Хөрөнгийн зах зээлд шинээр хөл тавьсан компаниуд ногдол ашиг илүү их тарааж байна

ЗГМ: Сэдэв


  • Компаниудын дийлэнх нь цэвэр ашгийнхаа 40 хүртэлх хувийг ногдол ашиг болгон тараах нь
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас 29 нь 2019 оны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах болсноо мэдэгдлээ. Мэдээллээ ирүүлсэн компани дотроос нэгж хувьцаанд хамгийн өндөр дүнтэй ногдол ашгийг “Гутал” компани хуваарилахаар байна. Тус компанийн нэг ширхэг хувьцаанд 1520 төгрөг оногдож байгаа юм. Ингэснээр “Гутал” компанийн хувьд нийт 2.4 тэрбум төгрөг ногдол ашигт зарцуулах нь. Тус компани өөрийн байраа түрээслүүлэх замаар орлогоо нэмэгдүүлсэн нь өндөр дүнтэй ногдол ашиг хуваарилах үндэс болжээ. Компанийн цэвэр ашиг 2.4 тэрбум төгрөг бөгөөд үүнийгээ 100 хувь ногдол ашиг болгож тараахаар Төлөөлөн удирдах зөвлөл нь шийдвэрлэжээ. Харин олгох ногдол ашгийн нийт дүнгээрээ АПУ тэргүүлсэн хэвээр бөгөөд 75.4 тэрбум төгрөг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хэлбэрээр тараахаа албан ёсоор зарласан. Тус компанийн нэгж хувьцаанд 71 төгрөг ногдож буй. 2018 онтой харьцуулахад АПУ компанийнногдол ашиг хоёр дахин нэмэгдсэн билээ. 2019 онд тус компани 74.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Биржид бүртгэлтэй 198 компаниас 129 нь одоогийн байдлаар жилийн эцсийн тайлангаа ирүүлжээ. Эдгээр компаниудаас 78 нь ашигтай ажилласан бол 48 нь алдагдал хүлээсэн байна. Харин долоон компани тайлант хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй аж. Хөрөнгийн зах зээлд хожуу хөл тавьсан “Мандал даатгал” компани өнгөрсөн онд 5.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд үүнийхээ 2.4 тэрбумыг ногдол ашиг болгон тараахаар байна. “Лэнд МН ББСБ” 4.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, үүнийхээ 1.2 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоо мэдэгдсэн. Хөрөнгийн зах зээлд шинэ тоглогч болох “Монос хүнс” компани 2019 оны нийт цэвэр ашгийнхаа 40 гаруй хувийг ногдол ашигт өгөхөөр байна. Компаниудын санхүүгийн мэдээллийг харвал, 2017 оноос хойш биржид бүртгэлтэй болсон компаниуд нийт цэвэр ашгийнхаа 20-40 хүртэлх хувийг ногдол ашигт зарцуулахаа мэдэгджээ. Олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж, улмаар өөрсдийн үйл ажиллагаагаа тэтгэсэн шинэ компаниуд ногдол ашиг олгож, хөрөнгийн зээлийн урьдын чиг хандлагыг өөрчилж байна. Ногдол ашиг тараах мэдээллийг нарийвчилж үзвэл, дийлэнх нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлд нэвтэрсэн компани байна. Тухайлбал, “Мандал даатгал”, “Ард Кредит”, “ЛэндМН”, “Түмэн шувуут”, “Ард даатгал”, “Монос хүнс”, “Ард сан хүүгийн нэгдэл”, “Монгол базальт” гээд 29 компанийн найм нь 2016 оноос хойш IPO гаргажээ.
САНАЛ БОЛГОХ