Covid-19-ийн халдвар Солонгосоос орж ирэх аюул нүүрлэлээ
- Тус улсад 47000 монгол ажиллаж амьдарч байна. Зөвхөн өнгөрсөн сард гэхэд БНСУ руу манайхаас 34000 хүн зорчжээ
- Тэнд амьдарч буй монголчууд харьцангуй оношилгоо, эмчилгээ сайтай газар байгаа нь олзуурхууштай
БНСУ-д COVID-19 халдварын тархалт огцом нэмэгдлээ. Хоёрдугаар сарын 19-ний өдрийн байдлаар БНСУ-д коронавирусийн халдварын тохиолдол нийт 82 болж, өчигдөр нэг хүн нас барлаа. Үүнээс сүүлийн 13 тохиолдол нь Умард Гёнсан мужийн Дэгү хотоос илэрсэн бөгөөд вирусийн халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй байгааг тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс анхааруулсаар байна. Халдварын тохиолдлууд БНСУ-ын Сөүл, Инчон, Гуанжу, Кён ги, Гуян, Пёнтек, Бүчон, Сувон, Гүри болон умард Чолла мужийн Гүгсан, өмнөд Чолла мужийн Нажү, умард Гёнсан мужийн Дэгү хот болон Инчон олон улсын нисэх буудлаас илэрчээ. Зөвхөн нэг өдрийн дотор гэхэд шинээр 31 тохиолдол бүртгэгдсэн байна. Шинээр халдвар авсан хүмүүсийн 30 нь Сөүл хотоос 300 км зайтай оршдог Дэгү хотын оршин суугчид бол 31 дэх тохиолдол нь Сөүлд бүртгэгдлээ. Шинэ тохиолдлын 23 хүн 31 дэх халдвар тээгчтэй нэг сүмд явдаг байж. Мөн хоёр хүн эмнэлэгт халдвар авсан бол үлдсэн тав нь ямар замаар халдварт өртсөн нь одоогоор тодорхойгүй байна. Халдвар тээгч 31 дэх тохиолдол нь 61 настай эмэгтэй бөгөөд гадаадад аялсан түүхгүй, вирусийн халдвар тээгчидтэй ойр байгаагүй гэж асуумжид хариулжээ. Уг эмэгтэй нийгмийн эрүүл мэндийн төвд үзлэгт хамрагдаж, коронавирусийн шинжилгээ өгсөн бөгөөд ямар замаар халдварласан нь тодорхойгүй байгаа юм. Халдвар тээгчийн очдог сүмийн пасторынх нь хэлснээр мөргөлийн үеэр 1000 орчим хүн цугларсан байжээ. Тиймээс цааш халдвар тараасан байх эрсдэлтэй тул Өмнөд Солонгосын эмнэлгийн байгууллагынхан мөшгиж, тандалт хийж байгаа аж. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, БНСУ-д коронавирусийн халдвар авсан 16 хүн эдгэрч, 66 хүн эмчилгээгээ үргэлжлүүлж байна. Мөн сэжигтэй 1633 тохиолдол бүртгэгдсэн ба өдөр бүр 800-1000 хүнд коронавирусийн шинжилгээ хийж байна гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Түүнчлэн нөхцөл байдал төвөгтэй болж байгаа учраас өдөрт 10000 хүнээс шинжилгээ авахаар шийдвэрлэж буй аж. Тус улсад 47000 монгол ажиллаж, амьдарч байна. Зөвхөн өнгөрсөн сард л гэхэд БНСУ руу манай 34000 хүн агаарын тээврээр зорчжээ. Түүнчлэн визийн хугацаа хэтрүүлж, хууль бусаар амьдарч буй хүмүүс ч цөөнгүй бий. Тэд эх орондоо вирус тээгээд ирэхийг ч үгүйсгэхгүй аюултай нөхцөл байдал үүслээ. Иймээс улсынхаа иргэдийн тандалтыг сайн хийж, мэдээллийг нягтлах, хил гаалийн хяналтаа улам сайжруулах шаардлага манай улсын өмнө тулгарлаа. Монголоос БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс иргэддээ хандаж анхааруулга гаргасан байна. Хэрэв өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 (24 цагаар ажиллана), Цагаачлалын албаны 1345 дугаарт залгаж болно. Энэ нь утас руу 09.00-22.00 цагийн хооронд залгасан тохиолдолд монгол хэлээр хариулт өгнө. Мөн ойролцоох эмнэлгийн байгууллагад хандаарай хэмээн зөвлөжээ. БНСУ дахь нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov. mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтой. Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаарын утас, www.mongolembassy.com цахим хуудас болон “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудаснаас мэдээлэлтэй тогтмол танилцаж болохыг зөвлөж байна. Тэнд амьдарч буй монголчууд харьцангуй оношилгоо, эмчилгээ сайтай газар байгаа нь олзуурхууштай. Тиймээс эх орон руугаа ирэх гэж яарахаас өмнө өөрийн биеийн байдлаа ажиглаж, ядаж халдварын нууц үеийн 21 хоногийг өнгөрөөх нь ах дүү нараа, элгэн саднаа бодсон хүн чанартай хэрэг болох буй за. Өндөр хөгжилтэй улс орнууд COVID-19 халдварын өмнө барьц алдаж, тэвдэж байхад Монгол руу өвчин чирээд ирвэл хэцүүхэн асуудал тулгарна гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ. Тиймээс ДЭМБ-ын зөвлөмжийг санаж, маскаа тогтмол зүүж, гараа сайн угааж, хувийн дэглэм сайн мөрдөх нь өөрийгөө болоод өрөөлийг халдварт өвчнөөс хамгаалахад тусална гэдгийг умартаж болохгүй.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй