөрчлөлт гарсан. Гол нь эдгээр эерэг өөрчлөлтийг цаашид тогтвортой хадгалах нь чухал. Банкны активын чанарын үнэлгээнд эргэж харах зүйлүүд мөн бий. Төсвийн шинэчлэлээ зогсоолгүй үргэлжлүүлэх байх гэж харж байна” хэмээн тэмдэглэсэн юм.

САНАЛ БОЛГОХ